Зурхайн дацан дампууруулсан нь
Ард түмний гавьяат, Зууны шилдэг увдистан, Эгэл баатар, Эгэлгүй ачтан, Зурхай судлалын доктор, Чингис хааны академийн академич, Тарничдын нийгэмлэгийн тэргүүн, Ховсчдын холбооны ерөнхийлөгч, Суу ухааны мастер, Зөн билэгтэн, Гоц авьяастан, Номч мэргэн…. заримыг нь мартаж орхиж.
Ямартаа ч Далай даян, даяар дуурсагдах, дархан аварга гэж байгаагүй. Улсын баатар сансрын нисгэгч гэж арай байгаагүй дэг. Ер нь түүний байхгүй цолыг түүж бичих нь арай амар юм.
Тэр л түүхэн урт өгүүлбэрээ томоор бичин суудаг дацангийнхаа үүдэнд хаяглаж хаджээ. (Танил маань дацан гэдэг болохоос уг нь дацан биш л дээ. Дацан бол сургуулийн нэр, тэнд ямар ч сургалт байхгүй учир зүгээр л өргөө гэж бичье.)
Яаж ийм алдар хүндэд хүрч түмэн олныг бүчүүлээд байдгийг нь тандах зорилгоор би түүний бичээчээр сарын хугацаанд ажиллахаар болов. Намайг шашны сургууль төгссөн, дор хаяад номын нэр зөв бичээд байхтайгаа гэж олзуурхан хүлээж авсан л даа. Даан ч би найдлагыг нь удаан хүлээж чадаагүй юм.
Танил хамтрагч маань ердөө хоёрхон өгүүлбэрээр, бараг өөрийнхөө цол гуншингаас цөөхөн хэдхэн үгээр л ийм өндөр зэрэгт хүрснийг хараад би их гайхсан шүү.
Зурхай зуруулах, мэргэ төлөг тавиулахаар зорин ирэгсэд өөрсдөө нэг л зүйлийг хүсдэг, зурхайч түүнд нь тааруулаад нэг л хариулт хэлчихдэг ийм амархан ажил.
Өглөө өргөөндөө ирэхэд нэлээд хүмүүс дарааллаад зогсчихсон, бид хоёр ч үүдээ нээгээд ажилдаа орно доо.
За эхний хүн ороорой.
Хүмүүс голдуу өөрт тохиолдсон зовлонтой асуудлууд, түүний шалтгаан, ирээдүйд хэрхэх, эсэх тухай л асууна.
-Танд хүмүүс атаархаж муу санадаг юм байна. Хэл амыг нь хариулуул.
-Тэгнээ тэр. Манай дарга надад их муу. Юм л бол цалин хасах гээд байдаг юм.
Дараагийн хүн ороорой…
……………………………………………………………………………
-Танд хүмүүс атаархаж муу санадаг юм байна. Хэл амыг нь хариулуул.
-Тэгнээ тэр. Миний дор ажилладаг дэд маань надад их муу. Намайг зайлуулчихаад өөрөө суух гээд байгаа юм. Гайгүй байлгүй чи…
Дараагийн хүн:
……………………………………………………………………
-Танд хүмүүс атаархаж муу санадаг юм байна. Хэл амыг нь хариулуул.
-Тэгнээ тэр. Манай нөхөрт сайн байдаг нэг хүүхэн эртээд надтай зөрөхдөө их муухай хараад өнгөрсөн. Гайгүй дээ чамайг…
Дараагийн хүн:
……………………………………………………………………
-Танд хүмүүс атаархаж муу санадаг юм байна. Хэл амыг нь хариулуул.
-Тэгнээ тэр. Ажилгүй унтаад байхаар нь бэрдээ хэдэн үг хэлчихсэн нь гүйгээд явчихсан юм. Авга нь бөө юм билээ. Тэгнэ байхаа чи…
Ер нь энэ “Танд хүмүүс атаархаж муу санадаг юм байна. Хэл амыг нь хариулуул” гэдэг үг хэчнээн ч хүнд адилхан хэлэхэд яг таардаг, бүр түлхүүр цоож шиг тохирдог нь гайхмаар. Энэ цаг үеийн хүмүүсийн сэтгэл зүйн судсыг таньж атгасан танилынхаа арга барилд заримдаа би эгдүүцэвч, тэсэж өнгөрөөж байсныг нуугаад яах вэ.
Ийм маягаар арав гаруй өдөр ажиллаад байтал гэнэт танилд маань ажил гарч хэсэг хугацаанд хөдөө явахаар боллоо. Надад итгэл хүлээлгэж, иртэл нь би гал алдчилгүй зурхайг нь эрхэлж байхаар, бас нэг залууг бичээчээр түр авав.
Надад үнэндээ хүмүүст үйлчлэх ямар ч туршлага байсангүйн дээр Буддад элэгтэй, түүний сургаалд итгэдэг нэгэн тул танилын маань хэлдэг нөгөөх шидэт үгийг давтах зүрх хүрсэнгүй.
Буддагийн сургаалаар бол “дайсан гэдэг нь өөрийн доторх муу сэтгэлээс өөр юу ч биш. Гаднаас шидсэн чулуунд чи л өөрөө эмзэглэн оногддог болохоор зовлон нь чамаас шалтгаалан гарч буй. Хэн нэгэн чамайг гахай гэж хэлэхэд, хэлсний зоргоор чи гахай болчихдоггүй, харин сэтгэл чинь гахай урлан бүтээж, эргээд бүтээсэн гахайтайгаа би ийм биш хэмээн маргалддаг” гэнэ. Чамаас өөр хэн ч чамайг уурлуулж чадахгүй гэдэг сонгодог үг ч бий.
Иймээс би өөрийнхөө хэлэх ёстой үгийг бэлдээд анхныхаа үйлчлүүлэгчийг урилаа.
-Эхний хүн ороорой…
Хариуцлагаа ухамсарлаж их л эелдэг анхааралтайгаар үйлчлүүлэгчийнхээ үгийг сонсож ойлгоод,
-“Таны зовлон таны муу сэтгэлээс л үүдсэн байна. Сэтгэлээ номхотго.” гэв.
- Юу гэнээ, битгий доромжлоод байгаарай.! Би чамд үзүүлэхгүй. За юу…
Дараагийн хүн ороорой…
…………………………………………………………………..
-Таны асуудал таны муу сэтгэлээс үүднэ. Сэтгэлээ зас.
-Үгүй, энэ чинь юу гэсэн үг вэ. Би өөр зурхайч сонголоо. Чамаас өөр үзчих хүн байхгүй биш шүү дээ. Аан…!
Дараагийн хүн:
……………………………………………………………………
-Таны асуудал таны муу сэтгэлээс үүднэ. Сэтгэлээ зас.
-Чи юу ч мэддэггүй бацаан байна. Өвчигнөхөө боль!
Дараагийн хүн:
………………………………………………………………………
-Таны асуудал таны муу сэтгэлээс үүднэ. Сэтгэлээ зас.
-Чамтай би тоглоогүй байна шүү. Яагаад хүн даажигнаад байна.
Би нэг л үгээ тоть шиг давтаад байхыг урьтал болголгүй учир зүйг тайлбарлан ойлгуулах гэж оролдсон боловч бүтээгүй юм.
Ингээд сарын дараа гэхэд манай өргөөнд хүн ирэхээ больсноор би ихэд завтай болж, өнөө цагийн хүмүүсийн дотоод ертөнц ямархан болохыг тольдох мэт мэдсэндээ олзуурхах, харамсах хоёрыг хослуулан дэмий баахан цаг нөхцөөж суудаг болов.
Хүн гэдэг болж бүтэхгүй байгаа зүйлийнхээ шалтгааныг ямагт гаднаас эрдэг, эрэх бүрдээ заавал нэг эзэн олдог, өөрийн сэтгэлд үлдсэн бусдын шавхайг л хардаг, өөрөө бусдын сэтгэлд шавхай тарьснаа хэзээ ч харж чаддаггүй, хүлээн зөвшөөрдөггүй амьтан ажээ.
Их удалгүй хамтрагч зурхайч маань ирж би түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд замаа хайсан даа.
Сүүлд нь дуулах нээ, мань танил минь намайгаа Зурхайн дацан дампууруулсан нөхөр хэмээн ярьж явна гэнэ лээ. Нээрээ л надаас болж дампуурсан байх шүү.
Н.Мөнхбаяр
URL: