Гуантанамогийн шоронг хаахыг шаардан жагсчээ

f09037a949cb2d81bigМОСКВА. /RIA Novosti/. Куба дахь Гуантанамогийн шоронг нэн даруй хаахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хуульзүйн яам болон Конгрессоос шаардсан хэдэн арван хүн Цагаан ордны дэргэд ням гарагт цуглажээ.

Жагсагчид тод улбар шар өнгийн шоронгийн хувцас өмсч, нүүрээ хар юүдэнгээр халхалсан байв. Гуантанамогийн хоригдлуудад ийм хувцас өмсгөдөг байна.

“Энэ бол гэмт хэрэг гэдгийг Ерөнхийлөгч Барак Обамад, АНУ-ын ард түмэнд, дэлхий нийтэд сануулахаар бид энд цугласан. Гуантанамогийн шоронг хаахыг бид шаардах ёстой” гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагч Кристофер Кнестрик мэдэгджээ.

Уг шоронг нээснээс хойш 13 жил өнгөрсөн өдөр Ням гарагт тохиосон байна.

Кубын Гуантанамо аралд байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бааз дахь шоронд терроризмтой холбоотой хоригдлуудыг хорьдог билээ. Эрүүдэн шүүх, ёс суртахуун болоод бие махбодоор доромжлох, шашин шүтлэгээр нь гутаан доромжлох зэрэг Гуантанамогийн хоригдлуудын хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж бага Жорж Бушийн Засгийн газрыг Америк болон олон улсын хүний эрхийг хамгаалагчид эрс шүүмжилдэг байсан билээ.

Энэ шоронг Обамагийн Засгийн газар хаахаар төлөвлөж байгаа бөгөөд хоригдлуудыг нь бусад оронд аажмаар шилжүүлж байгаа юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш АНУ 22 хоригдлыг Афганистан, Уругвай, Саудын Арави, Словак, Казахстанд шилжүүлэн өгснөөр, Гуантанамогийн хоригдлуудын тоо 127 хүрч цөөрсөн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих