Хандивын хариуд баялгаа “бэлэглэжээ”
Шийдлийн Засгийн газар авдрын ёроолыг ухаж атга гурил гаргахын төлөө үйлээ үзэж, үсээ зулгааж байна. Ямартаа л хүүхэд, хөгшдөд өгсөн хэдэн цаасаа буцаан татах тухай хэлэлцэж эхлэв. Хэдийгээр их мөнгөний хэмнэлт гарахгүй ч чамлахаар чанга атгахаас өөр аргагүй. Харин Орон нутгийн хөгжлийн санг оролдвол юун атга шуудай гурил гарах бололтой юм. Тэр ч бүү хэл, хэмнэлтийн хэмжилт ч нэмэгдэж болохыг Авлигатай тэмцэх газрынхны шалгалтын дүнгээс харж болно.
Аймаг, сумын ойн арга хэмжээ шил дараалан болсон. Ёстой л найрын ширээ дамжсаар зуныг үдэж, эдийн засгийн хямралаа ч анзаараагүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ойн арга хэмжээнд зориулсан хандив, тусламж уул овоо шиг хуримтлагдаж, нэлээд хэдэн хүнийг хөлжүүлэв. Хамгийн гол нь хандивын хариуд газар нутгаа хэсэгчлэн өгсөн ноцтой зөрчил гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатараас сумдын Засаг дарга нарт 2013 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 01/624 албан бичгээр хандивын ажил зохион байгуулах тухай, мөн сарын 25-ны өдрийн 01/626 дугаартай албан бичгээр Үндэсний их баяр наадам, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ард, иргэд, бүх шатны төр захиргааны байгууллагуудад нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг хүргүүлжээ. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын цалингаас нэгдсэн байдлаар хандивын тоглолтын тасалбарын үнийг суутгасан аж. Ингэснээр аймгийн 90 жилийн ой тэмдэглэх хүрээнд аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчдаас нэг өдрийн цалингийн дүнд 40.226.523.0төгрөг, сумдын албан хаагчдын нэг өдрийн цалингийн дүнд 59.173.520.2 мянган төгрөгийг төвлөрүүлэх нь тэр. Хэдийгээр хандив сайн дурын, албадлагын шинжгүй байх учиртай ч энэ зарчим хэдийн алдагдав.
Түүнчлэн дээрх арга хэмжээний хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сан болон “Нутгийн хөгжилд миний оролцоо” ТББ-ын дансанд орсон орлогын тооцоогоор уул уурхайн салбар, газар тариалан, аялал жуулчлал, хандивын тоглолтын тасалбарын орлого, уяачид болон Нутгийн зөвлөл бусад 436 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 919.604.7 мянган төгрөг төвлөрчээ.
Гол нь хандивлагчдын жагсаалтыг харвал Заамар сумын “Тод Ундарга” ХХК 20 сая төгрөг, “Редвулкан” ХХК азарга насны морины шагнал, морин хуур 10 ширхэг, таван сая төгрөгийн хамт, “Заамар Довон” ХХК 10 тонн улаан буудай хандивласан байна. Хариуд нь “Тод Ундарга” ХХК компанид сумын Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 108 захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр болжээ. Мөн “Редвулкан” ХХК-д сумын Засаг даргын 2013 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар алт олборлох зориулалттай газар эзэмшүүлэх “эрхээр шагнав”. Түүнчлэн “Заамар Довон” ХХК-д сумын Засаг даргын 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 345 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар үтрэмийн зориулалтаар газар эзэмшүүлэх болсон байгаа юм. Аяганы хариу өдөртөө гэж энэ.
Түүнчлэн Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч БНХАУ-ын “Тэн Хун” ХХК-ийн захирал ӨҮ ЯН ЛҮН АО сумын Засаг дарга Д.Ганболдтой байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ” бий. Гэрээний хүрээнд 2013 оны тавдугаар сарын 7-нд 90 жилийн ойн хандивт 10 сая төгрөг, мөн сарын 16-нд хандивын тоглолтын тасалбарын үнэд 1.5 сая төгрөг, зургаадугаар сарын 11-нд 40 сая төгрөг хандивласан аж. Өөрөөр хэлбэл, Жаргалант сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч БНХАУ-ын “Тэн Хун” ХХК-аас нийт 160 сая төгрөгийн хандив авчээ. Үүнийхээ 50 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд байршуулсан бол 50 саяыг аймгийн 90 жилийн ойд зориулан “Нутгийн хөгжилд миний оролцоо” ТББ-д шилжүүлсэн байна. Мөн 50 сая төгрөгийг “Жаргалант бүтээн байгуулалт” төрийн бус байгууллагыг 2013 оны тавдугаар дугаар сарын 1-нд байгуулан байршуулсан нь анхаарал татна. Гэхдээ үүнээс илүү ноцтой зүйл нь Жаргалант сумын Засаг даргаас 2013 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн А/199 дугаар захирамжаар хандивлагч “Тэн Хун” ХХК-д Уул уурхайн суурьшлын бүсийн барилга, байгууламжийн дэвсгэр газрын зориулалтаар эзэмшдэг газрыг таван жилийн хугацаатайгаар сунгаж ашиглуулах шийдвэр гаргажээ. Үүгээр үл барам “Сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр төрийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг бусад байгууллагаас шалгаж, хянахыг хориглоно”, ”Сумын Засаг даргын Тамгын газрын нэрээр тус компаний хуулийн дагуух хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад хийхгүй байх”-аар харилцан тохиролцсон байх юм.
Ийнхүү газрын хэвлий дэх баялагаа хэсэгчлэн арилжиж, мөнгөөр нүүрээ угааж суудаг тэдэнд эдийн засаг хямрал мэдрэгдэх битгий хэл дуулаагүй сууж байж ч мэдэх юм. Иймээс хэмнэлтийн хэмжилтийг тийш нь хийж эхэлбэл дээргүй юү, Ерөнхий сайд аа. Орон нутагт төсвийн эрх мэдлийг олгох учиртай гэж ардчилсан Ерөнхийлөгчөөс эхлэн хашгирдаг. Орон нутаг хөрөнгөө дур мэдэн зарцуулдаг болох нь жинхэнэ утгаараа ардчилал гэж номчлох нь ч бий. Гэтэл бодит төрх нь энэ. Орон нутагтаа ямар сургууль, цэцэрлэг баригдаж байгааг мэддэггүй атлаа хэрхэн мөнгө угаах аргаа тэд андахгүй. Үүний тод жишээ нь Сэлэнгэ аймаг. Ерөнхий сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг дагалдан явсан албан хаагчдыг хүлээн авах, хооллох, зочид буудлын төлбөрийг хийх, 2013 онд улсын аварга болсон Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх, шагнах, түүнд зориулсан наадам болон үндэсний их баяр наадам зэргийг зохион байгуулахад орон нутгийн төсвийн хөрөнгөөс 112.801.191 төгрөгийг гаргажээ. Зөвхөн улсын аварга Г.Эрхэмбаярыг шагнах, түүнд зориулсан баяр наадам зохион байгуулахад зориулж таван удаагийн захирамжаар нийт 52.691.700 төгрөгийг зарцуулсан аж. Хэдийгээр Г.Эрхэмбаяр нь улсын аварга болсон тохиолдол нь цаг үеийн шинжийг агуулсан гэж болох ч үүнтэй холбогдуулан наадам зохион байгуулж, хөрөнгө зарцуулах нь Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт гэж ойлгоход төвөгтэй. Энэ мэтчилэн Орон нутгийн сан болоод удирдлагуудыг тойрсон мөнгөний асуудал мундахгүй. Тийн атал толгойг нь илж, гарын мөнгө олгох нь зүйтэй хэмээн ардчиллынхан ам нэгтэй хэлэх нь бий.
Үргэлжлэл бий…
Л.НИНЖСЭМЖИД
www.new.mn
URL: