Ю.Атар: Намын даргын харцаар хөдөлдөг хүмүүс бид биш
МАХН-ынхан өчигдөр хоёр газар хэвлэлийн бага хурал хийв. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй хэсэг нөхөд бага чуулганыхаа талаар мэдээллийг хийсэн бол нөгөө талд Ю.Атар, Н.Өрнөхбаяр нар МАХН-ын нарийн бичгийн даргын ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ. Ажлаа өгөхөө мэдэгдсэн Ю.Атараас дараахь тодруулгыг авлаа.
-Та ямар учраас ажлаа өгч байгаа юм бэ?
-С.Молор-Эрдэнэ нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзаж байгаагаа сонин хэвлэлээр илэрхийлсэн байсан. Ц.Шинэбаяр гишүүн ч дэд даргын суудлаасаа татгалзаж байгаагаа хэлсэн байгаа. Харин бидний хувьд энэ албан тушаалыг өгөх шийдвэрийг аль эрт гаргасан.
-Тэгээд яагаад одоо ажлаа өгч байгаа юм?
-Намын нэр авч, Дээд шүүхэд бүртгүүлэх хүртэл элдэв сөрөг тоглолт хийгээд яахав гэж үзсэн учраас хүлээцтэй хандсан юм. Харин одоо албан тушаалаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. МАХН-ын “Ухрах уу, урагшлах уу” гэдэг хэлэлцүүлэгт бид анх татагдаж оролцсон. МАХН ард түмнийхээ төлөө ажилладаг байгаасай гэдэг үүднээс цэвэр, шинэ улс төрийг эхлүүлэх гэж энэ хэлэлцүүлэгт орж байлаа. Түүнээс хойш тодорхой хэмжээний эрсдэлтэй замыг туулан өдий хүртэл явж ирсэн. Харамсалтай нь МАХН-ын удирдлагууд тавьсан зорилгоосоо ухарч эхэллээ. Ер нь хэн нэгэн хүнийг эрх мэдэлтэй, хэсэг бүлэг хүмүүсийг албан тушаалтай байлгахын төлөө улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулдаггүй. Ийм маягаар явах юм бол ямар ч улс төрийн нам оршин тогтнохгүй.
-Тэгээд юу нь таалагдахгүй байгаа юм бэ?
-МАХН хуралдайгаараа 15 олигархийг зарласан. Гэтэл одоо болохоор “2008 оны сонгуульд МАХН-ын нэрээр сонгогдсон гишүүд одоогийн МАХН-ынх байх ёстой” гэж яриад байна. Ингэж хүмүүсийн итгэл үнэмшлийг өмчлөх эрх байхгүй шүү дээ. МАХН өөрөө олигархиудаа зарлаад тэдэнтэй нэг замаар явахгүй гэдгээ илэрхийлчихсэн хэрнээ одоо тэр олигархиудаа МАХН-д нэгд гэж байгаа нь утгагүй хэрэг. Энэ шийдэл бидний итгэл үнэмшлийг өөрчилж байна. МАХН-ын 90 жилийн түүхийг ч бид өмчлөх эрхгүй. Нэгэнт Дээд шүүхэд МАХН-ыг шинэ намаар бүртгэсэн учраас өмнөх намын өмч хөрөнгөд халдах эрх байхгүй.
-Намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин хагарч, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй болсон гэсэн үг үү. Эсвэл Н.Энхбаяр дарга та нарыг ашиглах үедээ ашиглачихаад хөөж байгаа юм уу?
-Үгүй. Н.Энхбаяр дарга биднийг хөөгөөгүй. Залуу хүмүүсийн хувьд бид өөрсдийн байр сууриа хаана ч илэрхийлнэ. Түүнээс биш намын даргын харцаар хөдөлж, түүний даалгавраар дуртай үедээ намаас гарч, орж байдаг хүмүүс бид биш.
-Намаасаа гарахгүй юм байна, тийм үү?
-Гарахгүй. МАХН-ын гишүүн хэвээрээ байх болно. Албан тушаалаасаа татгалзаж байна.
-Намын даргадаа энэ шийдвэрээ хэлсэн юм уу?
-Намын даргадаа энэ талаар бид аль эрт байр сууриа илэрхийлсэн.
-Та нартай нэг санаатай, ижил байр суурьтай жирийн гишүүд хэр байна?
-Бид хамгийн анх өөрсдийнхөө энэ байр сууриар гишүүдээ дагуулж гарч ирсэн. Жирийн гишүүд энэ байр суурийг цаашид дэмжих байх гэж найдаж байна.
-Тэгэхээр эргээд Н.Энхбаярыгаа зайлуулах асуудал ярьж эхлэх нь ээ?
-Н.Энхбаяр гуайн цаашдын улс төрийн тоглолт үнэхээр нам, ард түмний төлөө гишүүд түүнийг тойрон хүрээлнэ. Харин өөрөө замаасаа хазайх юм бол асуудал өөр тийшээ эргэх байх. Үүнийг цаг хугацаа харуулна.
-Цаашдаа та нар юу хийх юм?
-Намын удирдлагууд ямар тогтолт хийхийг харж сууна даа. Гэхдээ намын идэвхтэй гишүүд байж, даргадаа шаардлага тавьж ажиллана” гэж ярив.
Харин Өрнөхбаяраас “Та Н.Энхбаяр даргын зөвлөх, баруун гар нь байсан биз дээ. Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм” гэж асуухад “МАХН анх зорьж байсан зорилгоосоо ухарсан. Нам нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байна” гэхээс өөр юм хэлэхгүй байв. Харин тэрээр “Би сүүлийн жилүүдэд Н.Энхбаяр даргатай хамгийн ойр явсан хүн. Өдөр бүр уулзаж, наадах, цаадах нарийн зүйлүүдийг нь сайн мэддэгийн хувьд дараа дэлгэрэнгүй ярилцлага өгье” гэсээр явж одов.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
URL: