Д.Эрдэнэбат: Хатуу боловч дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого барина
Аж үйлдвэрийн яам энэ Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн болж байгаа. Шинэ оны босгон дээр салбарын сайд Д.Эрдэнэбат ямар бодлого чиглэлээр ажиллах тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Энэ үеэр түүнтэй хүнд, хөнгөн үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбартай холбоотой ямар хуулийн төслүүдийг оруулах зэрэг асуудлаар ярилцлаа.
-Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдлаа. Яамны бүтэц, зохион байгуулалт, бодлого ямар байх талаар яриагаа эхлүүлье?
-Аж үйлдвэрийн яамны гол зорилго нь Монгол орныг хэрэглээний эдийн засгаас бүтээгчдийн гарт орсон эдийн засагт шилжүүлнэ гэсэн томьёолол байна гэж ойлгож байгаа. Сүүлийн үед манай улсад аж үйлдвэрийн хөгжил, гадаадын худалдаа харилцаа, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн бодлого хоцрогдож явсан нь үнэн. Тиймээс бид туулж өнгөрүүлснээсээ сургамж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол оронд үйлдвэржилтгүй бол дэлхий нийтийн жишигт хүрч ажиллах, зах зээлээ тэлэх, экспортынхоо тогтвортой байдлыг хангах, импортоор орж ирж байгаа урсгалыг бууруулах ямар ч боломжгүй болсон гэдгийг ойлгосон гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар аж үйлдвэрийн яам долоон газартай, долоон хэлтэстэйгээр зохион байгуулагдлаа. Аж үйлдвэрийн яамны дэд сайдаар Б.Батзориг томилогдсон. Бусад хэлтсийн дарга нараар залуучуудыг томилохоор шийдвэрлэж байгаа.
Учир нь аж үйлдвэрийн газрууд хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрүүд, гадаад дотоод худалдаа нь өөрөө мэргэжлийн шаардлага хангасан мэргэжилтнүүдийг шаардаж байна. Тиймээс бид бүтцээ хуучин яамны бүтэц дээр нэмэхээс гадна ихэвчлэн мэргэжлийн чиглэлийн залуучуудыг сонгож ажиллуулахаар бүтцээ бэлэн болгосон. Бидний зорилго гурван хэмжээст хуваагдаж байгаа. Нэгдүгээрт, энэ яам 1.5 жилийн хугацаанд юу хийхээ тодорхой томьёолох ёстой. Хоёрдугаарт, дунд хугацааны хөтөлбөрөө, стратеги төлөвлөгөөгөө гаргана. 5-10 жилийн хооронд Монгол орны аж үйлдвэрлэлт ямар төвшинд хүрсэн байхаа тодорхойлох шаардлагатай. Гуравдугаарт, урт хугацааны хөтөлбөр. 10-20 жилийн хооронд Монгол орны нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг мөн тодорхой болгосон байна. Энэ хүрээнд ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа.
-Танай салбарт тулгамдаж байгаа асуудал олон бий. Гэхдээ энэ оны ажлаа юунаас эхлүүлэх вэ?
-Хамгийн эхний хийх ажил бол дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдээ дэмжих алхмуудыг бодитойгоор хийнэ. Өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлын нэг гол хэсэг нь экспорт. Экспорт татарсан энэ үед дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тэгэхээр дотоодынхоо бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр импортын барааны гаалийн тарифыг өөрчлөх тухай танилцуулгыг боловсруулж УИХ, Засгийн газарт оруулна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчид юу хийж чаддаг түүнд нь тулгуурласан дотоодынхоо үйлдэрлэлийг дэмжих татвар тарифын ялгавартай бодлогыг УИХ, Засгийн газарт өргөн барихаар шийдвэрлэсэн. Энэ нь өнөөдрийн байгаа дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэрүүдийг тэтгэх, дэмжих, өөрсдөө дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэх нөхцөл боломжийг маш өргөн болгоно гэж үзэж байгаа юм.
-Сүүлийн арав гаруй жил импортын татварын бодлогод өөрчлөлт ороогүй. Тэгэхээр үүнд өөрчлөлт орвол чамгүй олон боломж гарах байх?
-Импортын татварыг ялгавартай тогтоох чиглэлээр холбогдох салбаруудаар явсан. Мөн мэргэжлийн хүмүүсийн үгийг сонссон. Монголд юу хийж чаддаг, түүнийхээ импортын татварын асуудлыг цэгцэлнэ. Импортын татварт 1999 оноос хойш өөрчлөлт оруулаагүй. Хүнсний гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний чиглэлийн татвар олон жил огцом өөрчлөгдөхгүй явсныг нэмнэ. Учир нь Монголдоо хүнсний бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, гурилаа үйлдвэрлэж чадаж байна. Мөн арьс ширэн үйлдвэрлэл байна. Гутлын үйлдвэрээ дэмжих шаардлага үүсч байгаа. Үүнтэй холбоотой импортоор авдаг бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн асуудалд татварын зохицуулалт хийхээс өөр аргагүй. Хоёрдугаарт, ган төмөрлөгийн үйлдвэрийг байгуулаад, гангаа үйлдвэрлэж эхэлсэн бол цул ган хийцийг импортоор авдаг байдлыг татвараар зохицуулалт хийх хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөмбөлөг гэдэг зүйлийг олон жил ярьсан. Хэрэв бид өөрсдөө гангаа үйлдвэрлэж чадаж байгаа бол импортоор орж ирдэг татварыг нэмэхээс өөр аргагүй. Мөн Монголд шинэ машин орж ирэхэд бараг татваргүй байдгийг болино. Шинэ хуучин автобус орж ирэхэд татвар төлөхгүй орж ирдэг байсан бол одоо автобусанд нь татвар авдаг болно. Харин автобусны сэлбэг, машин угсрах сэлбэг, эд ангиудыг оруулж ирээд Монголдоо машин угсарч үйлдвэрлэх, түүнийг нь зохицуулах боломж бидэнд байна. Үүнийг нь дэмжээд сэлбэгийн үнийг хүртэл тэглэж болно гэдэг зүйлийг ярьж байна. Энэ мэт байдлаар үзвэл импортоор орж ирж байгаа 90-ээд нэр төрлийн бараанд татварын өөрчлөлт, хөдөлгөөн хийх боломж байгаа гэж харж байгаа. Тиймээс үүнийг шуурхай хийх ёстой. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Татвартай холбоотой асуудлаар жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, НӨАТ-аас чөлөөлөх, татварын хувь хэмжээг багасгах чиглэлээр манай яаман дээр яриагүй. Гэхдээ бодлогын хүрээнд энэ асуудал яригдаж байгаа. Орлогын албан татварын 90 хувийг багасгаад буцаагаад өгдөг хэлбэр рүү явья гэдгийг Татварын ерөнхий газар, Сангийн яамнаас гаргасан Татварын багц хуулийн хүрээнд хэлэлцсэн.
Өнөөдөр Аж үйлдвэрийн яаман дээр үйлдвэрлэлийг дэмжих бүх зүйлээ бид эргэж харья гэж байгаа. Эхлээд экспорт татарсан энэ үед дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих бүх чиглэлд боломжтой ажлуудыг хийе. Ямар нэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжихдээ замбараагүй байдлыг хална. Цаашлаад бидний тавьж байгаа зорилгод нийцсэн үйлдвэрлэл дээр хүнд суртал үүсгэхгүй, зөвшөөрлийг нь өгөх, тэдний хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл рүү илүү либераль хандана гэсэн байр суурийг барина.
-Танай яамны зүгээс энэ чиглэлээр хэр судалгаа, шинжилгээ хийсэн бол?
-Аж үйлдвэрийн яаман дээр экспорт, импорт, худалдааны асуудлаар чиг үүрэг өгсөн. Эдгээр асуудлыг үндсэнд нь бодлогын бичиг баримт, зохицуулалтынх нь хувьд манай яам хариуцана. Экспортыг аж үйлдвэрийн яамнаас 100 хувь хамаарч хийхгүй байгаа. Уул уурхайн компаниудаас нийт Монголын экспортын 90 гаруй хувь хамааралтай байна. Тиймээс манай яамтай шууд холбох нь хүндрэлтэй. Харин уул уурхайгаас бусад салбарын экспортын өсөлт бидний үйл ажиллагаатай холбоотой гэсэн зааг ялгаа байгааг ойлгох хэрэгтэй. Аж үйлдэрийн яаманд олборлох болон баяжуулах үйлдвэр хамааралгүй байдаг. Боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл нь манайд хамаатай гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ баримт бичгээр ямар асуудлыг түлхүү зохицуулахаар тусгасан бэ?
-Яам бүрэлдэн тогтосноосоо хойш бид Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогын бичиг баримт дээр ажиллах ажлын хэсгийг байгуулаад ажилдаа орсон. Нэгдүгээрт, Төрөөс аж үйлдвэржилтийн бодлогыг томьёолохдоо хамгийн түрүүнд экспортын чиг баримжааг тэргүүлсэн аж үйлдвэрүүдийг дэмжих чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж бодож байгаа. Хоёрдугаарт, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих чиглэл байна. Өнөөдөр Аж үйлдэрийн яаманд хуулийнхаа дагуу олборлох, баяжуулахаас бусад боловсруулах болон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн бүх үйлдвэрүүд харьяалагдаж буй. Үүнтэй холбоотой эрх зүйн бичиг баримтын шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага тулгарч байгаа учраас үүнд анхаарч ажиллаж байна. Энэ оны УИХ-ын намрын чуулганд багтаагаад Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогоо батлуулж авна. Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр боловсруулагдаж байгаа Үйлдвэржилтийн тухай хуулиа хамтарч хэлэлцээд, энэ хуулийг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаа, чөлөөт бүсүүдийг сэргээх, аж үйлдвэрийн паркыг Монгол Улсад бодитоор бий болгоход чиглэгдсэн хэд хэдэн хуулийн төслүүдийг яаралтай оруулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотой Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хуулийн өөрчлөлт, Худалдааны тухай хуулийг шинээр боловсруулахаар төлөвлөөд байна.
-Аж үйлдвэрийн парк олон жил гацаанд ороод байгаа асуудлын нэг. Үүнийг хэрэгжүүлэхэд олон тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдах нь мэдээж. Гэхдээ ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх боломж хэр байгаа гэж харж байна вэ?
-Чөлөөт бүсийн тухай хуулийг бид УИХ-д өргөн бариад, хэлэлцүүлэхээр шийдвэрлээд анхны хэлэлцүүлэгт орж байгаа. Энэ хэлэлцүүлгээр Чөлөөт бүсийн хуульд бүх эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийг яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудлыг төсвийн хөрөнгөөр болон хөрөнгө оруулагчтай хамтран хийж болно гэх зэрэг бүх заалтыг тусгасан учраас энэ асуудалд гацаа үүсэхгүй байх. Энгийн нэг жишээ хэлэхэд Замын-Үүдийн чөлөөт бүс өнөөдөр дэд бүтцийнхээ хувьд боломжийн хэмжээнд цэгцэрсэн. Харин үүн дээр хөрөнгө оруулагчдыг татан оруулахад зорилготой, хөгжлийнхөө бодлого, худалдааны бодлого руу хандсан тухайн газруудын асуудлыг шийднэ. Ингэхэд тухайн хөрөнгө оруулагчид тус газрын дэд бүтцийн асуудлыг шийдээд, барилга байгууламжаа бариад явах бүрэн бололцоо үүснэ гэж харж байгаа. Ер нь аж үйлдвэрийн паркыг олноор байгуулах бүсчиллийн Монгол Улсынхаа зураглалыг гаргана. Энэ зурган дээр аж үйлдэрийн парк олон янзаар тодорхойлогдоно. Хүнд аж үйлдвэрийн парк гэж байна. Худалдааны чөлөөт бүсийн буюу хилийн боомт дахь аж үйлдвэрийн парк. Жижиг дунд үйлдвэрийн аж үйлдвэрийн парк байна. Мөн шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн парк зэрэг олон ангилал руу шинэ хуулиар орох учраас тухайн байршилд нь гадны болон дотоодын таарсан хөрөнгө оруулалтыг шууд татах боломжтой хэлбэрээр зохион байгуулахад эрх зүйн хувьд бүрэн нээлттэй болно. Аж үйлдвэрийн парктай холбоотой нэг зүйлийг нэмж хэлье. Монгол Японы хооронд байгуулж байгаа Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг хоёрдугаар сард багтаж дуусгах төлөвлөгөөтэй. Хэрэв бид энэ хэлэлцээрийг батлах юм бол Японы хөрөнгө оруулагчтай Монголын хөрөнгө оруулагчдыг хамтруулан Монгол аж үйлдвэрийн парк хэлбэрээр Японы шинэ техник, технологи дээр суурилсан үйлдвэрүүдийг оруулж ирэх юм. Үүнд суурилсныхаа дараа мэргэжлийн боловсон хүчин, ажлын байрыг хангах чиглэлээр нэлээд тууштай бодлогын хэмжээнд ажиллахаар төлөвлөж байна. Өнөөдөр аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс байгуулахад татвар бидний хувьд чухал биш. Зөвхөн татвараар амьдардаг гэдэг Монгол сэтгэлгээг халж, бид өнөөдөр аж үйлдвэрийн парк дээр шинэ технологийг оруулах, шинэ үйлдвэрүүдийг байгуулах, Монгол Улсыг өрсөлдөх чадвартай болгох, ажлын байрыг олноор бий болгох, ажлын байранд үнэхээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх чиглэл рүү Монгол Улс өөрөө явах ёстой гэсэн зарчмыг тэргүүлэх чиглэл болгон баримтлана.
-Эрх зүйн хувьд нэлээд зохицуулалт хийгдэх нь. Дээрээс нь аж үйлдвэржилтийн зураглал гаргана гэлээ. Бүсчилсэн зураглалтай болох нь ямар давуу талтай байх бол?
-Хуучны үйлдвэржилтийн талаарх замбараагүй ойлголтыг Аж үйлдвэрийн яам цэгцлэх ёстой. Тиймээс Аж үйлдвэрийн яамны нэг гол цэгцлэх асуудал нь Монгол Улсын аж үйлдвэржилтийн зураглалыг шинээр тогтоож гаргах. Хаа дуртай газраа үйлдвэр байгуулдаг, чанартай, чанаргүй технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хоорондын өрсөлдөөнөөр бие биеэ татан унагадаг, ямар ч тооцоо судалгаагүй явдаг жишгийг өнөөдрөөс эхлэн халах нь зүйтэй гэж үзэж байгаа. Иймд хүнд үйлдвэр нь хаана, хөнгөн үйлдвэр нь хаана байрших, чөлөөт бүсүүдээ хаана байгуулах зэрэг аж үйлдвэрийнхээ зураглалыг гаргаж УИХ, Засгийн газарт танилцуулна. Монгол орон өөрийн гэсэн газар, орон нутгийн онцлогтой. Тухайлбал, байгалийн үзэсгэлэнт олон газар бий. Тэднийгээ хамгаалах нөхцөл үүсдэг.Түүнчлэн цаг агаарын онцлогтой нөхцөл байдлууд гардаг. Хязгаар нутгууд, эрчим хүчний дутагдалтай газрууд байгаа. Мал аж ахуйгаа заавал хөгжүүлэх ёстой газрууд дээр үйлдвэр давхардлын нөхцлүүд үүссэн байгаа. Тогтолцооны хувьд ийм хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдлүүдийг энэ аж үйлдвэрлэлийнхээ зураглалаар цэгцлэх болно. Тиймээс энэ ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтааж нэг тийш нь шийдвэрлэнэ.
-Жижиг, дунд, хөнгөн үйлдвэрээс эхлээд хүнд үйлдвэржилттэй холбоотой хяналт, стандартын асуудал гарах болов уу. Үүнд яамны зүгээс ямар зохицуулалт хийх вэ?
-Аж үйлдвэрийн яаманд үйлдвэртэй холбоотой бүх стандарт холбоотой болж байгаа. Энэ чиглэлээр судалгаануудыг явуулна. Харамсалтай нь хуучин жишгээр явна гэхээр Стандартчилал хэмжил зүйн газар Шадар сайдын мэдэлд байдаг. Чиглэлийн хувьд буруу байна гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт асуудал оруулна. Стандартчилал хэмжил зүйн газар яг стандартчиллынхаа утгаар Аж үйлдвэрийн яаманд байхаас өөр гарц байхгүй. Нэг боолт, нэг деталь хийхэд стандарт шаарддаг. Өнөөдөр үүнийг зохицуулдаг эрх зүйн орчин болон байгууллага манай улсад байхгүй байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, бид машин үйлдвэрлэхэд бэлэн бус байна. Монголд үйлдвэрлэсэн машин ямар чанартай байх нь хамаа байхгүй. Тухайн үед нь стандартын шаардлага хангаж байвал хамгийн түрүүнд монголчууд худалдан авах үүргийг нь өгнө. Ер нь Монголынхоо бүтээгдэхүүнийг чанаргүй гээд гадаадын үнэтэй бараа авдаг байдлаас аль болох татгалзах ёстой. Ингэж байж бид хөгжинө. Үүнд нэлээд хатуу бодлого явуулахаас биш хэн нэгэн аманд орсон нь Төрийн бодлого ярьж болохгүй гэж үзэж байгаа. Ядаж ширээ сандалаа эх орондоо үйлдвэрлэдэг болно. Монголын ширээ сандлаа авдаг, үүний стандартыг тогтоож өгнө. Бэлэн ширээ сандал оруулж ирдэг явдал Монголд байж болохгүй. Энэ мэт жаахан хатуу бодлого руу явна. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг гаднаас явсан юм бүхэн сайхан гэж үздэг энэ гаж хэсгээс салахгүй бол Аж үйлдвэрийн яам байх хэрэггүй гэж бодож байна.
Зууны Мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hehe yag unengeesee demjeerei agaa