Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад төрийн айлчлал хийж байхдаа Японы ард түмэнд хандаж Японы Парламентад хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Япон Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсад төрийн айлчлал хийж байхдаа Японы ард түмэнд хандаж Японы Парламентад хэлсэн үг

МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН 20 ЖИЛ БУЮУ МООКО ХАН
Токио хот

Эрхэмсэг ноён дарга  нар аа,
Эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,

Энэхүү хүндэт танхимд эртний түүхт, эрх чөлөөт Монголын ард түмнийг төлөөлөн үг хэлэх завшаан тохиолдсонд баяртай байна.

Хоёр танхимын хүндэт удирдлага, эрхэм гишүүд Та бүхэн манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч өндөр дээд хүндэтгэл үзүүлж буйд гүн талархал илэрхийлье. Энд хуран цугласан эрхэм гишүүд,  эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд болон та бүхнээр дамжуулан Японы ард түмэнд Монголын ард түмний чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байгааг хүлээн авна уу.

Монголчууд бол баатарлаг түүхтэй, сайхан сэтгэлтэй, гэрэлт ирээдүйтэй ард түмэн. Монгол бол орчин цагийн төрийг байгуулсан эртний түүхт улсын нэг. Ирэх жил 2011 онд бид Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэнэ. Монголчууд түүхэндээ дэлхийн хуурай газрын хээлэнд хамгийн том улс гүрэн байгуулж соёл иргэншлийг бүтээж бас түгээж явсан. Мөн бусдын эрхшээл хүчинд автаж, хүмүүн бус бодлогын золиос болж явсан үе ч бий.

Бид өнгөрснөө муу хэлэх дургүй. “Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэж үзэж түүнээс сургамж авахыг хичээдэг. Өнөөдөр би энэ танхимд улс орныхоо нэн шинэ түүхийн гэрэл гэгээлэг үеийг төлөөлөн ярьж байгаадаа баяртай байна. Энэ 2010 онд манай ард түмэн өөрсдийнхөө чөлөөт, шинэ сонголт болох ардчилсан хувьсгалынхаа 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм.

Монголчуудын хийсэн ардчилсан хувьсгал бол зөвхөн нэг орны төдийгүй нийтлэг шинж чанартай ололт юм. Монголчууд түүхэн сонголтоороо хүний эрх, эрх чөлөөт байдал, хүний нэр төр, ариун нандин чанар гэдэг бол зөвхөн хөгжилтэй баян улс орнуудын иргэдийн эдэлдэг тусгай эрх ямба биш харин аль ч оронд хүн бүрийн эдлэх боломжтой жам ёсны эрх гэдгийг нотолж чадсан. Хувь хүн ядуу ч бай, ядуу буурай оронд амьдардаг ч бай өөрийн сонголтоороо нийгэм төрөө цогцлоож, өөрийн сонголтоороо амьдрах боломжтой юм.

Мөн тайван замаар хувьсгалт шинжтэй өөрчлөлтийг нийгмийн бүх салбарт нэгэн зэрэг хийж болохыг монголчууд харууллаа. Улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг нэгэн зэрэг хийх нь “Азийн орны зам биш” гэсэн ойлголт байдаг. Иймэрхүү хуучин дүгнэлтийг бид шинэ сонголтоороо эвдсэн. Монгол Улсыг хүн амын тоо, хөгжлийн түвшингээр нь буурай жижиг орон гэж үзэж болох ч сүүлийн 20 жилийн ардчилсан, нээлттэй бодлого нь манай орныг энэ салбарт том үлгэр жишээ болгож байна.

Даяаршиж байгаа дэлхийд нэрээ сайнаар гаргахад улс орны том жижиг, хөгжлийн түвшин төдийлөн хамааралтай биш юм. Бусдад  нэрийг  нь сайнаар гаргаж байгаа ардчилсан ололтоороо манай ард түмэн бахархдаг. Монголчууд бол нэр төрөө эрхэмлэдэг ард түмэн. “Нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг хүмүүс.  “Ардчилсан орон” гэдэг тодотгол бол Монгол Улсын хувьд олон улсын  тавцанд нэрийг нь сайнаар гаргадаг нэг чухал үзүүлэлт яах аргагүй мөн.

Монгол түмний сүүлийн 20 жилийн ололтыг манай төрт ёсны өмнөх 2000 жилийн түүхээс салгах аргагүй юм. Хувь заяандаа эзэн байх улс гүрнийхээ тусгаар тогтнол, бие даасан, эрх чөлөөт байдлыг баталгаажуулан бэхжүүлэх нь бидний үе үеийн өвөг дээдсийн чин хүсэл юм. Цагаан морин жил хийсэн монгол түмний түүхэн шинэ сонголтын  мөн чанар үүнд л оршдог. Товчхондоо “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн манай ард түмний мэргэн үгэнд дээрхи сонголтын агуулга нийцэж байгаа юм.

Ард түмний шинэ сонголтыг хэрэгжүүлэх үйл явц амар хялбар байгаагүй. Эрх чөлөөтэй сайхан амьдрах гэсэн монгол түмний олон зууны хичээл зүтгэл өнөөдөр ч үргэлжилж байна. Монголчууд бол их юм үзсэн хал дол суусан хүмүүс. Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн ар гэр, үр сад их ч юм үзэж, их ч юм бүтээсэн байж таарна.

“Морио унаад дэлхийг тойрох амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж их эзэн Чингэс хаан хэлж байсан удаатай. Евро-азийн уудамд коммунист тогтолцоог авсан хоёрдахь улс болох манай орны хувьд мөн тогтолцоог сүүлийн хоёр арванд бүрэн өөрчилсөн Азийн анхны орон болох зам одоо ч дардан биш байна.

Ихэнх хүмүүсийн амьдрал хэцүү хэвээр байна. Манай хүн амын гурван хүн тутмын нэг нь НҮБ-аас тогтоосон ядуурлын түвшингээс доогуур орлоготой амьдарч байна. Төрийн хүнд суртал, төвлөрөл буурахгүй байна. Төрийн шийдвэр гаргах шатанд иргэдийн шууд оролцоо, хяналт дутагдсаар байна. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байж болохгүй. Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байж болохгүй. Шударга бус байдал, ажилгүйдэл манайд нийгмийн хурц асуудал хэвээр байна.

Гэвч эдгээр асуудлыг монголын ард түмэн, манай төр засаг, иргэншин чанаржиж байгаа нийгмийн нээлттэй тогтолцоо маань  шийдвэрлэх чадвартай гэдэгт би эргэлзэхгүй байна. Хамгийн гол найдвар бол Монголын ард түмэн юм. Хувь хүний хувьд эрхээ мэддэг, нийгмийн гишүүний хувьд үүргээ ухамсарласан төр засгийн бодлогын сайн мууд биш өөрийн чадавхи боломж, хөдөлмөр зүтгэлд илүү найддаг эрх чөлөөт Монгол хүн бол манай орны хөгжил дэвшлийн баталгаа.

Улсын Ерөнхийлөгчийн хувьд надад, манай Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны төрийн байгууллагад нэг л ариун үүрэг бий. Тэр нь иргэдийнхээ, ард түмнийхээ эрх ашигт үйлчлэх. Нээлттэй, ардчилсан орны ард түмэн төрөөсөө шударга, ил тод, хариуцлагатай, бүтээлч байхыг шаардана. Төр нь ч тийм байхыг хичээхээс өөр аргагүй юм. Энэ нь Монгол Улс цаашид улам иргэншсэн, хариуцлагатай, хөгжил дэвшилд тэмүүлсэн орон байхын үндсийн үндэс юм.

Эрхэм гишүүд ээ,
Одоо би  Монгол Японы харилцааны талаар яръя. Манай хоёр орны харилцаа бол онцгой харилцаа. Үүнийг манай иргэдийн харилцаа, эрмэлзлэл, үйл ажиллагаагаа ч нотолдог.

