Аналоги системиийн нэвтрүүлэгч станцуудыг унтраана

efwwМэдээллийн даяарчлалын нийгэм болох XXI зуунтай монголчууд хөл нийлүүлэн алхаж байна. Өнөөдөр бид өндөр хурдны интернетээр аялж, хүссэн мэдээллээ авахаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс дуртай цагтаа харилцаа холбооны сүлжээгээр хоорондоо харилцдаг болсон. Учир нь мэдээллийн технологийн салбар өдөр, цаг, минут тутам асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байна.

Энэхүү хурдацтай хөгжлийг дагаад Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) болон Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас (МТШХХГ) санаачлан эхлүүлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ХХЗХ-ны ахлах мэргэжилтэн З.Амгалангаас тодрууллаа.
-Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас өөрийн гишүүн улс орнууддаа 2015 он гэхэд телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд шилжихийг уриалсан. Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх, станцуудыг суурилуулах ажлын явцын талаар танилцуулна уу.

-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн ам төвлөрөн суурьшсан нийт 361 сум суурин болон Улаанбаатар хотод  тоон телевизийн дахин дамжуулах станц суурилуулахаар төлөвлөсөн юм. Өнөөдөр бид орон даяар суурилуулсан нийт 371 тоон телевизийн дахин дамжуулах станцыг ашиглалтад хүлээн аваад байна. Төлөвлөгөөний дагуу 10 тоон телевизийн станцыг Улаанбаатар хотод, 361 тоон телевизийн станцыг сум, сууринд суурилуулсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотод Телевизийн төв цамхаг, Баянхошуу, Чингэлтэй уул, Гачуурт, Биокомбинат, Өлзийт, 61-ийн гарам, Бэлх, Багахангай зэрэг газруудад тоон телевизийн станцууд суурилуулсан. Одоо тус хороонд Монгол Улсын зах зээлд худалдан борлуулагдах Олон улсын болон үндэсний стандарт шаардлагад нийцсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг баталгаажуулах ажил хийгдэж байна.

-Одоогийн байдлаар хэдэн өрх тоон телевизийн хүлээн авах төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай байна вэ?

-Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж нь зөвхөн телевизийн өргөн нэвтрүүлгийг дотор болон гадна антенаар үнэгүй хүлээн авч үздэг үзэгчдэд хамааралтай юм. Харин олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлэг дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулсан гэрээний үндсэн дээр сар бүр төлбөр төлж интернет телевиз (IPTV), кабелийн телевиз, агаарын олон сувгийн телевиз болон хиймэл дагуулын телевизийг хүлээн авч үзэж буй айл өрхүүдэд хамаарахгүй болно. Ажлын хэсгийн судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 35 хувь буюу нийслэлд 74 мянга гаруй айл өрх, орон нутагт 96 мянга гаруй айл өрх энэхүү тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах нэмэлт төхөөрөмж худалдан авах шаардлагатай байгаа.

-Тоон телевизийн технологид шилжсэнээр үзэгчдэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Өнөөдөр эфирийн телевиз үзэж байгаа нийслэл болон аймаг, сумдын үзэгчид нь дуу, дүрсний чанарын наад захын шаардлага хангахгүй телевизийн сигнал хүлээн авч байна. Үүний гол шалтгаан нь телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж буй технологи нь аналог систем байгаатай холбоотой юм. Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлснээр хэрэглэгчдэд дуу, дүрсний өндөр чанартай нэвтрүүлгийг хүргэх өөрөөр хэлбэл, эфирийн телевиз үздэг айл өрхүүд нь телевизийн өргөн нэвтрүүлгийг DVD-тэй ижил чанартай дуу, дүрстэйгээр хүлээн авч үзэх боломжтой болно. Эдгээр айл өрхийн хувьд зөвхөн тоон системийн хувиргагч төхөөрөмжтэй байхад л хангалттай.

-Иргэд тоон технологид шилжихээр хуучин зурагт нь хэрэггүй болно гэж ойлгоод байгаа. Энэ үнэн үү? Ямархуу техникийн нөхцөл шаардах вэ?

-Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системээс тоон технологид шилжихтэй холбоотойгоор үзэгчид зурагтаа солих шаардлага гарахгүй. Харин хувиргагч төхөөрөмжийг хэрэглэгч нэмэлтээр авах шаардлагатай. Энэ төхөөрөмж нь агаараас хүлээн авсан тоон сигналыг хэрэглэгчийн хуучин зурагтад тохирох сигналд хувиргадаг төхөөрөмж байгаа юм. Хэрвээ ийм төхөөрөмж авахгүй гэвэл зориулалтын телевиз нь ч бий. Гэхдээ энэ 2-ын хооронд үнийн зөрүү их байна. Манай байгууллага энэхүү хөтөлбөрийн хүрээнд тоон телевизийн багц стандартыг боловсруулж, батлуулсан бөгөөд телевиз худалдан борлуулагч нарт сургалт, семинар хийн хамтарч ажиллаж байгаа.

-Хувиргагч төхөөрөмж нь дунджаар хэдэн төгрөгийн үнэтэй борлуулагдах вэ?

-Одоогоор манай байгууллага стандарт шаардлага хангасан нийт 7 аж ахуйн нэгж, байгууллагын Монгол Улсын зах зээлд борлуулах тоон телевизийн хувиргагч төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгоод байна. Энэ төхөөрөмж нь техникийн боломж, үзүүлэлтээсээ шалтгаалан зах зээлд 50-70 мянган төгрөгийн үнэтэй зарагдах хандлагатай байна.

-Таны хэлж буйгаар хэрэглэгчид хамгийн хямддаа 50 мянган төгрөгийн хувиргагч төхөөрөмж авах шаардлага гарах нь. Тэгэхээр зарим иргэдэд санхүүгийн хувьд хүндрэлтэй юм биш үү?

-Юуны түрүүнд иргэд үүнийг технологийн дэвшил гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнө нь телевиз үздэггүй байхдаа шинээр зурагт худалдаж аваад хүн бүр технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхсан. Яг үүнтэй адилхан хөгжлийн дараагийн шат нь тоон технологи юм л даа. Хамгийн гол нь энэ үйлчилгээг төрөөс үнэгүй хүргэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Засгийн газраас 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дүнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Харин хэрэглэгчийн төхөөрөмж худалдан авахад Төрөөс ямар нэг хөнгөлөлт, санхүүжилт байхгүй.

-Заавал тоон технологид шилжих ёстой ч юм уу гэж гайхах хүн олон. Тоон технологид шилжсэнээр ямар ашигтай юм бэ?

-Нэг талаас байгалийн хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийн ашиглалтыг сайжруулах ба энэхүү шилжилтийн үр дүнд чөлөөлөгдсөн радио давтамжийн зурваст дараа үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Мөн хэрэглэгчид ямар давуу талыг мэдрэх юм бэ гэдэг нь чухал байх. Тэгэхээр бидний одоо ашиглаж байгаа аналог систем нь нэмэлт өгөгдөл өгөх боломжгүй, дуу, дүрс нь муу байдаг шүү дээ. Бидний хувьд угаасаа л антенаар гарч байгаа телевизийн суваг жирэлзэх, шуугих зэрэг нь энгийн үзэгдэл болсон. Тэгвэл тоон технологид шилжсэнээр чанартай дуу, дүрс өнгөний ялгаралтай нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой юм. Үндсэндээ тоон системд зохицсон телевиз эсвэл хуучин телевизийнхээ хажууд нэмэлт төхөөрөмж байрлуулаад л дуу, дүрс сайтай нэвтрүүлгийг үзэж болно.

-Хуучин станцаа хэзээ унтраах вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 32 тоот тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын баримт бичгийн дагуу Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн аналог системд ашиглагдаж буй радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлүүдийн эцсийн хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Энэхүү өдөр нь аналог нэвтрүүлэгчийг унтраах эцсийн хугацаа юм.

-Манайхаас бусад орнууд ямар стандартаар телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч үздэг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Европын DVB-T/T2, АНУ-ын ATSC, Японы ISDB, Хятадын DTMB гэсэн тоон телевизийн 4 стандарт олон улсын цахилгаан холбооны байгууллагаар батлагдан олон улсад ашиглагдаж байна. Тоон телевизийн ажлын хэсгүүдийн санал зөвлөмж, олон улсын тоон телевизийн шилжилтийн туршлагуудыг харгалзан Монгол Улсад газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 стандартыг хэрэгжүүлэхээр баталсан.

Б.Одон


URL:

Сэтгэгдэл бичих