70 мянгыг гурваас дээш голч оноотой оюутанд олгох санал гаргалаа
Оюутан бүрт өгдөг үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн асуудлаар Монголын оюутны холбооноос мэдэгдэл хийлээ. Улсын төсөвт жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон урамшууллын тэтгэлэгт төсөвлөдөг байна.
2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийт 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон аж.
Энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа учир МОХ болон 20 гаруй их дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар Үндэсний тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах хэд хэдэн саналыг гаргалаа.
Үүнд:
- Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчилөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.
- Мөн магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
- Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
- Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журманд өөрчлөлт оруулах.
Ингэснээр эдийн засгийн хямралд орсон энэ цаг үед төсөв хэмнэгдэнэ хэмээн МОХ-ныхон болон 20 гаруй их дээд сургуулийн төлөөлөл мэдэгдлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ маш зөв,ядаж оюутнуудыг хариуцлагатай болгоно,аа бас хажуугаар нь багш нар бизнес хийнэ шүү дүн дээр үүнийг анхаарай дүнг мөнгөөр тавьж эхлэнэ шүү