Манай улстай найрамдлаар харилцах хөдөлгөөн Япон Улсад 1960-аад оны дундаас эхэлсэн байдаг. Тус хөдөлгөөнийг манай оронд олзонд байсан Япон иргэд санаачлан оролцсон нь онцгой юм. Өнөөдөр Японд Монголтой харилцдаг иргэдийн сайн дурын нийгэмлэгийн тоо 70-аас илүү гарчээ. Монгол Улсын хувьд Японтой харилцдаг нийгэмлэг 30 гаруй бүртгэгджээ. Энэ бол Монгол Японы ард түмнүүдийн харилцааны онцгой үзүүлэлт юм. Манай хоёр орны харилцаанд хүнд хэцүү зурвас үе байсан. Гэвч ороо бусгаа цагийн шуурга манай ард түмнүүдийн сэтгэлийн гүн дэх бие биентэйгээ ойртон харилцах, нөхөрлөх гэсэн хүсэл тэмүүллийн гал дөлийг бөхөөж чадаагүй.

Монгол Японы харилцаа өвөрмөц онцлогтой болохыг бидний түүх ч баталдаг. Монголчууд Япон Улстай найрсаг харилцаатай байж хамтран ажиллахыг түүхийнхээ шинэ чухал үе бүрт илэрхийлж байсан юм. Тухайлбал Монголын их хаан Хубилай Юань гүрэн байгуулсан анхны ондоо Япон улсын эзэн хаан Камяамад элч зарж илгээлт явуулсан байдаг. Хубилай хааны захидлын хуулбар одоо Нара хотын Тоодайжи сүмд байдаг нь тэмдэглүүштэй. Мөн хорьдугаар зууны эхэнд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоож тэр түүхэн ололтоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх бодлогын хүрээнд Японы эзэн хаанд Монголын шашин төрийг хослон баригч Богд хаанаас албан бичиг илгээсэн байдаг. Цагийн эрхээр уг илгээлт саатжээ. Тэр бичиг 1912 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр огноологдсон байдаг. Харин энэ түүхт өдөр би уг захидлын хуулбарыг үгийнхээ төгсгөлд хурлын эрхэм дарга Нишиока Такэод гардуулна.

1990 он бол Монголд ардчилсан хувьсгал эрчлэн өрнөж, монголын ард түмний шинэ сонголтын хувь заяа хутганы ирэн дээр байсан үе. Тэр үед манай улсын Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн Японы Засгийн газарт хандаж бүх талын дэмжлэг туслалцаа хүсэж захидал хүргүүлсэн байдаг. Мөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1991 онд Хэисэигийн эзэн хаан Акихитог хаан ширээнд залах ёслолд оролцохдоо Монголын ард түмний Япон Улстай бүх талаар найрамдан харилцах өнийн хүсэл эрмэлзлэлийг дахин илэрхийлсэн юм. Энэ бол түүх. Энэ бол түүхийнхээ эгзэгтэй, баяртай цаг мөч бүрт Монгол Улс, манай ард түмэн Япон Улс, Японы ард түмэнд хандаж найдаж ирсэний илэрхийлэл.

Эрхэм гишүүд ээ,
Манай ард түмнүүдийн харилцаа нэгдмэл үнэт зүйл бие биендээ итгэсэн хамтын гүн хүндэтгэл, итгэл найдварт тулгуурлаж байдгаараа бас онцлог юм. Монголчууд  өнгөрсөн зууны сүүлийн арванд шинэ сонголтоо хийж бас дөнгөж төрсөн унага шиг хөл дээрээ тэнцэн ядаж байсан юм. Бидэнд тэр хэцүү үед Японы ард түмэн, Засгийн газрын тусламж дэмжлэг, анхаарал халамж амин чухал байсан. Тухайн үед Монголд Япон Улс зөвхөн өөрөө туслаад зогсоогүй “Их долоо”-гийн уулзалтад оролцогчдын анхаарлыг монголчуудын түүхэн сонголт руу хандуулсан. Хөгжлийн шинэ зам сонгосон Монгол Улсыг олон улсын санхүүгийн болон бүс нутгийн байгууллагуудад элсэхэд нь дэмжиж тусалсан. Монгол Улсад хандивлагчдын уулзалтыг зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд Япон Улсын Засгийн газар манлайлан оролцсон.

Энэ бүхнийг тухайн үед Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Кайфу Тошики гуайн хичээл зүтгэл, оролцоогүйгээр төсөөлөх аргагүй юм. Тэрээр 1991 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийж Монголын ардчиллыг дэмжих Японы бодлогыг зарласан. Тэр бодлогыг Японы үе үеийн Засгийн газар баяжуулан тууштай хэрэгжүүлсэн. Монгол Монголоо олж, Монголыг дэлхий олж, Монголчуудыг хөл дээрээ зогсоход  Японы ард түмэн, Засгийн газар үнэлж баршгүй их тус хүргэсэн юм. Энэ чин сэтгэлийн гүн тусламж дэмжлэгт нь Японы ард түмэн, Японы Засгийн газарт Монголын ард түмэн, төр засаг байнга талархаж байдаг. Энэхүү талархлыг төр ард түмнээ төлөөлөн энэ хүндэт индрээс бидэнд хэцүү цагт халуун гараа сунгасан нийт Япон хүмүүст, Японы ард түмэнд, Засгийн газарт дахин дахин илэрхийлэхэд надад таатай байна.

Сүүлийн 20 жилд Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлсэн бүх орон, олон улсын байгууллагынхаас Япон Улсын тусламж дэмжлэг бүх үзүүлэлтээрээ илүү гардгийг та бид сайн мэднэ. Харин Японы ард түмэн, Засгийн газраас Монгол Улсад өгч ирсэн, өгч байгаа тусламж дэмжлэгт өөр нэг чухал онцлог байдаг юм. Энэ бол манайхны хэлдгээр Япон Улсын тусламж дэмжлэг “нүдээ олдогт” оршдог. Монгол орон зуухандаа галгүй болох аюул тулгарсан үеүдэд Япончууд нүүрсний уурхай, дулааны болон цахилгаан станцад нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийдэг. Монголд нийтийн тээвэр зогсож, төв суурин газрын хүмүүс хөл дүүжлэх унаагүй болох үед Японы Засгийн газар унаагаар хангадаг. Хот суурин руу чиглэсэн нүүдэл суудлаас шалтгаалаад монголын олон арван мянган хүүхэд цэцэрлэг сургуулиар дутагдахад Япон Улс тусалж дэмжиж олон цэцэрлэг сургуулийг өөрийн татвар төлөгчдийн хөрөнгөөр засч, барьж өгсөн. Бас барьж байна. Эмнэлгийн түргэн тусламжийн машинууд хуучрахад, манай гал командын машинууд зогсоход, нэн шаардлагатай эм тариа дутагдахад Японоос тэдгээрийг цаг тухайд нь олж ирүүлдэг. Зуд, гамшиг тохиоход хамгийн түрүүн бид Япон Улсад ханддаг.

Ийм жишээг Монгол Японы харилцаанд олон салбарт олон арваар нь дурьдаж болно. Ийм тусламж дэмжлэгийг зөв бодлого, нүдээ олсон тусламж дэмжлэг гэхгүй юм бол өөр юуг тэгэж нэрлэх юм бэ. Үүнийг товчоор монголчууд “зовох цагт нөхрийн чанар” гэж ярилцдаг. Энэ бол яах аргагүй үнэн.

Эрхэм гишүүд ээ,
Монгол Японы харилцаа өнөө үед чанарын шинэ түвшинд гарч байна. Тийм боломжууд ч нээгдэж байна. Энэ нь Монгол Улс Япон Улстай олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэж байгаад оршино. Монгол оронд байгалийн баялаг байна. Япон Улсад өндөр технологи байна гэж бид олон жил ярьсан. Одоо энэ байгаа хоёр боломжийг харилцан ашигтай ашиглах цаг ирлээ. Монгол дахь Японы хөрөнгө оруулалтын хэмжээ, хоёр орны худалдааны үзүүлэлт тийм  ч өндөр биш байна. Харин эдгээрийг эрс нэмэгдүүлэх “цагийн сэрүүлэг” дуугарч эхэллээ. Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголтой худалдаа хийх, харилцан ашигтай ажиллахыг сонирхож байгаа Японы ажил хэрэгч хүмүүст хандаж би “Цаг боллоо, сэрцгээ” гэж хэлэхийг хүсэж байна.

Нэгэн үе төдийлөн танил бус зах зээл, улс орон руу “орох нь эхлээд орог, харж байж болъё” гэдэг арга зөв байсан байх. Одоо бол Япон Монголын харилцаанд энэ арга тохирохгүй. Одоо Монгол руу яардаг цаг. Нэг үе хууль дүрэм нь хуучин юм, дэд бүтэц нь сул юм, бодлого нь ойлгомжгүй байна гэж буурай, шинээр нээгдэж байгаа орныг хардаг хандлага байсан. Одоо бол тэнд сайжруулах хэрэгтэйг нь хамтарч сайжруулж, хийх шаардлагатайг нь хамтарч хийж, харилцан ашиг бүтээдэг шинэ цаг ирж байна.

Монголчууд бидэнд нийгмийн шинэ тогтолцоо руу ороход олон зүйл шинэ байсан. Бид олон зүйл дээр алдсан. Бас сургамж авсан. Бид шинийг бүтээнгээ суралцаж байна. Бид сайн сурагчид бас сайн хамтрагчид байхыг хүсэж байна. Манай орны хөгжлийн түлхүүр бол эрх чөлөөтэй, хариуцлагатай, цаг үеэ мэдэрсэн, эрүүл, боловсролтой, өндөр нарийн мэргэшсэн иргэд юм. Өнөөдөр монголд төрөл бүрийн өндөр технолог, инженерийн орчин үеийн мэргэшлийн хүмүүс хэрэгтэй байна.

Япон Улсад нэн шаардлагатай байж болох газрын ховор элемент, уран, коксждог нүүрс, зэс молебедин Монголд байна. Япон улсаас хувийн шууд хөрөнгө оруулалт, өндөр технологи Монголд нэн хэрэгтэй байна. Манайхаас түүхий эд зөөдөг биш, түүнийг орчин цагийн шаардлагад нийцүүлж боловсруулаад нэмэгдсэн өртөгтэй, харилцан ашигтай бизнес болгох нь монголын ашиг сонирхол юм. Японы хөрөнгө оруулалт бол Монгол улсын үндэсний эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалт байх юм. Учир нь Японы хөрөнгө оруулалт бол манай улсын “гуравдахь хөрш”-ийн, дээд стандарт, өндөр технологийн бас монголчуудыг хүнд үед нь хамгийн их тусалж дэмжсэн, дэмжиж байгаа орны хөрөнгө оруулалт  юм.

Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийг Японы бодит сонирхолд нийцүүлэн тодорхой салбарт эрс нэмэгдүүлэх нь Японы хувийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах нэг арга байж магадгүй. Японы хувийн хөрөнгө оруулагчдад бусад орныг харж байгаад дараа нь орох гэж хүлээх биш харин Засгийн газраа дагаж орох нь илүү найдлага төрүүлж болох юм.

Нэг үеийг бодоход Монгол Улсад дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, зам барилга, санхүүгийн зэрэг салбарт харилцан ашигтай ажиллах, түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, улс бүс нутгийн чанартай томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, тийм хөрөнгийг шингээх, харилцан ашигтай байх орчин, нөхцөл, чадавхи бүрэлдэж байна. Ийм ч учраас Монгол Улс хөрөнгө оруулалт, боловсон хүчин, техник технологийг хамарсан Япон Улсын Засгийн газрын “Өсөлтийн шинэ стратег”-ийг дэмжиж, энэ хүрээнд эрчимтэй хамтран ажиллах саналыг дэвшүүлж байгаа юм.

Мөн эдийн засгийн түншлэлийг эрчимжүүлж Монгол Японы энэ салбарын харилцаа Зүүн хойд Азид үлгэр жишээ болж чадна гэдэгт итгэж байна. Манай хоёр орны нэг нь хөгжлийн шинэ гараандаа гарч байгаа, нөгөө нь өндөр хөгжилтэй орны хувьд гадагшаа задарч байж, шинэ зах зээл, боломжийг түрүүлж ашиглаж байж тэр тусмаа эрх ашиг нь харилцан нийцсэн бүс нутаг оронтойгоо онцлог харилцаагаа улам өргөжүүлэх замаар хөгжил дэвшлийнхээ олон асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэж чадна гэж би итгэдэг. Иймээс ч миний энэхүү айлчлалын явцад хоёр орны харилцааг стратегийн түвшинд хүргэх зорилт тавьж байгааг, тийм нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж хоёр талаас хүчин чармайлт гаргаж байгаад би сэтгэл хангалуун байна.

Манай хоёр орны бүс нутаг, олон улс, батлан хамгаалах, аюулгүй байдлын зэрэг салбарын харилцаа бүтээлчээр өргөжин тэлнэ гэдэгт би итгэж байна. Монгол Улс Япон Улсын дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийн төлөө оруулж буй хувь нэмрийг ямагт өндрөөр үнэлж, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн болох эрмэлзлэлийг нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч манай энэ байр суурь хэвээр байх болно. Мөн хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, яриа хэлэлцээний ажил хэрэгч, бүтээлч механизмууд бүрэлдэн тогтож байгаад баяртай байна. Манай ард түмнүүдийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Япон Улсын цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд гэр бүлийнхэн нь ямагт анхаарал тавьж байдагт  Монголын ард түмэн баяртай байдаг юм.

Манай хоёр орны хооронд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон соёл хүмүүнлэг, спорт урлаг, боловсрол, орон нутаг, иргэд хоорондын харилцаа улам өргөжиж байна. Японы иргэд Монгол Улсад визгүй зорчдог болсон нь сайн мэдээ. Энэ бол зөвхөн визтэй холбогдсон хүнд суртлыг Монголын тал хөнгөвчилж байгаа төдийгүй монгол хүний Япон хүнд хандсан  сайхан сэтгэлийн илрэл, Япон хүн бүрт монголын ард түмнээс илгээсэн урилга юм. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ энэ урилгад нэгдэж байна. Одоо Япон хүн бүр манай оронд зочлох Ерөнхийлөгчийн урилгатай боллоо.

Монгол Япон хүмүүс аль аль нь ялгаагүй энэ газар дэлхийд “Тэнгэрийн тамга”-тай төрцгөөдөг. Олон орны хүмүүс тэр тамгыг монголчуудтай холбодог. Тэр тусмаа Япончууд түүнийг “Монгол тамга” (Мооко хан) гэж нэрлэдэг. Би үгийнхээ сэдвийг ардчилал буюу тамга гэсэн нь бас учиртай юм. Ардчиллын агуулга болох хүний эрх нь Монгол тамга шиг хүнд заяадаг хувь тохиол, төрөөс өгдөг зүйл биш юм. Тамга аажимдаа арилж хүндээ шингэдэг бол, хүний эрх нь хүн нийгмийн харилцаагаар дамжин илрэлээ олдог.

Монгол Японы харилцаа бол тэнгэрээс тэтгэгдсэн, ард түмнүүдийнх нь чин хүсэл мөрөөдөлд байдаг онцгой харилцаа юм.  Манай хоёр ард түмэн хамтдаа улам ихийг бүтээж чадна. Монголын ард түмний чин сэтгэлийн мэндчилгээг тэнгэрийн тамга нэгт Японы ард түмэнд хүргэх энэхүү онцгой боломж олгосон Та бүхэнд маш их баярлалаа.

Сайн үйлс бүхэн улам дэлгэрэх болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих