МАН-ын бүлэг алдарт эхийн одонгийн мөнгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэв

20140122102643 УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ оны анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол, дагалдах хуулийн төслүүд, дэд хорооны дарга нарыг сонгох тухай байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж иржээ. Харин МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг анхнаасаа баримталж байсан бөгөөд улс орноо өрийн дарамтад оруулж болохгүй гэсэн энэхүү байр сууриндаа одоо ч хэвээр гэдгээ дахин илэрхийллээ.

 

Энэ  талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны эдийн засаг хүндэрч, хямарсныг удаа дараа хэлж байгаа. Төсвийн тодотголоор орлого, зарлагыг тус бүр 905 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн. Улс орон хямралтай, ард иргэдийн амьдрал хүндэрсэн үед энэ нь сайн шийдэл биш. Улс орон хүнээр ярих юм бол хүндээр өвдсөн байна. Өвчнийг эмчлэх шаардлагатай. Харин эм бол гашуун байгаа. Ард иргэд бидэнд хүнд тусч байгаа. Эм хэдий гашуун ч гэсэн өвчинд тустай. Тийм учраас шийдэх ёстой шийдлүүдийг арга буюу гаргахад хүрч байгаа.

 

Гэхдээ хямралтай үед гаднаас их хэмжээний зээл авч байдлыг улам хүндрүүлж болохгүй. Хоёр нам байгуулсан гэрээндээ Монгол Улсын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хувь хэмжээг хэвээр хадгалах, нэмж зээл авахгүй гэж тохиролцсон. Харамсалтай нь өрийн таазыг 70 хувьд хүргэх төсөл оруулж ирлээ. Өнөөдөр мөрдөгдөж буй хуулиар өрийн босго 40 хувь байх ёстой. Өмнөх Засгийн газрын үед энэ хэмжээг 49.7 хувьд хүрсэн гэж ярьдаг байсан. Өнөөдрийн байдлаар өрийн босго 55.2 хувьд хүрчихсэн байна. Өмнө нь авсан зээлийг буцаагаад өгч чадахгүй учраас өрийн босгыг одоо байгаа төвшинд нь хадгалах, хоёр намын гэрээнд заасан зарчмыг баримтлах ёстой” гэлээ.

 

МАН-ын бүлэг төсвийн тодотголоор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ирэх долоо хоногт байр сууриа нэгтгэж танилцуулахаар болов. Мөн Алдарт эхийн одонгийн мөнгийг цааш үргэлжлүүлэн олгох ёстой гэж үзэж байна. Одонгийн мөнгийг улсын хэмжээнд 210 мянга орчим ээж авдаг. Тэдний 90 хувь нь 55-аас дээш настай. Хэрвээ одонгийн мөнгийг танавал одоо хамрагдаж байгаа ээжүүдийн 90 хувь нь уг тэтгэмжийг авах боломжгүйд хүрнэ гэж тооцоолжээ.

 

0-18 насны хүүхэд бүрт сар болгон олгодог 20 мянган төгрөгт жилд 246 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний 95 тэрбумыг хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг хүүхдийг алагчилж ялгаварлах нь зөв үү, буруу юу гэдэг талаар ярилцаж байж шийдлээ гаргахаар болов. 2015 онд 500 саяас дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дүнг 50 хувиар бууруулах саналыг Засгийн газар оруулж ирсэн. 386 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг багасгах энэ саналыг оновчтой шийдэл биш гэж МАН-ын бүлэг үзэж байна.

 

Мөн хямралыг гэтлэх богино хугацааны төлөвлөгөөг УИХ-аар яаралтай хэлэлцүүлж батлуулах чиглэлээр Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа мэдэгдлээ.

 

Б.Чойжилсүрэн: Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш

 

Төсвийн тодотголыг дагалдаж өргөн баригдсан хуулиудын хүрээнд хэд хэдэн татварыг шинээр авахаар оруулж ирснийг төсвийн тодотголын ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тухайлбал, авто тээврийн хэрэгслийн татварын хэмжээг тогтоох, дээд хязгаарыг нь нэмэгдүүлэх, хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн малын хөлийн татварын хэмжээг тогтоох эрхийг орон нутгийн ИТХ-ын мэдэлд өгөх, үл хөдлөх хөрөнгийн татварыг 3 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал тусгасан байна. Тэрээр хэлэхдээ “Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш. Бууны татварт одоогийн байдлаар иргэд 4000-6000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулийн төслөөр 50-100 мянган төгрөг болгох санал оруулж ирсэн. Энэ мэтчилэн татвар нэмэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа” гэв.

 

Түүнчлэн шинээр бий болох нийслэлийн татварын хүрээнд бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсанаар дөрвөн хувьд хүрэх аж. Б.Чойжилсүрэн гишүүн энэхүү татварыг талхаар жишээлж тайлбарлав. Тухайлбал, үр тариа борлуулах, үйлдвэрээс талх болоод гарах, хүнсний дэлгүүрт очих гэх мэт шат дамжлага бүрт суутгал тооцогдолгүй тус бүр нэг хувийн татвар авах гэнэ. Харин энэ татвараас олсон мөнгийг юунд зарцуулахыг хуулийн төсөлд огт тусгаагүйг тэбрээр хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих