ЦОНДОН
Аль ч нийгмийн үед монголын төр мал сүргийнхээ талаар баримталдаг бодлоготой явж ирсэн байдаг. Адуун сүргийн ач тус, морины хурдаар ертөнцийн талыг эрхшээсэн нь монголын үнэн түүх. Дэлхий даяар явган байхад монголчууд л унаатай байсан. Бас “Адууны засаглал” гэдэг төрийн бодлоготой,’ “Хоёр морь, нэг дайчин” гэдэг цэргийн нууцтай байсныг түүхээс мэдэж болно.
Сахалт Сталин, Монгол Улс малаа 200,0 сая болговол сайнсан гэж хэлж. Тэр тоонд хүргэнэ гэж Чойбалсан амласан гэдэг ч ор үндэсгүй яриа биш. Баячуудын хөрөнгө, жасын малыг хурааж, тэгшитгээд “Хамтрал, хомоон” байгуулах гэж хүчээр оролдоод завхрал болсон. “Мал сүргээ 25,7 саяд хүргэе” гэсэн лоозун байшин бүрийн хананд хадаастай байсныг мартаагүй. Тэр бол тавиад он.
Тэр үед мал бүхэн нас зүсээрээ данстай, албан журам гэдэг чанга хатуу ногдолтой. Амьд байвал ноосыг нь авна, алж идвэл арьсыг нь авна, алга болговол татварыг нь авна гэсэн үг.
Мэрийн ажиллаж байгаад
Малаа мянгад хүргээд
Маршалдаа үнэлэгдээд
Малчны хуралд очно доо гэсэн үгтэй “Малчны уралдаан” гэдэг дууг хүн бүхэн амандаа аялна. Их ч гоё аятай.
Эх орны дайны үед фронтод баахан морь мал бэлэглээд, хаа сайгүй өлсгөлөн нүүрлэсэн тэр үед хивэг идэж бүсээ чангална гэдгийг үзсэн үеийнхэн одоо цөөрчээ. Адууны элэг, уушиг хуурч иднэ. Хярамцагнаас салахгүй. Элдэв шалтгаанаар үхсэн малын махыг огт хаяхгүй, зун ч гэсэн борцлоод л авна. Шөлний юм гаргавал дороос нь ширвэж муулна. Зундаа бол хөгнөсөн хурганаас боож үхдэггүй л юм бол махны бараа харахгүй. Махсана гэдэг үгийг тэр үед анх сонссон. Тэр үед идсэн цагаан идээний буянаар мань мэт нь одоо хэдэн шүдтэйгээ яваа гэлтэй.
Эх орны дайн дууслаа гэтэл урагшаа цэргийн цуваа хөвж, Хятадууд ирж малийний морь авч эхэлсэн нь нөгөөх чөлөөлөх дайн гээч нь байсан юм билээ. Тэр үед хоёр гүрний амьтад хувааж идээд байхад мал яаж өсөхөв дээ гэж хөгшидийн ярихыг сонссон. Бас “Мичин жилийн зуд” гэж түүхэнд тэмдэглэгдсэн гамшиг дайрсныг гадарлана. Дайны үеийн чанга хууль, Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг шуурганаар солигдоход мал сүргийн тоо нөгөө 25 саядаа хүрээгүй л байлаа. Дахиад л алба амины бүх мал хүн амаасаа илуү нягт нарийн дансанд оров.
Амины мал дээрээс тогтоосон тоотой, түүнээсээ нядаллаа гэхэд хот руу оруулж идэж болдоггүй нарийн чанга хуультай. Дэлгүүрт “эрзээн” нэртэй туранхай маханд дугаарлана.
ЭЗХТЗ-ийн гишүүн болж социализмын материал техникийн бааз байгуулж эхэлсэн тэр үед малын гарадтай түүхий эдээс өөр бусдаас авсныхаа оронд өгөх зүйлгүй байсан болохоор төрийн бодлогын голд нь мал хэвээрээ л байсан. Чухам энэ үед билчээрийг усжуулах, малыг хашаажуулах, эрүүлжүүлэх талаар их ажил өрнөснийг дурдууштай. Гэвч ардчилалтай залгахад мал сүрэг нөгөөх тавиад оны 25 сая гэсэн лоозундаа хүрээгүй л байлаа.
Гэтэл мал хувьд очоод хориодхон жил болоход гурав дахин өсчихдөг, гайхмаараа. Хаадын үе, манжийн үеийг эс тооцвол төр засгийн мал сүрэг гэж хэзээ ч байсангүй. Гэхдээ малчид маань засгийн малыг маллаж байгаа мэт чардайж ная, ерэн жилийг туулсан ажээ. Бодлого гэж байгаагүй бол мал сүрэг бүрмөсөн барагдаж дуусах байсан уу, эсвэл засгийн бодлогоор явснаараа харин ч хэдэн малтайгаа үлдэв үү. Үгүй бол засаг оролцсоноос болоод олигтойхон өссөнгүй юу. Ийм олон бодол толгойд эргэлдэнэ.
Харин ганцхан үнэн бол энэ хэдэн малчид маань үеийн үед монголоороо байж чадсанаар хэдэн малтайгаа өдий хүрсэн юм. Яруу найрагч Ц.Чимэддоржийн бичсэнээр тэд малаа яаж маллахаа марксизмаар заалгаагүй. Бас аль ч нугалаа завхарлын үед бослого тэмцэл хийгээгүй, өлсгөлөн зарлаагүй. Монголыг монголоор нь авч яваа малчдадаа зориулсан хөшөө, дурсгал та үзсэн үү. Харин нохойных бол бий шүү.
“Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна” гэж шинэ Үндсэн хуульд заачихлаа гээд мал өссөн гэвэл тэр худлаа.
Яагаад гэвэл энэ заалтыг хэрэгжүүлэх талаар төрөөс үүнийг хийчихсэн гэж хэлэх зүйл байхгүй. Мал эмнэлгийг устгасан. Шүлхий, боом газар авсан. Үржил селекц ч сураггүй болсон. Малаас хүнд халддаг өвчнүүд ч өссөн. Малыг эрүүлжүүлэх бодлого эзэнгүйдэж, хөдөөгийн мал эмнэлгүүд мэргэжлийн бус хүмүүсийн гарт очсон. Зах зээлийн хатуу гарт өртсөн малчид түүхий эд, мах, сүүгээ борлуулж, завсараас нь ченжүүд башийж байхад төр засаг яаж ч чадаагүй. Нэг ёсондоо ченжүүдтэй нийлж малчидаа шулсан. Малын хулгай газар авч, буянт сүргээ буудах нь ердийн үзэгдэл болсон.
Зуд болоход өвс тоос гэж давхиж улс төрчид пиар хийдгийг эс тооцвол төр засаг худлаа ярьсаар хорь гаран жил болсон юм. Сайн малчин шалгаруулдаг нь шинэ зүйл биш. Бас тэгээд малчдад “малчин” гэсэн үнэмлэх олгосон гэж байгаа. Энэ бол иргэндээ та хүн мөн гэсэн үнэмлэх өгсөнтэй л адил, инээдэмтэй зүйл. Зарим аймгийн дарга нарыг малаа өсгөснөө их дөвийлгөж ярихаар нь өөрсдөө хуц ухна болчихсон юм уу гэж шоглодог болсон нь цаанаа л нэг хоржоонтой.
Одоо тэгээд юу болов. Хоёр хөршийн удирдагч айлчлаад мах, малын гаралтай бүтээгдэхүүн хэмжээ хязгааргүй авна гээд хэлчихсэн чинь цөм л гуяа алгадаад харайлгаж явна. Төрийн өмч гээд хуульчилсан газрын баялгаа буруу ашигласнаас өрийн тулам болчихоод, одоо хувийн өмчид байгаа малын махыг экспортолно гэж ичих ч үгүй ярьцгааж байна. Мах гаргахын оронд өдийд малын гаралтай түүхий эдээрээ дэлхийд танигдсан бүтээгдэхүүн хийгээд сууж байх цаг шүү дээ. Ичих ч үгүй гэдгийн учир гэвэл тэр 61 сая мал чинь цаанаа эзэнтэй, хувийн хөрөнгө. Мах экспортолдог юмаа гэхэд чухам мал сүргийн бүтэц, тоо толгойг хэрхэн хадгалах талаар ядаж малчидтайгаа ярилцсан хүн байгаа юм уу. Оны эцэст 50 сая гэж байснаа гэнэт 60 сая, одоо 61 сая болчихсон гэнэ. Энэ ер нь үнэн тоо юу. 25,7 сая гэдэг чинь хүн ам 1 сая хэртэй байхад гаргасан тооцоо. Одоо 3 сая хүнтэй гэвэл хэдийг нь өсгөж, хэдийг нь идэж, хэдийг нь гадагш өгөх тооцоо хаана байна.
Хүний юмаар хүүдэгнэж Хүүтэй цаасаар хаадганана гэж үг байдаг даа. Чухам тэр л болж байна.
Жаран сая гэдэг хязгааргүй их тоо биш. Хятадын тэрбум хагас хүний нэг өглөөний зуушинд ч хүрэхгүй. Муухай санаа гаргаж, хятадууд манай малыг дуусгах гэж байгаа юм гэж хэлэхээ азная. Харин хятадууд ил далд аваад эхэлсэн юм бүхэн тэр дороо дуусдагийг санацгаая.
Хорь гучаад хонь ямаатай юмсан
Хоёр гүрнийхэн хувааж идээд даший шог
Бороотой, бороогүй хоёр морьтойсон
Фронтод дашийн шог гэсэн шог яриа байсан.
Оросууд манай мах, түүхий эдийг мөн ч их авсан. Улаан-Үүдийн мах комбинатын түүхий эдийг монголын адуу голдуу хангаж байсан гэдэг. Байлдаантай кино олныг үзсэн. Монгол морьтой орос цэрэг хараагүй. Фронтод өгсөн морьд ч консерв болсон байж магадгүй. Оросын талынхан “Алс дорнодод манай мах боловсруулах таван үйлдвэр байдаг. Монголоос мах авахад ойрхон, экологийн цэвэр, хөлдөөж чанарыг өөрчлөлгүй хэрэглэхэд амар” гэж ярьж байна. Хятад руу хил давж уруудсан мал эргэж ирдэггүйг говийнхон мэднэ. Монголын мал өвчтэй гээд буцаагаад хөөж байсныг харин санахгүй юм. Гэтэл өнөөдөр л нэг их хилийн ариун цэврийн хяналт, хүнсний стандарт гэж ярих болцгоож. За энэ ч яахав. Ёс ёмбогор.
Харин мах аваад эхэлбэл ер нь юу болох вэ. Манайхан ил нэг, далд нэг зөөнө. Хилийн боомтоор ч гаргана, Шилийн богдоор ч гаргана. Орос руу визгүй амар болчихлоо. Үүрээд ч гарна, дүүрээд ч гарна. Хойд, урд хил залгаа хөршүүд монгол малын махны амтанд аль хэдийнээ орчихсон хүмүүс. Ангайх ам, залгих хоолой нь бэлэн гэсэн үг.
“Эрдмийт”, “Преком” гэсэн хоёр үйлдвэрт мах экспортлох эрх өгсөн бололтой юм. Цаашид найман үйлдвэрээс мах авах
мал хядаж эхлэх юм байна. Махны үйлдвэр гэдэг нядалгааны газар биш. Нядалсан малын маханд чухам ямар боловсруулалт хийж гаргадаг нь сонин. Төрийн буянаар гадаадын махны үйлдвэр үзсэн. Ёстой л амьсгалаас бусдыг нь авч ашигладаг юм билээ. Нядалсан малаасаа ямар ямар био бэлдмэл, уураг, фермент гаргаж авах юм бол?! Тэдний дэргэд био бэлдмэлийн лаборатори байдаг болов уу. Гэдэс дотор, толгой, шийр, эвэр туур нь яадаг бол. Энэ талаар өргөн олонд мэдээлэл алга. Ирэх онд нэг зуун мянган тонн мах гаргах санаатай гэж Хөдөө аж ахуйн дэд сайд нь хэлж байна. Гадагшаагаа гаргаж эхэлбэл Дотоодын зах зээл дээр махны үнэ тэнгэрт хадна.
Ингээд Монгол улс мал ч үгүй, мах ч үгүй болбол яахав гэдэг асуудал санаа зовоож «байна. Мал, малчин хоёр бол Монгол улс оршиж байгаагийн үндсэн шинж чанар юм. “Би уншиж байна, тиймээс сэтгэж байна” гэдэг шиг. Мал, малчин хоёрын хүчинд Монгол гэдэг нэр ертөнцөд танигдсан. Жуулчид тэдний амьдралыг үзэх гэж л монголыг зорьдог. Тэд Улаанбаатарын утааг үзэхээр ирэхгүй.
Мах гаргаад жаахан ашиг олохсон гэж алга нь загатнасан хүмүүс хаа сайгүй. Ашиг олж болноо. Олох ч ёстой. Алсдаа чухам юуны цондон бэ. Яруу найрагч Зундуйн Доржийн хэлсэнчлэн “Хил, мал, хэл” гурав бол монголын баталгаа. Улс төрч бүхэн пиар болгосоор боомтын тоо учраа алдаж хил задгайрлаа. Эх хэлний тухай асуудал бол бүр түймэр болоод байна. Одоо хэдэн малаа хойд, урд хоёр хөрштэйгээ хуваагаад идчихвэл чухам юу болох вэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр авч ярих асуудал.
Мах гаргах болсон гэж их л олзуурхаж яриад байгаа болохоос биш элгээрээ мөлхсөн эдийн засагт ямар хувь нэмэр оруулах тооцоо төсөл гэж сонссонгүй. Малчид маань үүнийг сонсоод мөнгөтэй болох нь гэж их баярлах ёстой гэсэн улс төрчид андуурч байна. Миний уулзсан хашрууд бол бэлэнчилж худалдаад хэдэн малаа дуусгахыг үзэлгүй нүд аних юмсан гэж ярьж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч, ард түмний индэр дээрээс малчдын үгийг сонсоосой билээ. Мах гадагшаа гаргана гэдэг чухам юуны цондон бол. Газрын баялагаа ашиглах гэж цондогносоор газар дорхио гадаадынханд бэлэглээд, хөрс бэлчээрээ сүйтгээд дуусч байна. Одоо мах гаргана гэж экологийн цэвэр бүтээгдэхүүнээ самраад малаа барахын цондон биш биз.
Л.Одончимэд /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: