Голомт банк гэрээгээ зөрчсөнөөр, “Credit Suisse ‘Minegolia”-аас гарахыг эрмэлзэж байна
Явган зорчигчид Улаанбаатар хот, Монгол улсын Чингис хаан талбайд. Голомт банк ХХК – ийн Төв байр. Зурагчин: МайклКон / Bloomberg
Монгол Улс асар их ашигт малтмалын нөөц бүхий газар нутагт оршдог бөгөөд одоогийн байдлаар 1.3 их наяд ам.долларын алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн нөөцтэй. Иймээс “Minegolia” гэж нэрлэгдэх болсон дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орнуудын нэг юм.
Гэвч “Minegolia” -аас зарим томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татахыг эрмэлзэж эхэлсэний нэгэн жишээ нь Монгол Улсын “Голомт” банкинд үүсээд буй сүүлийн үеийн анхаарал татсан асуудлуудтай мөн холбоотой юм.
Credit Suisse Group болон Абу Даби-гийн хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлөөс ашиг хүртэх зорилгоор сүүлийн таван жилд “Голомт” банкинд хувьцаа болгон эргүүлж авахаар хөрөнгө оруулсан юм. “Bloomberg News”-ийн цуглуулсан баримтуудаас үзэхэд, “Голомт” банкны хувьцаа эзэмшигчдийн нэг нь санхүүгийн тайландаа тусгалгүйгээр зээл гаргасан. Улмаар хэдэн жилийн турш нуун дарагдуулснаар барахгүй, холбогдох бичиг баримтуудыг устгасан болохыг тус банкны ТУЗ олж илрүүлсэн нь дээрх томоохон хөрөнгө оруулагчдын итгэл найдвар мөхөх хамгийн том шалтгаан болжээ.
Монгол улсын Төр, Засгийн удирдлагууд шинэ хөрөнгө оруулалт татахаар Хонг – Конг, Нью – Йорк руу ниссэнтэй зэрэгцэн Credit Suisse Group болон Абу Даби – гийн хөрөнгө оруулагчид Голомт банкийг гэрээгээ зөрчсөн гэх шалтгаанаар зээлээ буцаан төлүүлэхээр арбитрийн шүүхэд хандсан байна.
Bloomberg – ийн олж авсан баримтуудаас харахад,Credit Suisse, Абу Даби – гийн хөрөнгө оруулалтын сан нь 2007 оноос эхлэн Голомт банкинд нийт 35 сая ам.долларын зээл олгож, гэрээний дагуу Голомт банк нь санхүүгийн аудитлагдсан тайлангаа тогтмол танилцуулж байх, мөн 5 – н жилийн хугацаанд тус банкны олон нийтэд арилжсан хувьцаанаас эзэмшихээр зөвшилцсөн байжээ.
Харин 2012 он гэхэд банк хөрөнгийн зах зээлд ямар ч хувьцаа гаргаагүй бөгөөд Bloomberg News – ийн цуглуулсан баримтууд болон банкны салбарт нэр хүндтэй, нөлөө бүхий 2 эрхэмийн мэдээлснээр 2008 оноос эхлэн Японы худалдааны компанид төлөх ёстой байсан бүртгэлд ороогүй өрийг төлөөгүй байсныг хөрөнгө оруулагчид болон банкны ТУЗ – ийн зарим гишүүд, Гүйцэтгэх захирал нь мэдсэн байна.
Устгасан баримтууд
Голомт банк нь зээлийн гэрээнд заасны дагуу өнгөрсөн оны эхний гурван сарын хугацаанд багтаж, 2012 оны аудитын тайлангаа гаргаж чадаагүй байна.
2012 оны сүүлээр тус банкны санхүүгийн тайланд 3 компани аудит хийж, тэдгээрийн нэг нь цаашид аудит хийхээс татгалзаж, 2 компани нь банкны зарим удирдлагууд санхүүгийн бүртгэл, баримтуудыг устгасан гэж дүгнэжээ.
Банкны ТУЗ – ийн хүсэлтээр аудитын шалгалт хийсэн тэрхүү компаниудын нэг PricewaterhouseCooper LLP – гийн аудитын тайланд, банкны зарим удирдлагууд 2007 оны 8-р сараас 2008 оны 5-р сар хүртэлх 6800 гаруй баримт бичиг болон банк хоорондын шилжүүлгийн системээс бүртгэлийг устгасан хэмээн тэмдэглэжээ. “Эдгээр удирдлагууд одоог хүртэл тус банкинд ажиллаж байгаа” гэж PwC – гийн 2013 оны 8-р сарын 12-ны тайланд мөн дурьдсан байна.
Өнгөрсөн асуудлууд
Голомт банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаа “Банк өнгөрсөн жилийн сүүлээр 2012 оны тайландаа аудит хийлгэж дууссан. Мөн Японы компанийн гомдлыг ч шийдвэрлэсэн” гэсэн байна.
Мөн “Эдгээр нь өнгөрсөн асуудал” хэмээн 2014 оны 1-р сарын 28-ны и-мэйлдээ дурдсан ба 2013 оны үр дүнгээр банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайн байгаа төдийгүй, өрийн харьцаа маш сайн буюу 57.1 хувьтай байсан талаар бичжээ.
Голомт банкны хуульч Б.Баяраа 1-р сард илгээсэн хоёр и-мэйлдээ банктай холбоотой гарсан эдгээр асуудлууд нь нэг талыг баримталсан, өрөөсгөл хэмээн тайлбарласан бөгөөд банкны ажилтанд хийгдэж буй эрүүгийн хэргийн хяналт шалгалт дуусаагүй байгаа учраас илүү нэмэлт мэдээлэл өгөхгүй болохоо мэдэгдсэн.
Тус улсын Төв банк болох Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлж буйгаар, Монголбанк нь Голомт банкинд хэд хэдэн удаа шалгалт хийсэн бөгөөд уг хяналт шалгалтын үр дүнг нууцалж, “Голомт банк аюулгүй бас тогтвортой” хэмээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2014 оны 1-р сарын 29-нд өгсөн ярилцлагандаа хэлжээ.
Хөрөнгө оруулагчдын болгоомжлол
Credit Suisse – ийн хэвлэлийн төлөөлөгч Josephine Lee Голомт банктай холбоотой асуудалд тайлбар өгөхгүй гэсэн бол Абу Дабигийн сангийн төлөөлөгч Mark Cutis энэ асуудлаар тайлбар өгөх эрхгүй хэмээн и-мэйлээр мэдэгдсэн.
Голомт банкинд болсон энэхүү үйл явдлын талаарх мэдээллүүд нь банк санхүүгийн салбарыг сайн мэдэх хүмүүсийн ярилцлага, аудитын тайлан, захианууд, зээлийн гэрээнүүд, гадаадын хөрөнгө оруулагчид болон банкны ТУЗ, Гүйцэтгэх удирдлагуудын хоорондын уулзалт, ярилцлага болон хөрөнгө оруулагчдын арбитрын шүүхэд өгсөн өргөдөл зэрэг баримт, мэдээллүүд дээр тулгуурласан болно.
Монголын эдийн засгийн өсөлтөөс үл харгалзан гадаадын хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсээр байгааг эдгээр баримтууд харуулж байгаа юм. 3 сая хүн амтай, газар нутгийнхаа хэмжээгээр Франц улсаас 3 дахин том Монгол улс нь 2011, 2012 онуудад дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орнуудын эхний 3-д буюу 17.5% – ийн ДНБ – ий өсөлттэйгээр багтаж байсан юм.
Гэсэн хэдий ч 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх 2 жилээс 50% – иар буурчээ.
Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын томоохон 10 банкны 4 нь дампуурлаас сэргийлэн, хоорондоо нэгдсэн байна.
Монголын хөгжөөн дэмжигчдийн ахлагч
Хамгийн сүүлийн жишээ болох Хадгаламж банк нь Өмнөд Африкийн Стандарт Банк Групп ХХК – иас авсан 100 сая ам.долларын зээлээ төлөх чадваргүй болсноор 7-р сард Лондонгийн шүүхэд дуудагдсан байна. Хадгаламж банкнаас албан ёсны тайлбар авах гэсэн боловч хариу өгөх хүн олдоогүй юм. 2013 оны сүүлээр уг хэргийн талаар Монгол улсад ирсэн Стандарт банкны зөвлөхийг 1 сарын турш Монгол улсаас гарахыг нь хоригложээ.
“Би энд ирээд есөн жил болсон. Би Монголыг үнэхээр дэмждэг байсан” хэмээн банкны мэргэжилтэн Chris Bradley 2013 оны 12-р сард Австрали руу буцахын өмнө утсаар өгсөн ярилцлагадаа дурдсан ба “Одоо надад үнэхээр ичгэвтэр санагдаж байна” гэжээ.
Голомт гэдэг нь Монголын бөөгийн шашинд диваажин, дэлхийтэй холбогдох газар гэсэн утгатай бөгөөд ихэнх тохиолдолд нөхөрсөг сэтгэл гэсэн утгаар ашиглагддаг ба Голомт банк нь 1995 онд одоогийн Гадаад харилцааны яамны сайд Л.Болдын групп компанийн нэг хэсэг болон үүсгэн байгуулагдаж байжээ.
ЗХУ – ын 70 жилийн туршид үргэлжилсэн хараа хяналтаас Монгол улс гарах үед Л.Болд өөрийн дүүгийн хамт гадаадаас 6.5 сая ам.долларын эхлэлтийн хөрөнгө босгож, бизнесийнхээ эхлэлийг тавьж байсан гэж түүний дүү Л.Болдхуяг дурджээ. Түүнчлэн, Л.Болд оюутан байх үеийн 2 найзыгаа бизнесийн хамтрагч болгосон бөгөөд Голомт банкны толгой компани болох одоогийн Бодь Интернэшнл ХХК – ийн тус бүр 33 хувийг тэд эзэмшдэг байжээ.
Төлөгдөөгүй өрүүдийг судалвал
Л.Болд 1996 онд УИХ – ын гишүүнээр сонгогдсоны дараа Бодь Интернэшнл ХХК – ийн удирдлагын эрхийг дүү Л.Болдхуяг болон Д.Баясгаланд шилжүүлсэн тухай банкны баримтад тэмдэглэгджээ.
Мэдээллээс үзэхэд, Голомт банкны асуудлууд нь 2007 онд Японы худалдааны компанид 65 сая ам.долларын аккредитив нээн, төлбөрийн баталгаа гаргаснаас эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх захирлын хувьд Д.Баясгалан нь энэхүү аккредитивийг баталсан Зээлийн хороог хариуцдаг байсныг FSI Capital буюу Дубайн хувийн хөрөнгө оруулалт, зөвлөгөөний компани аудитын тайландаа дурдсан байна. FSI Capital нь Голомт банкны ТУЗ – ийн захирамжаар 2012 онд илэрсэн төлбөрийн асуудлаар 2013 оны 3-р сард тус банкинд аудит хийсэн юм.
FSI хэлэхдээ, Голомт банк 2008 оноос эхлэн хэд хэдэн аккредитивийн төлбөрийн асуудалтай болсон бөгөөд эдгээр асуудлуудыг нэгийг ч удирдлага болон ТУЗ-д тайлагнаагүй байна. Тухайн үед ТУЗ – ийн дарга байсан Д.Баясгалан болон банкны дээд төвшний удирдлагууд нийлэн аккредитивийн баримт бичгүүдийг устгасан талаар тайланд тусгагдсан бөгөөд дараа нь PwC – ын тайланд ч мөн энэ талаар тэмдэглэгдсэн байна.
