“Монос”-ын эмэнд хордсон хүүхдүүдэд элэгний С вирус илэрчээ
ДЭМБ-ААС ХАРИУ ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭВ
Нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй “Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд буруу тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. “Эмийн үйлдвэр” компанийн үйлдвэрээс “Монос” компани татаж зах зээлд гаргадаг байсан тус эмийг “Монос”-ын эмийн санч түгээхдээ илүү тунгаар худалдаалсан уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны сүүлчээр болж, эмийн санчдын нэгийнх нь ялыг хойшлуулж, нөгөөг нь тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогчдын ар гэрийнхэн эсэргүүцэж давж заалджээ. Учир нь эмэнд хордсон хүүхдүүд рахиттай болох, нүүрэнд нь тууралт гарах, хөлөрч, цочимтгой болох зэргээр эмгэгтэй болж эхэлжээ.
Бүр элэгний С вирус илэрсэн нярай байгаа аж. 16 нярай нь төрөөд дөрөв хоносноос гурван сартай нярай байсан юм. Тухайн үед эмийн нөлөөлөл хүүхдүүдийн амь насанд халгүй ч цаашид ямар эрсдэл гарахыг нэг мөр тогтоож чадахгүй гэдгийг манай эмнэлгийн салбарынхан мэдэгдэж байсан. Тиймээс цаашид байнгын хяналтад байлгах талаар салбарын яамны удирдлагуудын шийдвэр гарч байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд 16 нярайгаас тавыг нь ганц удаа хяналтад оруулснаас өөр ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг эцэг, эхчүүд хэлж байна. Тэдний ярьснаар хүүхдүүдэд гарч буй сөрөг өөрчлөлтүүд “Фенобарбитал” эмээс болсон эсэхийг манай улсад эцэслэн тогтоож чадахгүй байгаагаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандсан гэнэ. Хариу нь ирэх пүрэв гаригт ирэх учир найдлага тавьж байгаагаа хэлж байлаа. Мөн дотооддоо хүүхдүүдийг хяналтад оруулж өгөхийг хүсч Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаатай өчигдөр уулзахад нааштай хариу сонсчээ.
НЯРАЙГААС ГАДНА ГУРВАН ХҮҮХЭД ХОРДЖЭЭ
Эцэг, эхчүүд өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд буруу тунгаар эм худалдаалсан байгууллага болон эмнэлгийнхэн хүүхдүүдийг орхигдуулж зөвхөн шүүхийн шатанд анхаарал хандуулж ирлээ гэцгээж байв. Үйлдвэрлэсэн, зах зээлээс ашиг олсон байгууллагууд биш хоёр эмийн санч хариуцлага хүлээгээд өнгөрсөнд бухимдах нэгэн ч байлаа. 16 нярай хордох үед ЭХЭМҮТ-д дахин гурван нярай хордсон байсныг тэд олж мэджээ. Тэдгээрт эмийн санч биш эмч нар нь “Фенобарбитал” эмийг уулгасан гэнэ. Бүртгэлгүй эмийг зах зээлд нийлүүлж, эмч эмнэлгийн байгууллага нь авч хэрэглэхийг зөвлөсөн үйлдэл нь эх, хүүхдийн эрүүл мэндэд одоо ч эрсдэл учруулж байгааг тэд сануулж байв.
Ч.Эрдэнэбат:
БҮРТГЭЛГҮЙ ЭМИЙГ ХУДАЛДААЛЖ БАЙСАН БАЙГУУЛЛАГУУД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
“Фенобарбитал” эмийг буруу тунгаар олгосон эмийн санчдад холбогдох шүүх хуралд эцэг, эхчүүдийг төлөөлөн оролцсон өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Хүүхдүүд янз бүрийн эмгэгтэй болж эхэлсэн тухай эцэг, эхчүүд хэлж байна. Хүүхдүүдийг өнгөрсөн хугацаанд дахин үзлэг шинжилгээнд хамруулсан уу. Эм худалдаалсан байгууллага эцэг, эхчүүдтэй уулзаж байна уу?
-Хэрэг явдлаас хойш хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмч үзнэ гэсэн ч өнгөрсөн аравдугаар сард таван хүүхдийг үзсэнээс хойш таг болсон. “Монос” бол одоо бид хариуцлага хүлээхгүй л гэсэн байр суурьтай байгаа.
-Эрүүл мэндийн дэд сайдтай уулзсан гэсэн. Та бүхэн ямар шаардлага тавьсан юм бэ?
-“Фенобарбитал” эмнээс хордсон тохиолдол олон улсад ховор юм байна. Ялангуяа, нярай хүүхдэд. Том хүнд бол бүртгэгдэж байсан. Элэг, зүрх, уушги, тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг юм байна. Энэ эм нь хүүхдийн жингээс хамаараад эрсдэл үүсгэдэг гэдгийг зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь цаашид ямар хор, хохирол учирч болох вэ гэдгийг манайхан хэлж чадахгүй байгаа. Хордсон хүүхдийн асуудал наймдугаар сараас хойш орхигдсон. Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал сайнгүй, сөрөг нөлөө өгөөд эхэлж байна. Тийм болохоор хордлогын чиглэлэээр мэргэшсэн аль нэг улсын лабораторид шинжлүүлье, үүнд Эрүүл мэндийн яам анхаараач гэдэг үүднээс дэд сайдтай уулзлаа. Ажлын 10 хоногт багтааж хүүхдүүдийг үзүүлье гэсэн.
-Оны өмнө анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрт ямар суурьтай байна вэ?
-Зөвхөн хоёр ажилтан эрүүгийн хариуцлага хүлээснээр асуудал анхан шатнаар шийдэгдэж байна. Бид давж заалдсан. Хамгийн гол нь “Фенобарбитал” эмийн 2014 оны наймдугаар сарын 8-нд худалдаж авахад улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Бүртгүүлээгүй эмийг үйлдвэрлээд, худалдаж зараад ашиг олоод байгаа байгууллагууд хариуцлага хүлээх ёстой. Энэ талаар бид яамны мэргэжилтнүүдтэй уулзлаа. Хүлээж авахгүй байна. Өөрөөр хэлбэл, яам өөрөө бүртгэнэ гээд журам гаргачихсан мөртлөө тэр журмаа биелүүлдэггүй. “Бид дагаж мөрдүүлэх ёсгүй” гэж байна. Үгүй юм. Журам баталсан газар журмынхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.
-Анх 16 хүүхэд хордлоо гэж байсан. Шүүхийн шийдвэрээр зарим нь хохирогчоор тогтоогдоогүй гэх юм. Үнэн үү?
-Анхан шатны шүүх хурлаар 14 хүүхдийг хохирогч биш гэж тогтоосон. Хоёр хүүхэд хүнд гэмтэлтэй байсан гэж хоёр эмийн санчийг ялласан. Тухайн үед 16 нярай бүгд хордож гажиг нөлөө үзүүлж байсан. Одоо ч тэдэнд тууралт үүсэх, рахиттай болох, заримд элэгний С вирус илэрсэн.
Б.ЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: