Бурхны оронд одсон зохиолчдоо муулж, доромжилсоор байх уу?
Аливаа улс үндэстний зохиолчид гэдэг тухайн ард түмний оюун санааны уураг тархи, соён гэгээрүүлэгчид байдаг гэж ярьдаг нь талаар бус. Энэ үүднээс авч үзвэл зохиолчид тухайн улсын бичгийн аугаа их соёлыг бүтээгчид юм.
Монголчууд “Нууц товчоо”-г зохиогчоос эхпээд В.Инжинааш, Д.Равжаа, Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Д.Урианхай, Б.Догмид, Б.Лхагвасүрэн, Ш.Доржготов, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Б.Галсансүх… хүртэл олон зуун бичгийн сод мэргэдтэй билээ.
Үе үеийн зохиолч, их бичгийн мэргэд маань тухайн цагтаа бүтээлээ туурвиж, улс үндэснийхээ их утга зохиолын алтан санг баяжуулж, хүн ардаа соён гэгээрүүлсээр ирсэн нь атгаг сэтгэлийн үүднээс хэн бугай ч үгүйсгэх эрхгүй хэрэг юм аа.
Гэтэл сүүлийн үед манай зарим нэг ахархан бодолтой залуу зохиолчид, тэр бүү хэл нэгэн цаг үед цугтаа зохиол бүтээлээ бичиж туурвиж, уран бүтээлийн жаргал зовлонг хуваалцаж явсан ахмад зохиолч нөхөд нь ч “Даржаа, Тарваа, Гайтав, Явуухулан… зохиолч, яруу найрагч биш” гэж улайм цайм бархиралдаж, бузар шүлсээ үсчүүлж, ард түмний гайхширлыг төрүүлэх нь хэрээс хэтэрлээ.
Энэ юу болж байна вэ, та минь? Эд чинь XX зууны Монголын утга зохиолын томоохон төлөөлөгчид, тухайн үеийнхээ нэрт соён гэгээрүүлэгчид байсныг тэдний бичсэн бүтээл туурвил бэлээхэн нотолно. Энэ тухайд миний бие баримт, нотолгоо дурдах гэх хэрэггүй, учир нь “Монголын уран зохиолын түүх”-ийн хэдэн ботийг сөхөөд үзэхэд л монголын их утга зохиолд оруулсан тэдний гавьяа тодорхой бичигдсэн байгаа.
Яг үнэнийг хэлэхэд сүүлийн 20 гаруй жиЛд “Үүрийн туяа”, “Тунгалаг тамир”, “Цаг төрийн үймээн”, “Зам”, “Уулын үер”, “Говийн өндөр”, “Гишгэх газаргүй хөл” зэрэг роман, С.Эрдэнэ, Д.Мягмар, П.Лувсанцэрэн нарын уянгын тууж, өгүүлэгүүд, цагтаа социализм, түүнийг гардан байгуулагчдыг магтан дуулсан Ц.Гайтавынх шиг хэлбэрийн шинэчлэл хийсэн, дотоод эрчим хүч ихтэй, гал цогтой, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?”, “Тэхийн зогсоол”, Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг”, Б.Лхагвасүрэнгийн “Боржгоны бор тал” зэрэг дүр, дүрслэл аугаа, үг, хэллэг цэцэн цэлмэг, монгол яруу найргийн туурвилын өргөн боломжийг гайхуулсан шүлэг, найраглал гарсан юм уу?!..
Гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр бүхэнд чухамхүү шинжлэх ухаанчаар хийсэн судалгаа, үнэлэлт, дүгнэлт гарч, өнөө цагийн “Бренд”, бүх ард түмний хүртээл болсон зохиол байгаа эсэхэд манай соёл, боловсролтой уншигчид эргэлзсээр авай. Үүний баталгаа нь сүүлийн үеийн зохиолчдын гэх бүтээлээс дунд, их дээд сургуулийн сурах бичгүүйэд оруулснаас тодорхой харагдана. “Ийм шал дэмий юм оруулж байхаар…” гэж халаглах эцэг/эх, оюутан, сурагчид цөөнгүй.
Ардын уран зохиолч, төрийн соёрхолт яруу найрагч Д.Цоодол нэгэнтээ “Ээ, базарваань, одоо аугаа их Явууг яруу найрагч биш гэж хэлэх зүрхтэн байна шүү дээ…” хэмээн үнэнхүү гунигтай үгүүлсэн нь үзэг цаас нийлүүлдэг хэнд боловч нэгийг бодогдуулж, хоёрыг сануулна биш үү?
Саяхан “Утга зохиол, урлаг” сонины нэгдугаарт манай нэг том зохиолч мөнөөх Даржаа, Тарваа нарын тухайд муугаар дурссан нь уран зохиол шимтэн уншигч олон түмэн, хэзээ ч нэгэндээ атаа хорсол санадаггүй зохиолч нөхдийнх нь дургүйцэл, “Тэр хүн өөрөө тийм том зохиолч юм уу?..” гэх эргэлзээг төрүүлж, мөн нэг ахмад зохиолч “Явуухулан орос яруу найрагчийн дуу хуулсан, Пүрэвдорж Чойномын шүлэг хулгайлсан” гэсэн үг ч уншигчдын дунд гайхширал төрүүлж, “Тэднийг амьдад нь хэлж, шүүмжилж, барьж өгч байхгүй яасан юм бэ?..” гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна шүү дээ.
Хэн нэг зохиолч, яруу найрагчийн тухай, мөн түүний уран бүтээлийн талаар ярьж, авч үзэхдээ чухамхүү утга зохиолын шинжпэл, шүүмж судлалын онол, өөрөөр хэлбэл шинжпэх ухааны арга аргачлалаар задлан, дүн шинжилгээ хийхгүйгээр зөвхөн атгаг бодлын үүднээс мөнөөх зохиолчийн тухай муугаар өгүүлэх, түүний бүтээл туурвилыг доош хийж тайлбарлах нь нэр төрийг нь гутаасан, чөлөөтэй бичиж туурвих талаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг нь хөсөрдүүлж буй гэмт хэрэг яах аргагүй мөн.
Ялангуа эдүгээ бурхны оронд одсон зохиолчдыгоо юм л бол үгийн үзүүрт муу хэлж, ясыг нь өндөлзүүлж, сүнсийг нь тарчлааж, зохиол бүтээл рүү нь нулимж, доромжилж буйг яавч тэвчих аргагүй. Тэднийхээ нэр хүндийг хамгаалахаар үр хүүхэд, журмын нөхөд нь ч холбогдох газар, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч яваа нь чих дэлсэнэ билээ. Аргагүй шүү дээ!..
Нөгөө нэг зүйл бол манай зохиолчид нөхдийнхөө тухай, ялангуяа дурсамж бичихдээ тэдний бүтээл туурвилынх нь талаар цухас дурдаад, голчлон идэж уусан, авгай хүүхнүүдтэй холбогдсон тухайд ихийг нуршин өгүүлэх нь мөнөөх зохиолч нөхрөө алдаршуулах биш, харин ч ард түмний, нэн ялангуяа шинэ үеийнхний дунд “Оо, тэр зохиолч чинь тийм амьтан явсан юм уу?..” гэж асуух хүртэл доошоо чихэж, нэр хүндийг нь булай явдалтай хутгаж буйг анхаарахгүй байж яавч болохгүй нь.
Дээр өгүүлсэнчлэн зохиолч нь ард түмнийхээ оюун санааны уураг тархи, соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа ёс суртахуун маш өндөртэй, үлгэр жишээ хүмүүс байх ёстой биш үү?
Монгол Улсаас Нобелийн шагнал олгох хороонд, манай Ардын уран зохиолч, нийтлэлч, судпаач, нэртэй эрдэмтэн Л.Түдэвийн бүтээлийг нэгэнтээ тодорхойлсон. Гэтэл аанай л нөгөө тамын тогооны үлгэрээр хэдэн хүн мөнөөх хороонд зохиолч Л.Түдэвийн талаар матаас бичиж болиулсан тухай яриа байдаг.
Тэр үнэн бол мөн ч муухай хэрэг яа. Монгол Улс, яагаад Нобелийн шагналтантай байж болохгүй гэж? Нобелийн нэг шагналтантай байхад л Монгол Улсын маань нэр хүнд “Дэлхийн дэвжээн дээр” мөн ч өндөрт мандана даа.
Миний ойлгож буйгаар манай зохиолчдоос бүтээлийг нь англи, герман, франц, испани, орос, хятад, япон зэрэг хэлээр тууштай, бодлоготой орчуулж гаргавал Нобелийн шагналын од шүүрэх аавын хүү, ээжийн охин байна гэдэгт итгэдэг юм.
Монголын зохиолчдын хоёр байгууллага энэ чиглэлээр дорвитой ажил хийх ёстой. Харин энэ гавьяат үйлсэд яруу найрагч Г.Мэнд-Ооёо ганцаараа шахуу их санаачлагатай ажиллаж буйд талархах нь зүйтэй.
Өнөөгийн байдлаар зохиолоо өөрөө герман хэлээр бичсэн, томоохон туурвилууд нь бусад хэлээр хамгийн их орчуулагдсан, дэлхийд нэрд гарсан зохиолч Чинаагийн Галсан бэлээхэн байж л байна.
Гагцхүү Монголын төр засаг, зохиолчдын байгууллага, үзэг нэгт зохиолчдынх нь тууштай дэмжлэг л үгүйлэгдэж буйг учир мэдэх, ухаант хүмүүс ярьж, бичиж, шаардсаар л байна бус уу? Энд хэдэн ногооны шагналдаа гол нь биш, монголын ард түмэн монгол зохиолчийнхоо бүтээл туурвилыг дэлхийд үнэлүүлэхэд л хамаг утга учир нь байгаа юм.
Эцэст тэмдэглэхэд монголчууд бид Дэлхийд алдартай, НҮБ-ын ЮНЕСКО-д бүртгэлтэй уран зохиолын ховор нандин өвтэй, соёлын арвин их түүхтэй, тэр бүхнийг бүтээгч бичгийн их мэргэдтэй ард түмэн гэдгээ өөрснөө л үнэнээсээ мэдэж (худлаа л мэдээд байгаа юм шиг санагдана), бие биенээ хайрлан хүндпэхгүй, хамгийн гол нь үйл, бүтээлээ үнэлэхгүй бол гадны хэн ч биднийг дэмжихгүй гэдгийг бас үнэнээсээ ойлгох цаг нэгэнт болжээ!..
МҮЧЗХ-ны болон Н.Рубцовын нэрэмжит Бүх Оросын утга зохиолын шагналт Х.ХАНГАЙСАЙХАН
URL: