Улаанбаатарын гудамжаар зөвхөн томчуудын жийп явна. Тийм үү, гишүүд ээ

Ийм бололцоог хангахаар улстөрчид идэвхтэй ажиллаж байна. Тэд автомашины онцгой албан татварыг огцом нэмж зөвхөн баячууд л машин унадаг байх нь зөв гэдэгт бүгд санал нийллээ. Мөнгөгүйн зовлон гэж мэдэхгүй УИХ-ын гишүүдэд бол автомашины татварыг нэмж байгалиа хамгаалах нь зөв шийдвэр мэт харагдаж байж болно. Гэвч бодит байдал, Монголчуудын олонхийн амьдрал ийм биш юм.

Хуучин машинтай борчуудыг ад үзэж ард түмнээ татвараар дарамтлах санааг өнгөрсөн жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамныхан санал болгосон ч УИХ-ын гишүүд дэмжээгүй юм. “Ард түмний амьдрал ядуу байна, тэдний олонхид нь машинтай болох хэрэгцээ бий” гэсэн санал овоо хэдэн гишүүнээс гарч энэ асуудлыг нэг удаадаа орхиж байсан. Харин энэ удаа асуудлыг арай өөрөөр харж, томчууд Улаанбаатарын замыг түгжээгүй болгох арга нь борчууд унаа унах боломжийг татвараар хааж зөвхөн өөрсдөө 100 саяар үнэлэгдэх жийптэйгээ дураараа дургиж явахыг хүслээ.

Автомашины онцгой албан татварыг өсгөж 10 тэрбум төгрөгийг төсөвт нэмж олох тэдний энэ гарц амьдралаа бор зүрхээрээ залгуулж, хуруу хумсаа хуйхлан байж машинтай болохоор зүтгэж буй дундчуудын мөрөөдлийг тас цохисон явдал болж байна. Улаанбаатарын гудамж үйлдвэрлэгдээд олон жил болсон машинаар дүүрч хотын өнгө үзэмж, агаарын бохирдолд нэрмээс болж байгаа нь үнэн.

Гэвч хэн ч утаа тортог гаргадаг, хуучин машин унахыг хүсдэггүй, амьдралын эрхээр боломждоо тааруулан хөл дүүжлэх унаатай байгаа нь иргэдийн буруу биш. Жаахан л санхүүгийн боломж гарвал машинаа шинэчилж аль болох утаагүй, түлш бага иддэг, аюулгүй унаа унах нь хөдөлмөрийнхөө үр шимээр шударга амьдарч буй дундчуудын олонхийн бодол юм шүү. Тэдэнд 100 километрт 20 литр шатахуун “залгидаг” ганган “Лексус” хэрэггүй. Дахин хэлэхэд иргэдэд хөл дүүжлэх унааны шаардлага зайлшгүй бий.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдэж өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ярих төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр парламентын гишүүд ямар шийдвэр гаргахыг иргэд анхааралтай ажиглаж байгаа гэдгийг санаарай. Онцгой албан татварыг нэмэх төслөөр бол үйлдвэрлэсэн он, цилиндрийн багтаамжаас нь хамаарч 500-24 мянган ам.долларын татвар төлөх болж байна.

Үүний дагуу бидний олонхи нь унадаг үйлдвэрлэгдээд 7-9 жил болсон 1501-2500 хөдөлгүүртэй автомашинд 6000 ам.долларын татвар төлөх болох нь. Автомашины өөрийн үнийг хамгийн хямдхандаа 6000 ам.доллар гэж үзвэл татварын зургаан мянга, дээр нь төрөл бүрийн татаас, наймаачдын нугалааг нэмээд 15 мянган ам.доллараас бага үнэтэй машин гэж байхаа болино. Дахин хэлэхэд талхны мөнгөө олохын тулд өдөр шөнөгүй зүтгэж буй иргэдэд авто- машины хэрэгцээ их байгаа.

Хотын гудамжаар таг бөглөө үүсгэхдээ хүрсэн 200 гаруй мянган автомашин байгаа нь их тоо мэт боловч түүнээс илүү их хэрэгцээ бий нь ч үнэн. Тиймээс УИХ-ын гишүүд минь гаргах гэж буй шийдвэрээ эргэж нэг хараарай. Хивсэн дээр халуу дүүгүүлэн суунгаа гаргаж буй шийдвэр тань ардын амьдралд нийцсэн байх учиртайг, та нарынхаас эгэл түмний амьдрал огт өөр гэдгийг ч бас эргэцүүлээрэй.

Ө.Батхүү


URL:

Сэтгэгдэл бичих