Төлбөрийн асуудалгүй
Д.Баясгалангаас энэ талаар ярилцлага авахаар түүний нэрээ нууцлахыг хүссэн туслахаар нь дамжуулан хэд хэдэн удаа хүсэлт хүргүүлсэн боловч татгалзсан хариу авсаар байсан юм. Д.Баясгаланд бичгээр хүргүүлсэн асуултуудад тус банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаа хариулахдаа, “Японы зээлийн асуудлыг шийдвэрлэсэн, банк төлбөрийн ямар нэгэн асуудалгүй” хэмээсэн байна. Харин бүртгэл нь устсан баримтуудын талаар тэрээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Л.Болд болон түүний дүүг энэ асуудалд буруутгаагүй бөгөөд Л.Болдоос тайлбар хүссэн боловч хариу өгөхгүй байсан юм. Харин түүний дүү Л.Болдхуяг нь “Л.Болд нь төрийн өндөр албан тушаалтан тул тайлбар өгөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн гурав дахь томоохон хувьцаа эзэмшигч, УИХ – ын гишүүн М.Зоригт нь өөрийн улс төрийн албан тушаалаас шалтгаалан, Голомт банкны тухай тайлбар хийх боломжгүй гэсэн и-мэйл ирүүллээ.
Чингис хаан
Голомт банк нь Монголын санхүүгийн тулгын чулуу юм. Төв байр нь Чингис Хааны талбайд, Монголын Хөрөнгийн Бирж болон Хотын Захиргааны байрны дунд байрладаг. Монгол улс даяар нийт 80 салбар, 1600 ажилтантай.
2000 – аад оны дунд үеэс банкны үүсгэн байгуулагчид Голомт банкийг улам тэлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор олон улсын туршлагатай банкирийг хайж эхэлсэн юм. Ингээд 2007 онд Английн иргэн, банкны салбарт 40 гаруй жилийн туршлагатай, өмгөөлөгч Жон Финиганийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилжээ. Жон Финиган нь Ойрхи Дорнодын Оманы Үндэсний банк болон Катарын Үндэсний Групп зэрэг банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан юм.
2007 оны сүүлээр Credit Suisse – ээс Голомт банкинд 10 сая ам.долларын хөрвөх чадвартай зээлийг ердийн хүүгээр, таван жилийн дотор хувьцаагаа нээлттэй арилжаалах урьтач нөхцөлтэйгээр олгосон. Credit Suisse хувьцаанд хувиргасан зээлийн өгөөжийн дотоод хүүгийн түвшинг 20 хувь байна гэсэн хүлээлттэй байсныг албаны хүн мэдээлжээ.
Эмиратын баялгийн сан болох Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан нь 2010 оны 6-р сард Голомт банкинд мөн ижил нөхцөлтэйгээр 25 сая ам.долларын зээл олгосныг Голомт банкны баримтуудаас харж болно.
Swiss МО - гийн хөрөнгө оруулалт
Голомт бусад хөрөнгө оруулагчдыг татсаар л байв. Moody’s – ийн 2011 оны 11-р сарын 9-ний тайланд дурьдсанаар, 2011 онд Их Британид байрлалтай Швейцарийн саятан Urs Schwarzenbach – ийн удирдлагад байдаг Swiss МО хөрөнгө оруулалтын сан Голомт банкны 10.7 хувийг эзэмшихээр 20 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.
2012 онд Trafigura Beheer BV худалдааны компани Голомт банкны 5 хувийг худалдан авчээ.
Дээрх хоёр хөрөнгө оруулагчаас Голомт банкны толгой компани болох Бодь групп ХХК – д 55 сая ам.долларын зээл олгосон байна.
Банкны цахим хуудас дахь мэдээллээс үзэхэд, 2012 оны сүүлээр нийт хөрөнгө 2.5 их наяд төгрөг буюу 1.5 тэрбум ам.долларт хүрч, 2007 оныхоос даруй 4 дахин өссөн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 2010 онд 26.6% байсан байна.
Яг энэ үеэс өрийн асуудлууд илэрч эхэлсэн юм.
2012 оны 7-р сарын 9-нд Токиогийн Иточу корпораци Голомт банкийг 43 сая ам.доллартай тэнцэх 3.42 тэрбум иенийн 18 аккредитивыг төлөөгүйн улмаас Монголын шүүхэд өгсөн байна. Энэ нь Голомт банкны 2011 оны 12-р сарын 31-ний байдлаарх өөрийн хөрөнгийн 30% – тай нь тэнцэх хэмжээний мөнгөн дүн байв.
Эргэлзээтэй байдал
2012 оны 10-р сар хүртэл Жон Финиган болон хэд хэдэн ТУЗ – ийн гишүүд, банкны аудиторууд, гадаадын хөрөнгө оруулагчид Иточу – тай холбоотой үүссэн асуудлын талаар огт мэдээлэлгүй байсан талаар албаны 2 хүний ярианаас мэдэгдлээ.
Дубайд төвтэй FSI – гийн удаа дараагийн шалгалтаар 2007, 2008 онд Голомт банк Монголын алт олборлох үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад нь Иточу – тай хэлэлцээр хийж, Иточу-д аккредитив нээсэн нь тодорхой болжээ.
FSI – гийн тайланд, Жон Финиганийг Гүйцэтгэх захирал болсны дараа ТУЗ – ийн дарга болсон Д.Баясгалан “хэвийн бус, эргэлзээтэй байдал үүсгэх” энэхүү аккредитивийн үйл ажиллагааг удирдаж явуулсан гэжээ.
Иточугийн хэвлэлийн төлөөлөгч Кацүхико Хошикавагаас уг зээлийн талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд, тэдний цахим хуудас дахь нэрийг нь нууцалсан нэгэн Монголын компанид хийсэн хяналт шалгалтын тайлангаас мэдээлэл авах боломжтой хэмээсэн юм.
Улаанбаатар дахь Иточу – гийн борлуулалтын менежер тус компанийн Монгол талтай нууцаар тохиролцон, борлуулалтын гүйлгээ мэтээр нэр нь тодорхойгүй, компанийн бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх “санхүүгийн дэмжлэг” үзүүлсэн тухай 2009 оны 1-р сарын 28-нд тус компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Монгол дахь Иточу – гийн ажилтнууд тээврийн бичиг баримт хуурамчаар үйлдэж, борлуулалтын тайландаа бүртгэж байсан хэмээн Иточу мөн мэдэгдэж байсан юм.
Устгагдсан бичиг баримтууд
FSI – гийн хэлж буйгаар, Иточу – гийн Улаанбаатар дахь ажилтан Голомт банкинд тус компаниас тэрхүү аккредитивт баталгаа гаргаж өгнө хэмээн амлалт өгсөн байна. Түүнчлэн, төлбөрийн даалгавар нь санхүүгийн бүртгэлийн хамт 2008 оны эцэс гэхэд устсан байсан төдийгүй Голомт банкны зээлийн хорооноос уг аккредитивыг Монголын зээл олгогчид эрсдэлгүй гэж үзжээ.
Иточу – гийн сүүлийн тайлангаас үзэхэд, компани наад зах нь таван жилийн хугацаанд жил бүр худалдааны орлогын дүнгээ засварлаж, Монголын хэрэгтэй холбоотой 4,3 тэрбум иений зардлыг орлогоосоо хасахаар болсон байна. Ийнхүү Иточу зээлээ төлүүлэхээр Голомт банк болон алт олборлох компани руу холбогдсон хэмээн FSI мэдээлсэн юм.
Энэхүү төлөгдөөгүй зээлийн асуудлаар Голомт банкны удирдлага болох Д.Баясгалан нь ТУЗ болон бусад удирдлагуудад мэдэгдэлгүйгээр банк болон алт олборлох компанийг төлөөлөн Иточу – тай 2009, 2010 онд хэлэлцсэн байна. Зогсонги байдалд орсон зээлийн төлөлтийн асуудлаар гурван жилийн турш хэлэлцэж, улмаар Иточу шүүхэд зарга мэдүүлжээ.
Эзгүй суудал
Финиган Иточу – гийн шүүх хурлын асуудлыг 2012 оны 10-р сарын 9-ний ТУЗ – ийн хуралд мэдэгдэхэд, Д.Баясгалан нь Иточу болон Голомт банкны хоорондын аккредитивийн асуудлыг үгүйсгэсэн хэмээн ТУЗ – тэй ойр албаны 2 хүн мэдээлсэн байна. Тэдний ярьж буйгаар, Финиган зээлийн төлөлтийн асуудлаар Иточу – тай хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг асуудлыг Монголбанкинд мэдэгджээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тухайн үед Монгол улс анх удаа олон улсад ам.долларын бондоо арилжих гэж байсантай холбогдуулан, уг аккредитивын асуудлыг дэлгэхийг түр хойшлуулахыг хүссэн байна.
Төв банкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны 9-р сараас Төв банкны Ерөнхийлөгч болсон Н.Золжаргал ярилцлагадаа, Төв банк Иточу – гийн шүүх хэргийн талаар тухайн үед мэдэж байсан боловч уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсанаа хэлж, банкны нууцлалыг онцлон дурдсан байна. Мөн тэрээр уг асуудлыг дэлгэхийг түр хойшлуулах шийдвэр гаргасан эсэхдээ хариулт өгөөгүй юм.
2012 оны 12-р сард болсон ТУЗ – ийн хурлаар гадаадын хөрөнгө оруулагчид Д.Баясгаланг ТУЗ – ийн даргын суудлаас огцруулах санал өгсөн бөгөөд түүний оронд Л.Болдын дүү томилогдсон байна. Харин ТУЗ дэх эзгүй суудал Д.Баясгалангийн эхнэрт шилжжээ. Банк 12-р сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ, Финиган гэр бүлийн шалтгааны улмаас гадагшаа явсан гэж дурджээ.
Үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай
Финиган өөрийг нь банкнаас үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн Лондонгийн шүүхэд хандлаа. Голомт банкны хуульч Б.Баяраагийн хэлж буйгаар, тус банк Финиганийг гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг хийсэн хэмээн хэрэг үүсгэсэн байна.
Шинээр томилогдсон ТУЗ 2012 оны санхүүгийн тайлант хугацааг дуусгаж, Ernst & Young болон PricewaterhouseCoopers – ээр аудит хийлгэж, өөр олон асуудлууд нуугдаж байсныг мөн илрүүлжээ.
PwC – ээс ТУЗ – д тавьсан тайлангийн дагуу 2012 оны эхээр Голомт банк “Хүннү Айр” компаний зээлд баталгаа гаргасан байна. Голомт банк тус компаний хоёр нисэх онгоц худалдан авсан лизингд баталгаа гаргасан талаар E & Y болон PwC нар тайландаа тэмдэглэжээ. Энэхүү баталгааг ТУЗ – ийн гишүүдэд мэдэгдэлгүй гаргасан байна.
“Хүннү Айр” компаний талаар албаны хүний мэдээлж буйгаар тухайн үед Д.Баясгалан нь тус компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг байжээ.
“Сүйрүүлэх шинэ баримтууд”
Аудитын дүгнэлтэд, банкны өр төлбөрт тусгагдаагүй эдгээр нуугдмал өрийн баталгаанууд нь Голомт банкны Хүннү- д олгосон зээлийг хууль бус болгож байгаа бөгөөд учир нь Монгол улсын хуулиар өөрийн хөрөнгийн 20 хувиас дээш хэмжээтэй зээлийг хамааралтай компаниуддаа олгож болохгүй билээ. Аудиторууд бусад компаниудад олгосон үүнтэй ижил зээлүүд ч байсныг мөн тэмдэглэжээ.
Хүннү компани Голомт банктай холбоотой асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ и-мэйлээр мэдэгдсэн бөгөөд Д.Баясгаланд хаягласан асуултуудад Л.Болормаа хариулт өгөхдөө, агаарын тээврийн компанитай холбоотой асуудалд тайлбар өгөөгүй билээ.
Ernst & Young Mongolia Audit ХХК – ийг хариуцдаг Peter Markey и-мэйлээр хариулахдаа, Голомт банк тус аудитын компаниар аудит хийлгэх хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, үйлчлүүлэгчийн нууц болохыг онцолсон байна.
2013 оны 3-р сард Ernst & Young Mongolia нь шаардлагатай баримтууд дутуу, хамааралтай компаниуддаа олгосон зээлээ нуусан зэрэг шалтгаанаар Голомт банкны 2012 оны үзүүлэлтэд аудит хийхээ зогсоожээ.
Тус банкны эдгээр нуусан зээлүүдийг илрүүлснээр, 2008 оноос хойших санхүүгийн тайлангууд дахь зарим үзүүлэлтүүд худал болох нь тодорхой болсон юм.
“Энэ бол банкны хувьд аймшигтай үр дүнд хүргэж чадах шинэ баримтууд” хэмээн Голомт банкны ТУЗ дэх Абу Дабигийн төлөөлөгч гишүүн Cutis 2013 оны 4-р сарын 15-нд ТУЗ болон Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд бичсэн мэдэгдэлдээ дурдан, тус банкны менежментийн талаарх ноцтой асуудлуудыг хөндөн, Голомт банкны ТУЗ – өөс огцрох хүсэлтээ гаргажээ.
Ажил саатав
PwC 2013 оны 6-р сарын 28-нд ТУЗ-д танилцуулсан тайландаа, банкны баримтууд болон и-мэйлүүдийг устгасан талаар нотолгоог олсноо мэдээлжээ. 2013 оны 8-р сард PwC нь Голомт банкны зарим удирдлагууд тэднийг ажлаа хэвийн явуулахад саад учруулж байгаа тул илүү нарийн судлахад ТУЗ – ийн дэмжлэгийг хүссэн боловч ТУЗ PwC – ийн ажлыг зогсоосон байна.
PwC – ийн Улаанбаатар дахь төлөөлөгч Matthew Pottle үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
2013 оны 9-р сард Голомт банк 2012 оны санхүүгийн үзүүлэлтдээ олон улсын хамгийн том дөрвөн нягтлан бодох бүртгэлийн компаниудаар хийлгэсэн аудитын тайлангаа танилцуулж чадаагүй нь Credit Suisse болон Абу Дабитай хийсэн гэрээгээ ноцтой зөрчсөн үндэслэл болжээ.
Арбитрийн хүсэлт
2013 оны 10-р сарын 4-нд Credit Suisse Голомт банкнаас 10 сая ам.долларын зээлийг хүүгийн хамтаар төлүүлэхээр арбитрт хандахаа мэдэгджээ. Credit Suisse – ээс 2013 оны 9-р сарын 11-нд Бодь групп болон Голомт банкинд илгээсэн захидалдаа, Голомт банк нь тохиролцсон хугацаандаа хувьцааны арилжааг гүйцэтгэж чадаагүйн улмаас Швейцарийн банкинд нийтдээ 22 сая гаруй ам.долларын өртэй болохыг дурдсан байна.
Бодь группийн Хонг – Конг дахь хуулийн зөвлөх David Norman & Co компанийн мэдэгдсэнээр, Бодь Интернэйшнл Credit Suisse – д 10.05 сая ам.долларын зээлээ төлсөн гэв. Credit Suisse өөрийн захидалдаа, энэ мөнгө нь хувьцааны анхдагч арилжааг хийж чадаагүйн төлбөрийн нэг хэсэг гэжээ.
Харин 2013 оны 11-р сарын 11-нд Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын сан нь Голомт банкнаас гэрээгээ зөрчсөн тул хувьцааны анхдагч арилжааг хийж чадаагүйн нөхөн төлбөр багтаад нийтдээ 36.2 сая ам.долларыг нэхэмжилж байгаагаа мэдэгджээ.
Голомт банкны хуульч Б.Баяраа хэлэхдээ, Абу Дабигийн маргааны хувьд тус сантай “банкны зээлийн гэрээний заалтад байгаа зарим нөхцөлийн утга санаа болон үр дүн дээр санал зөрөлдөж” байгаагаас цаашгүй асуудал гэжээ.
90 сая ам.доллар хайж байна
Албаны хүмүүсийн мэдээлэл, зээлийн бичиг баримтуудаас үзэхэд Swiss – Mo болон Trafigura – гаас Бодь группд олгосон зээл мөн л асуудалтай байна.
Trafigura – гийн төлөөлөгч Victoria Dix, тус компани нь Голомт банктай холбоотой асуудлын хувьд ямар нэгэн тайлбар хийхгүй гэж мэдэгджээ. Swiss – Mo – гийн дэд ерөнхийлөгч Gerhard Harnischberg хөрөнгө оруулалтынхаа талаар мөн л тайлбар хийхгүй гэв.
Гадаадын хөрөнгө оруулагчид нийтдээ 90 сая ам.долларыг Бодь групп болон Голомт банкнаас нэхэмжилж байгаа талаар ТУЗ – тэй ойрхон албаны хүмүүс хэлсэн бөгөөд энэ нь Голомт банкны 2012 оны татварын дараах ашгаас 6 дахин их дүн юм.
Лондонд төвтэй BDO International компанийн Монгол дахь компани Голомт банкинд аудит хийн, 2013 оны 11-р сарын 8-нд 2012 оны аудитлагдсан тайланг хүргэлээ. BDO – гийн аудитийн дүгнэлтээр, Голомт банк нь өөрийн эсрэг гарсан маргааныг зохицуулж, Иточу – д 1.2 сая ам.долларыг төлсөн гэсэн байна.
BDO нь банкны 2012 оны эхэн дэх санхүүгийн баримт бичгийг харах эрхгүй байсан учир 2012 оны Голомт банкны ашгийг үнэн зөв гаргасан эсэхэд баталгаа өгч чадахгүй гэжээ.
Улаанбаатар дахь BDO Audit компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтансүх 2013 оны 1-р сарын 22-нд өгсөн ярилцлагадаа, BDO нь өмнөх аудиторуудын ажлын баримт, материалиудтай танилцах боломжгүй байсныг мөн дурджээ.
Бодь группийн хуваагдал
2013 оны 11-р сард Moody’s болон Standard & Poor’s компаниуд мэдээлэл хангалтгүй учраас Голомт банкинд үнэлгээ хийхээ зогсоосон билээ.
Харин 2013 оны 12-р сард Л.Болдхуягийн хэлснээр, Бодь группийг үндэслэгч 3 – н гэр бүл бизнесээ хуваан, Л.Болдын гэр бүл Бодь даатгалын компани, Улаанбаатар дахь олон давхар бүхий барилга болон Сар Шинэ Интернэйшнл санхүүгийн байгууллагыг авсан байна.
Д.Баясгалан, М.Зоригт нар Бодь Интернэйшнл болон түүний охин компаниуд болох Голомт банк зэргийг авч үлдсэн байна. Харин биет хөрөнгийн хэмжээ нь хэрхэн хуваарилагдсан нь албан ёсоор зарлагдаагүй байгаа юм.
Энэхүү хуваагдал нь Монгол улсын хөгжлийн банк 300 сая орчим ам.доллартай дүйцэхүйц иенийн бондоо арилжаалсантай зэрэгцэн болж өнгөрсөн юм.
Төв банкны Ерөнхийлөгч энэхүү бондын roadshow буюу танилцуулах өдөрлөгийн үеэр буюу 2013 оны 11-р сарын 20-нд Хонг – Конгод байхдаа өгсөн ярилцлагадаа, Монголбанкны хувьд Голомт банкны 2012 оны аудитын тайлангийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “ТУЗ нь аудитыг хариуцан хийлгүүлсэн. Одоо асуудал ТУЗ – ийн түвшинд шийдэгдлээ. Бүхий л зүйлүүд ар араасаа шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Банк зүгээр” гэж тэрээр хэлжээ.
Энэхүү нийтлэлийн талаар сурвалжлагчтай холбогдох бол Токио дахь Yuriy Humber – гийн yhumber@bloomberg.net мэйл хаягаар холбоо барина уу.
Нийтлэлийн талаар редактортой холбогдох бол Jason Rogers – тай jrogers73@bloomberg.net хаягаар; Peter Langan – тай plangan@bloomberg.net хаягаар тус тус холбоо барина уу.
Short URL: http://nud.mn/news/?p=11573
URL: