Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодогсдыг хашраах цаг болжээ

efwwewСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал дэлхий нийтийн толгойны өвчин болчихоод байгаа. Ганцхан манайд ч согтуурсан үедээ машинаа унаж давхиад, осол аваар гаргаад байдаг нөхдүүд байдаг юм биш. Бүхий л улс оронд тийм шийдчихсэн “усан толгой”-нууд байдаг нь ойлгомжтой. Гагцхүү дэлхийн бусад орон согтуурсан үедээ машин жолоодсон нөхдүүдэд хатуухан арга хэмжээ авдаг гэдгээрээ манай улсаас ялгаатай. Дэлхийн зарим оронд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхдүүдийн жолоо барих эрхийг насаар нь хасдаг гэж байгаа. Зарим нь унаж яваа машиныг нь хурааж аваад, дуудлага худалдаанд оруулж, улсын орлого болгодог аж.

Манай улсад бол тэртээ 1992 онд тогтоосон хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгодог. Сүүлийн үед дүрэм, журмаа жаахан чангалаад, эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэл хасдаг болсон. 5000 төгрөг гэдэг өнөөдөр ямар хэмжээний мөнгө билээ. Таваг аятайхан хоол аваад идчихэж хүрэхгүй мөнгө шүү дээ. Ийм хэмжээний торгууль төлсөн хүн хаширна гэж байх уу. Ёстой нөгөө “Үгүй л байхгүй юу” гэдэг шиг юм болно биз дээ. Тиймээс манай улс согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваа нөхдүүдэд авах арга хэмжээг жаахан дорвитой болгомоор байна. Гэхдээ согтуурлын зэрэг энэ тэрийг нь харах хэрэгтэй. Дээрээс нь манайханд айраг гэж нэг “шүдний өвчин” байгаа юм. Энэ мэтийг сайн бодолцоод, тооцоод хууль, журмаа чангалмаар байна.

Бусад улс орны жишээг хараад, туршлага судалсан ч яахав. Тухайлбал, ОХУ-д энэ сарын 1-ээс эхэлж хууль мөрдөж эхэлж байгаа сураг байна. Хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хуулиар шийтгэх заалт орсон аж. Хуучин мөрдөгдөж байсан хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 30 мянган рубль буюу 414 ам.доллараар торгох, жолоо барих эрхийг нь 1.5-3 жилээр хасах, хууль сахиулах болон төрийн албан хаагч согтуугаар машин жолоодвол тав хүртэлх жил хорих зэрэг шийтгэл хүлээлгэж байсан аж. Харин шинэ хуулиар торгуулийн хэмжээ 200-300 мянган рубль буюу 2700-4100 ам.доллар болж нэмэгджээ. Түүнчлэн эхний удаа согтуугаар машин жолоодвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг доод тал нь хоёр жил хасах бөгөөд нэг жилийн дотор дахин дээрх зөрчлийг гаргавал торгууль төлөөд зогсохгүй 480 цаг олон нийтийн ажил хийх шийтгэл хүлээх юм байна. Үүний зэрэгцээ зам тээврийн ослын хохирлын хэмжээнээс хамаарч 2-9 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон гэнэ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь битгий хэл машин унаж яваа үедээ архи, шар айраг уух тухай бодож ч чадахааргүй хатуу хууль байгаа биз дээ. Харин манайд бол эрхийг нь зургаан сараар хасаад гүйцээ. Тухайн үед нь машиныг нь хурааж аваачаад, журмын хашаанд хийнэ. Журмын хашааны мөнгөө төлөөд унаагаа авчихна. Ингээд л гүйцээ. Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явбал хэд хоног баривчлаад тавьчихна. Сайндаа л саатуулах төвд тааз ширтэж долоо хоног хэвтэж байгаад гараад ирнэ. Зарим нэг нь хаширвал их юм. Төд удалгүй согтуугаар машин жолоодоно. Аз таарвал гэртээ харина. Азгүй бол осол аваар гаргана. Хүн дайрч амь насыг нь хохирооно доо. Ер нь бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг гартаа хутга барьчихаад, нүдээ аниад олон хүний дундуур гүйж яваа этгээдтэй зүйрлэдэг гэж байгаа. Нөгөө талаар хүний амь насанд халдахыг завдсан гэж үзэж ч болно. Тийм болохоор хатуухан хариуцлага тооцох нь зайлшгүй шаардлагатай байна.

Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өргөн бариад, шат дамжлагуудаа давсан юм билээ. Одоо гагцхүү УИХ-аар хэлэлцээд, батлах л үлдээд байгаа гэсэн. Энэ хууль батлагдвал асуудал жаахан цэгцэрч магадгүй байна. Ерөнхийдөө согтуугаар машин барихаас үхтлээ айдаг болтол л хууль, журмыг чангалж, торгууль мөнгийг нь нэммээр байгаа юм шүү дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

URL:

Сэтгэгдэл бичих