МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ажлаа хүлээлгэн өгөх сураг гарлаа
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг удахгүй ажлаа өгнө хэмээн нэр бүхий мэдээллийн сайтууд нийтэлсэн байна. Түүний ажлаа өгөх шалтгаан нь МҮБХ бөхчүүдтэйгээ хэл амаа ололцохгүй муудалцаж, элдвийн асуудалд холбогдох болсон нь бөхөө дээдлэж хүндэлдэг түмний дургүйцэл бухимдлыг төрүүлэх болсон. Тус холбооны тэргүүн Р.Нямдорж хэдэн жилийн өмнө увайгүй бөхчүүдээр Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд, улсын начин Дуламсүрэн нарыг нэрлэсэн нь дайран дээр давс нэмсэн.
Мөн тэрээр “А.Сүхбат үндэсний бөхийг хөгжүүлэх нэг ч ажил хийж байгаагүй. Түүнд Бөхийн Холбоог олигтойхон удирдаад авч явах ур чадвар, мэдлэг, боловсрол байхгүй” гэж хэлсэн билээ. Харин МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн оронд Дархан аварга Г.Өсөхбаяр сонгогдох магадлал өндөр байгаа гэж мэдээллэсэн.
Дээрх мэдээллийг үнэн бодитой эсэхийг лавлахаар МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатартай утсаар холбогдоход “Тийм асуудал одоогоор яригдаагүй байгаа. Ямар мэдээллийн хэрэгсэл дээр тавигдсан байна. Би мэдэхгүй юм байна” гэсэн хариулт өгсөн. Гэхдээ МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ажлаа өгөх болсноо холбооныхоо хүмүүст мэдэгдээгүй байж болох юм. Энэ тухай мэдээллийг эргэн хүргэх болно.
Э.Гүнтөмөр mongolcom
URL: