Эх, хүүхдэд халтай эдийн засгийн хэмнэлт
Энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр үргэлжилж байна. Анх батлагдахаасаа эхлэн танасан, хассан, бүсээ чангалсан гэх тодотголтойгоор хүмүүсийн тархийг угааж эхэлсэн гэвэл хэн ч маргахгүй биз. Гэвч тэр үед ярьж байснаар тэвчиж болох зардал болон илүүдсэн орон тоо буюу төрийн зарим нэг албан хаагчыг ажлаас нь халах байсан. Мөн хэрэггүй хэмээн хаягласан агентлаг, газрууд ч үүнд өртсөн. Энэ бүхэн шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх байв. Гэвч тэд хумсаа нуусан муур шиг арга саам хийгээд үлдэх төлөвтэй. Харин энэхүү хасч, танах зардалд хөхүүл хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийн тэтгэмж, хүүхдийн 20 мянга, олон хүүхэд төрүүлсэн эхэд олгодог одонгийн мөнгө өртөх болжээ. Мөн улсад олон жил ажилласны эцэст тэтгэвэрт гарахдаа ганц удаа авдаг буцалтгүй тусламж хэмнэлт нэртэй хэлмэгдүүлэлтэд өртжээ.
ХҮҮХДИЙН МӨНГӨӨР АМЬДАРДАГ АЙЛ ОЛОН БИЙ
Биднийг 10 жилийн сургууль төгсч байх үед улаан шугамд багтах гэж мэрийдэг байлаа. Өдгөө улаан шугамд багтвал таналт, хэмнэлтэд өртөх болж. Тиймээ, ийнхүү танаж буй мөнгийг хоног тоолон хүлээж суугаа олон өрх Монгол Улсад бий. Харамсалтай нь бүсээ чангалсаар голоороо тасрах дээрээ тулсан ард түмний тогоо руу өнгийгөөд ч болов харчих төрийн түшээд алга. УИХ-ын гишүүн Г.Уянга ”Бүсээ чангалах төсөв орж иржээ. Хүүхэд, одонгийн мөнгө хасч байгаа юм байна. Тэд энэ мөнгөөр үнэтэй машин, брэндийн хувцас, ээмэг, бөгж авдаггүй. Зөвхөн өл залгуулдаг юм шүү” гэсэн юм. Түүнээс гадна оюутны 70 мянган төгрөгийг хасах тухай ярьж байна. Гэтэл бид ч яах вэ, ээжүүдийн мөнгийг хэвийн олгооч хэмээн хурал хийж суугаа залуусаас ч дор сэтгэх түшээд ичих нүүртэй баймаар юм.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Оюунгэрэл “Төрөхөөсөө өмнө нэг сая, төрсний дараа нэг сая төгрөгийг нийгмийн даатгалаасаа авч байсан. Энэ мөнгийг ажил хийж нийгмийн даатгал төлж байсны үр дүн гэж баярлаж байлаа. Гэтэл энэ мөнгийг авч чадахаа болих гэж байх шиг. Харамсалтай байна” хэмээн ярьж сууна. Жирэмсэн эх төрөхийн өмнө таван сартайгаас эхлэн төрсний дараа долоон сар хүртэл сард 40 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Энэ нь нэг эхэд жилд 480 мянган төгрөг олгодог юм. Хэрэв ажил хийж байгаа бол төрөхийн өмнөх болон дараах хоёр сарын тэтгэмж авна. Энэ нь сүүлийн 12 сард авсан цалингийн дунджаар бодогдох бөгөөд нэг удаа ойролцоогоор сая орчим төгрөг авна. Энэ мэтчилэн жирэмсэн болон амаржсан эхчүүдэд өгдөг сарын 40 мянга төгрөгийг нэг жилд өгдөг байсныг долоон сар болгож өгнө гэсэн тооцоо гаргасан. Ингэснээр төсвөөс 9.2 тэрбум орчим төгрөг хэмнэх тооцоог хийсэн бололтой.
ХҮҮХДЭД ХАЛТАЙ ТӨСВИЙН ТОДОТГОЛ
Таналт үүгээр зогсохгүй. Хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтод бүлэгт өгөхөөр ярьж байна. Өөрөөр хэлбэл амьжиргааны төвшнөөс шалтгаалан 430 мянга орчим өрхийн хүүхдэд цаашид 20 мянган төгрөг өгнө гэжээ. Энэ нь одоо мөнгө авч буй хүүхдүүдийн 60 хувь нь болж байгаа аж. Харин зорилтот бүлгийн тодорхойлолтыг хэрхэн гаргах нь бас л сонин. Учир нь бид танил талаа тохойдон үгээгүй ядуу эсвэл ойгүй баян болж чадна. “Хүүхдийн мөнгө хасах, эхчүүдийн одонгийн мөнгө хасна гэж сууж байхын оронд гадаад, дотоод явдаг зардлаа багасгаж болно шүү дээ. Сайд дарга нарын унаад давхиж буй “жийп” машин, элдэв зардлыг багасгах хэрэгтэй” гэж ярих хүмүүс ч таарч байна.
БОЛЧИМГҮЙ ТАНАЛТ БОДЛОГОГҮЙ ҮЙЛДЭЛ
Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг багасгахыг Засгийн газар санал болгосон. Жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийг энэ тусламжид төсөвлөдөг аж. Хасаж танах арга хайж буй энэ цаг үед олон зүйлийг л хасаж танах төлөвлөгөө боловсруулсны нэг нь энэхүү тэтгэмж болов. Гэвч хуульд зааснаар төрийн албанд 26 ба түүнээс дээш жил ажилласан бол төрийн албан хаагчийн сүүлийн сарын цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгоно гэсэн байдаг. Манай улсад жилд дунджаар төрийн алба хашдаг 10 мянга гаруй иргэн тэтгэвэрт гардаг гэсэн судалгаа бий. Төрийн албан хаагчийн цалинг дунджаар 500 мянган төгрөг гэж тооцвол 36 сарын цалинтай дүйцэх мөнгөн тусламж 18 сая төгрөг болох юм. Тэгвэл жилд нэг удаагийн буцалтгүй тусламжид 180 тэрбум төгрөг зарцуулах нь. 36 сарын цалин зарим эмч, багш болон бусад төрийн албан хаагчийн хөдөө орон нутагт ажиллах хөшүүрэг байсан юм.
Болчимгүй таналтыг эсэргүүцэгчид цахим ертөнцөөр дэмжихгүй байгаагаа илэрхийлсээр. Тэд толгойгоо ажиллуулдаггүй түшээддээ сөргүүлэн шаардлагагүй, танаж болох зардлыг санал болгож байна. Үүнд, дэд сайдаас эхлээд олон албан тушаалтны хэрэг байхгүй, “хогийн” уут шаардлагагүй, оюутны тэтгэлэг зэргийг багтаажээ.
Засгийн газарт ядаж энэ мэт танаж болох, араасаа нэхэл дагуул болоод байхааргүй зардлаа хасахыг олон нийт шаардаж байна. Хүүхэд нялхас, өндөр настнуудын халамжийг танана гэдэг нь зарим хүнд улс төр хийх өгөөш болж буй бололтой.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: