Монголын Оюутны Холбоо 121224 оюутныг төлөөлж чадах уу
Шийдлийн Засгийн газар эх, хүүхэд буюу нийгмийн халамжийн салбарт гар хүрч эхэлсэн нь олон нийтийг бухимдуулж, ширүүхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар даван туулах гарцыг улсын төсвийг танах гэж олж харсан нь сайн хэрэг ч ажлын байрыг цомхотгож, ээжүүдийг одонгоо буцааж өгөхөд хүргэж байгаа нь том алдаа гэдгийг олон хүн хэлж сануулж байгаа. Тэгсэн мөртлөө хэдэн мянган оюутныг эрхлүүлдэг үндэсний тэтгэлэгт гар хүрч зүрхлэхгүй байгаа нь цаанаа нэг учиртайг хэвлэл мэдээллээр шуугиж байна. Гэтэл нөгөө эрх нь дэндсэн оюутнууд нь 70 мянган төгрөгнөөсөө сайн дураараа татгалзав. Хэсэг нөхдийнх нь хэлж буйгаар бол ээжүүдэд боломж олгоно гэнэ. Туйлширсан зарим хүмүүс оюутнуудыг хөөргөж цахим ертөнцөөр нэг магтаж гарлаа. Гэтэл баян айлын хэдэн хүүхдийн хийсэн хариуцлагагүй мэдэгдлээс болж цаана нь олон оюутан бухимдаж сууна. Сургалтын төлбөр, хоол, байрны түрээсээ оюутны 70 мянгаараа л зохицуулж ирсэн оюутнууд олон байгаа. Магадгүй зарим айлын хүүхдүүдийг ганц өдрийн шоуны мөнгө байж болно.
Монголын оюутны холбоо гэсэн сүржин нэр зүүсэн хэдэн “хүүхдүүд” 121224 оюутныг төлөөлж чадах уу. Энэ байгууллага ер нь цагаа олоод аятайхан шоу хийчихдэг газар юм шиг байгаа юм. Хүүхэд нь 70 мянган төгрөг , ээж нь одонгийнхоо хэдэн төгрөгийг авлаа ч хачир дээрээ нэг л айлын дансанд орно. Угаасаа энэ жил үндэсний тэтгэлэгийн босгыг өндөрсгөж байгаа. Тэгэхээр цөөнгүй оюутан тэтгэлэг авч чадахгүй нь мэдээж. Эндээс багагүй хэмнэлт гарна.
Ер нь шоу хийж байгаа оюутнуудийн цаана аль нэг дарга, нам байхыг ч үгүйсгэхгүй. Нээрээ л ухамсартай оюутнууд юм бол ирэх сонгуулиар мөнгө амласан улстөрөөс татгалзах биз. Ингэж хаана хаанаа ард иргэдээр тоглож төөрөлдүүлж байхаар магистр, докторуудын сард авдаг тэтгэлгийг танаж, төрийн албанд үйлчилж буй машинуудыг Prius машинаар солиход жинхэнэ хэмнэлт болох байлгүй.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bitgii tenegt oyutnii holboo.