Хүмүүс Аз болоход бурхны цангаа тайлагдаагүй байна
Шведийн дипломатч, эдийн засагч, зохиолч Даг Хаммершёльд (1905-1961)-ын 1953-1961 оны хооронд хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлага, энд тэндхийн уулзалт, хурал чуулганы үеэр хэлсэн үг, бичсэн тэмдэглэл зэргээс түүвэрлэн дараах эшлэлүүдийг хүргэж байна.
НҮБ-ын хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болох энэ эрхэм 47 насандаа буюу хамгийн залуудаа энэ хүндтэй албанд томилогдсон хүн юм.
Тэрбээр мөн энэ албыг хашиж байхдаа нас нөгчсөн ганц хүн, Нобелийн энхтайвны шагналыг нөхөн хүртсэн гурван хүний нэг.
НҮБ-ын үйл ажиллагааг дэлхий нийтэд анхлан таниулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн, тус байгууллагыг даргалах хугацаандаа Израиль болоод Арабын орнуудын харилцааг сайжруулсан, НҮБ-ын Яаралтай тусламжийн хороог санаачлан байгуулсан, 1956 онд Суэцийн сувгийн хямралыг дипломат аргаар зохицуулсан, Ватиканыг НҮБ-д “урвуулсан” зэрэг гавьяа Даг Хаммершёльдынх.
Тэрбээр 1961 оны есдүгээр сард хоёр Конгын дунд үүссэн зөрчил тэмцлийн асуудлаар хэлэлцээ хийж, дайсагнагч талуудын дунд энхийн зуучлагч болохоор явах замдаа одоогийн Замби улсын нутагт онгоцны ослоор амиа алджээ.
Түүнийг Конгын зэвсэгт дайчид санаатайгаар хөнөөсөн гэх таамаг бий.
Амь үрэгдсэнийх нь дараа Хаммершёльдыг АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди “Манай эриний хамгийн агуу төрийн зүтгэлтэн” хэмээж, Хрущёв эмгэнэл илэрхийлж, яруу найрагч У.Х.Оден өдрийн тэмдэглэлүүдийг нь эмхтгэн хэвлүүлж байв.
“The Financial Times” сонинд 2011 онд бичсэнээр Хаммершёльд бол НҮБ-ын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын шүтээн юм.
Түүний хэлсэн үгээс хүргэж байна.
- -НҮБ бол зүгээр ч нэг сайн үйлстнүүдийн цугларалт биш. Одоохондоо хүмүүс манай байгууллагыг Пикассогийн абстракт зураг аятай л бодох юм.
Чухам хэзээ ч юм, хожмын нэг өдөр НҮБ-ыг жирийн ардын хүссэн, өөрсдийнх нь урласан бүтээл болохыг дэлхий нийт ойлгоно.
- -НҮБ аль нэг том гүрний эрх ашгийг хамгаалдаггүй.
Харин ч өмгөөлж хамгаалах хэн нэгнийг хүссэн эгэл жирийн хүмүүс, бага гэлтгүй улс, үндэстэн бүрийг хамгаалах үүрэгтэй.
Би ч гэсэн өөрийгөө энэ байгууллагын дарга биш, харин хамгаалагчийн үүрэгтэй үйлчлэгч нь гэж боддог.
- -Живж байгаа хүнийг аваръя гэхдээ дүрэм журмын талаар хэн ч боддоггүй шүү дээ.
- -Юу ч тохиолдсон өөрийгөө заяа нь хаясан амьтан гэж санаж, амьдралыг зүхэх хэрэггүй.
Зорьсон, хүссэн чинь санаснаар болохгүй байвал сайн сайхныг атгахад гар чинь жижигдэж, нүд чинь түүнийг олж харахгүй байна гэсэн үг.
Тийм болохоор бусдаас буруу хайлгүй өөрөө л өсөж, том болох хэрэгтэй.
- -Дотоод дуу хоолойгоо хэдий их чагнана, төдийчинээ гадаад дуу чимээг ялгаж танина.
- -Даалгавар төдий зааварчилгааг үүрэг, тушаал хэмээн хүлээн авч, түүнийгээ шулуун шударгаар биелүүлбэл хариуцлагатай байж сурна.
Хариуцлагатай чанарын ард амжилт бий.
- -Улирч өнгөрсөн бүхэнд талархаж, айсуй бүхнийг алгаа тосон угт.
- -Талийгаачдаас юу ч үлдэж хоцордоггүй гэж би боддог.
Гагцхүү хэр ёс журамтай, хэр үнэнч шударга амьдарсан нь л тэр хүний амьдралын хэмжүүр болж үлдэнэ.
- -Юунаас ч бүү зугт. Энэ бол амьдралын ганц дүрэм.
- -Орой дээр нь гарсан цагт ямар ч уулын оргил намхан санагдана.
- -Бүдрэх вий гэж газар шагайх хэрэггүй. Алсын бараа харж явдаг хүн л урт зам туулдаг.
- -Үе үе ганцаардах нь амьдралыг утга учиртай болгох нь бий.
- -Хүмүүжилтэй, хариуцлагатай хүнд л итгэ. Тийм хүн л сурч боловсорч, ухаажиж, төлөвшиж чаддаг.
Тийм хүн л оюунлаг, хүний мөстэй байдаг.
- -Хамгийн хүчтэй зэвсэг бол үг. Үгийг мэдэрч, түүнийг зөв зохистой хэрэглэвэл ертөнцийг аварч болно.
Харин буруу зөрүү ашиглавал гүүр нурааж, ундны ус хордуулснаас дутахгүй нүгэл болно.
- -Хувь тавилан гэдэг биднийг хашсан жаазархуу эд юм.
Хэдийгээр тэр нь өрөөлийн бүтээл ч гэсэн доторх зургийнх нь ядаж өнгө будгийг бид өөрсдөө өөрчилдөг байх хэрэгтэй.
- -Өөрийгөө нээх нь хамгийн урт аялал.
- -Хүн гэдэг шилний хэлтэрхий юм. Өөр дээр нь туссан гэрлийг хүлээж авч, дамжуулж, эсвэл өөртөө шингээхээс өөр шилэнд ямар шид байх билээ.
- -Хүн бүрт сайн ханд. Дайсандаа ч гэсэн.
- -Айдсаас чөлөөгдөн, эрх чөлөөгөө олсон хүмүүсийг таньж мэдэх нь хүний эрхийн асуудлыг бүрэн дүүрэн ойлгохын түлхүүр юм.
- -Жаахан ичгэвтэр хэдий ч гадаад харилцааны салбарынхнаас миний уулзсан хамгийн онцгой хүн Жоу Эньлай байсан гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Тэр бол маш хүчирхэг хүн.
- -Өршөөнө, уучилна гэдэг хамгийн гайхамшигтай зүйл.
Үүнийг би хагарч цуурсныг хормын дотор эвлүүлж, бохирдож халтардсаныг цэвэрхэн болгодог тийм ид шидтэй зүйрлэнэ.
- -Агуу болно гэдэг томрохын нэр биш. Харин улам энгийн, дуу цөөтэй, халуун дулаан, бор бааздуухан болж “жижигрэх”-ийн нэр.
- -Энх тайван, амар амгалан амьдралын төлөө байсан ч үзэл бодлоосоо няцаж болохгүй.
- -Ганцаардлын чухам юу нь хэцүү вэ гэхээр зовлонгоо хуваалцах хэн нэгэн байхгүй гэдэг нь биш, харин зовлонгоо ганцаараа үүрнэ гэсэн гашуун үнэн нь юм.
- -Би бол ердийн нэг ваар. Гэхдээ доторх рашаан минь бурхных. Аз болоход бурхны цангаа тайлагдаагүй байна.
Г.Лхагвадулам
gereg.mn
URL: