Нэр төдий ч төрийн нарийнуудыг сонгон шалгаруулахаар зарлалаа
Нэгэнт хуваагаад авчихсан төрийн нарийнуудыг сонгон шалгаруулахаар зарлалаа. Монгол улсын Төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа Засгийн газраас захиалсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцжээ.
Хэлэлцээд Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яамдад Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулахаар боллоо.
Өнөөдөр энэхүү сонгон шалгаруулалтыг зарлаж, өөрийн цахим хуудастаа байрлуулжээ. Дээрх 7 яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орох хүмүүсийн ажлын туршлага, ур чадварын талаарх шаардлагыг тэрхүү зарлалдаа бичжээ.
Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчдийн материалыг энэ сарын 30-ны дотор авч дуусах ажээ. Харин шалгалтыг ирэх сарын 2-ны өдөр авахаар болоод байна.
Шалгалтыг ерөнхий шаардлага, удирдах ур чадварын түвшингийн шалгалт, ярилцлагын шалгалт гэсэн гурван үндсэн байдлаар авах ажээ. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаас авч болно.
Ийнхүү Засгийн газар бүрдсэний маргаашаас л яригдаж эхэлсэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал сонгон шалгаруулалтаар шийдэгдэх нь гэж олон хүн ойлгож байх шиг.
Үнэн хэрэгтээ бол энэхүү сонгон шалгаруулалт гээч нь хуульдаа захирагдаж байгаа хэрэг. Хууль ёсоор яамдын төрийн нарийн бичгийн даргаас доош бүхий л албан тушаалтныг Төрийн албаны зөвлөл шалгаруулах хуультай юм.
Түүнээс биш Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрагч намууд аль хэдийн яамдын төрийн нарийн бичгийн даргын суудлыг хуваагаад авчихсан.
Нэр төдий энэ шалгаруулалтанд засагт хамтрагч намуудаас тэр, тэрнийг шалгаруулахаа сэм захиалсан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ удаа долоон яамны төрийн нарийныг шалгаруулах нь.
Цаана нь Ч.Сайханбилэгийн толгой мэдээд алхаа цохиод баталчихсан зарим төрийн нарийны асуудал бий. Тухайлахад Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн Р.Эрдэнэбүрэнгийн асуудал байна.
Тус яамны сайд С.Цогтбаатар түүнийг хүлээн авахгүй гэж УИХ дахь намынхаа бүлгийн дарга С.Бямбацогтын хамт мэдэгдэл хийж байсан билээ.
Тэгэхээр Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал энэ өвөл хавар нэлээд асуудал дагуулсаар байх нь тодорхой юм.
Г.Самбаа
gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
todruulsan hvniih ni umnu gishgeh zowhi ni uuduu zaluu zunduu baigaa daa