“МД ТОП”-ийн захиалагчид 633 саяыг илүү төлжээ

24515545Барилгын “МД ТОП” компанийн захиалагчид дутуу талбайтай орон сууц худалдан авч хохирчээ.

Тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Москва” хорооллын урд “МД ТОП” компани иргэн Б.Оюунбаттай хамтран 2011 оны дөрөвдүгээр сард барьж ашиглалтад оруулсан 303 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэд аж. Анх захиалга өгөхөд нь найман өрөөний сонголтыг санал болгож байжээ. Тухайлбал, нэг өрөө нь 27.0-31.5, хоёр өрөө нь 36.0-52.6 ам метрийн сонголттой. Барилга ашиглалтад орж захиалга өгсөн иргэд байрандаа ороход анх тохирсон талбай нь дутсанаар асуудал босчээ.

Оршин суугчдын зарим нь 36 ам метр талбайгаар байрны гэрчилгээгээ гардсан ч газар дээрээ 4-5, зарим нь бүр 5-10 ам метрээр дутсан гэнэ. Ийм барилгыг улсын комисс хэрхэн хүлээж авсан талаар архивын зураг төслийг шалгахад одоогийн байгаа талбайгаар нь хүлээлгэн өгсөн байжээ. Өөрөөр хэлбэл, Улсын комисст 31 ам метр талбайтай өрөөг яг тэр хэмжээгээр нь мэдүүлчихээд иргэдийн гэрчилгээн дээр илүү талбайтайгаар зарсан байж таарчээ. Гэвч иргэд одоог хүртэл хоёр жилийн турш илүү талбайн цахилгаан, дулааны мөнгө төлсөөр байгаадаа бухимдаж байгаагаа илэрхийлж байв. “Бид бүгдээрээ банкны зээлээр байранд орсон. Олон жилийн турш илүү талбайн 10-20 сая төгрөгийг төлөх болох нь” хэмээн аргаа баран хэлэх нэгэн ч байлаа. Тэд хохирчихлоо гээд өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй гэнэ. Хариуцагч компанидаа хандаад асуудлаа шийдүүлж чадаагүйгээс мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн гээд холбогдох байгууллагуудад удаа дараа хандсаар иржээ. Гэвч дорвитой арга хэмжээ авсан байгууллага байхгүй гэв.

ШӨХТГ-ынхан өнгөрсөн хоёр жилийн турш яг ийм зөрчилтэй барилгуудыг шалгасан. Тус газрынхнаас “Москва” хорооллын урд боссон 303 айлын орон сууцыг шалгасан эсэхийг тодруулахад “Манайд 120 гаруй иргэн гомдол гаргасан. Тэдэнд нийт 633 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоогоод байгаа. Бид энэ асуудлаар компанид шаардлага хүргүүлээд иргэдийн хохирлыг барагдуулж чадаагүйгээс шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр бидний талд гарсан ч компанийнхан давж заалдсан. Өнгөрсөн долоо хоногт давж заалдах шүүх хурал товлогдоод байсан ч хойшилчихлоо. Одоогоор нэгмөр шийдэгдээгүй байна. Уг асуудлыг цагдаагийн газраас ч давхар шалгаж байгаа юм билээ” гэв. Албаны хүмүүсийн хэлснээр 600 гаруй сая төгрөгийн хохиролтой гэж буй ч ШӨХТГ-т гомдол гаргаагүй иргэдийн хохиролтой нийлүүлбэл тэрбум хол давсан тооцоо гарч байгаа гэнэ. Оршин суугчид “Энэ бол луйвар. Иргэдийг хохироосон гэмт хэрэг” гэж байв.

ШӨХТГ-аас дутуу талбайтай орон сууц худалдаалсан барилгын компаниудыг Барилга, хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран шалгасан билээ. Компаниуд зөрчлөө арилгасан ч тэдний дундаас “Тайгам Алтай” болон энэ удаагийн “Барилга-Асуудал” буланд онцолсон “МД ТОП” компанийнхан гэдийсээр уг асуудал ийнхүү шүүхийн шатанд шилжжээ. “МД ТОП” компанийнхан талбай дутаасан зөрчлөө шалгал­тын багийнхны үндэслэл болгосон  “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал”-ыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг юм байна.

“МД ТОП” компанийн уг орон сууцнаас зөвхөн талбай дутаад зогсохгүй хүнд нөхцөлд амьдарч байгаагаа оршин суугчид учирлаж байв. Барилгыг барьж эхлэхээсээ цахилгааны асуудлыг норм, дүрмээр нь шийдээгүйгээс цахилгааныг нь таслах тухай мэдэгдэл байсхийгээд ирдэг, галын аюулгүй байдлын хувьд бүр ч эрсдэлтэй байгаа гэнэ. Орон сууцны эргэн тойрны тохижилт анх сурталчилж байснаас тэр өөр байсан гээд энэ байрныхны хувьд гомдол барагдахгүй их. Ямартаа ч уг байрны оршин суугчид хөлөө хүрэх газар явж хохирлоо барагдуулахаар түр хороо байгуулжээ. Барилгынхаа асуудалд хэрхэн хандаж байгаа талаар “МД ТОП” компанийн захирал С.Мөнхцогтоос тодруулахад “Манайх ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй. Энэ асуудал одоо шүүхийн шатанд явж байгаа. Тухайн үед шударга өрсөлдөөн, барилгын яамны хүмүүс шалгаад стандарт нь өөрөө алдаатай байна. Засч янзална гэсэн шийдвэр гаргасан” гэв. Харин ШӨХТГ-аас стандарт алдаатай байсан эсэх талаар лавлахад “Тийм зүйл байхгүй. Норм, стандартын алдаа оноог шалгадаг байгууллага бид биш” гэсэн хариулт өглөө.

Ийм барилгыг 2011 онд хүлээж авсан улсын комиссынхон ч маапаантай байсныг зарим хүмүүс баримттай хэлж байв. Улсын комисс 16 давхар барилгыг 2011 оны дөрөвдүгээр сарын 11-нд шалгажээ. Ингэхдээ 90 орчим төрлийн зөрчил илрүүлээд зөрчлөө арилгасны дараа дахин хандахыг компанид даалгасан байна. Тухайлбал, 303 айлын орон сууцны гадна талбайд хүүхдийн тоглоом, хөгшдийн нарлаж амрах талбайтай хэмээн иргэдэд зад рекламдаж байсан бол барилга ашиглалтад ороход юу ч байгаагүй аж. Одоо ч яг хэвээрээ. Улсын комиссынхон нийтийн эзэмшлийн талбайгаа зураг төслийн дагуу тохижуул, галын аюулгүй байдлыг ханга гэх зэргээр зэргээр олон даалгавар өгчээ. 90 орчим даалгавар гэдэг нэлээд хэдэн хоногийн ажил. Бүр цаашилбал хэдэн сарын ч ажил болохоор байж. Гэвч улсын комисст шалгуулсан тэр өдрөө буюу дөрөвдүгээр сарын 11-нд зөрчлөө арилгачихлаа гээд комиссын гишүүд гарын үсэг зурчихсан байна.

Олон зуун хүн хэдэн арван жил амьдрах орчин, амь нас, эрүүл мэндтэй нь холбоотой асуудалд улсын комиссынхон яагаад ингэж хандав. Анх захиалагчдынхаа толгойг илэх шахам байж хэдэн төгрөгийг нь авчихаад “МД ТОП” компанийнхан яагаад ингэтлээ гэдийнэ вэ. Барилгын салбарт дахиад урт удаан хугацаанд оршин тогтнохоо бодож бусдынхаа жишгийг дагамаар юм. Байртай боллоо гээд баярлах биш 10, 20 жил хөлсөө шавхаж олсон хэдэн төгрөгөө бусдад зүгээр бэлэглэхэд хэнд ч таатай биш гэдгийг захиалагчдынхаа өмнөөс нэг бодож үзээсэй.

 

Б.ЭНХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих