Мисс Б.Гантогоо ерөнхий сайдыг хошгируулсан нь

20150105024650“ӨДРИЙН шуудан” сонины өчигдөрийн дугаарт манай нэг залуу мисс ярилцлага өгчээ. Монголын загвар өмсөлт, мисс шалгаруулалтын олон тэмцээний тэргүүн болон дэд шагналыг хуу хамаад зогсохгүй гадаадад болсон олон олон миссийн тэмцээний “Q miss”, “F miss”, “Z miss” гэх мэт тэргүүн шахуу шагналуудын эзэн гэнэ. Азид бараг нэгд, дэлхийд бараг эхний тавд явдаг юм байх. Бахархмаар аа. Бахархам энэ үйл явдлыг сэтгэл сэргэн сэргэн уншиж суутал дөрвөн жилийн өмнө болсон нэг явдал санаанд оров. Яг дөрвөн жилийн өмнө юм.
Гадаад орнуудаар явж сайхан хүүхэн шалгаруулдаг ажилтай, түүгээрээ хөөрхөн мөнгө олдог нэг индус нөхөр шинэхэн шалгаруулсан монгол мисс Б.Гантогоогоо бас гадаадын хоёр “сайхан амьтан”-тай дагуулан ирж манай ерөнхий сайдад бараалхав. Улмаар “Ирэх жил Монголд олон улсын мисс шалгаруулах тэмцээн зохиовол ямарав?” хэмээн “хошгируулсан”-д манай ерөнхий сайдын нүд сэргэж, уухайн тас хүлээж авахаар барахгүй газар дээр нь ажлын хэсэг томилж орхих нь тэр. “Ямар сайхан ажил хэрэгч сайдтай Монгол улс вэ. Би ингэхэд хэдэн саяыг хийчихэв ээ?” хэмээн индус нөхөр гайхсан нь лав. Учир нь ийм тэмцээнийг нутагтаа зохиолгож буй орон нь тэмцээний патент эзэмшигч, нэг ёсны эзэнд нь нэгээр зогсохгүй сая доллар төлдөг. Тухайн орны реклам болдог учраас тэр. Харин манай сайд энийг нь мэдээгүй юу, эсвэл мэдээд өөрөө хөрөнгө чинээ сайтай хүн болохоор тоосонгүй юу, газар дээр нь гараа бариад Б.Гантогоогоор таслуулчихав. Бандан тас!
Тэртээ 2006 онд тийнхүү Монголын ерөнхий сайдтай гар барьсан нөхрийг Дэвид Сингх гэдэг. Монголын сайхан охидын нэг Б.Гантогоод тэр жилээ миссийн өргөмжлөл бөөндсөн “Miss Tourism World” гэдэг байгууллагыг төлөөлөн Монголд иржээ. Англид төвтэй энэ байгууллагын ерөнхийлөгч Жон Сингх түүний эцэг юм. Сингхийнхэн энэтхэг гаралтай Английн иргэд. Бизнес нь миссийн тэмцээн. Нэр хүнд нь олон улсад унасан, түүнийгээ юухнаар ч болов сэргээж авахад мөнгө хайрлахгүй Африкийн голдуу орнуудад миссийн тэмцээн зохиож дэлхий дахинд цацаад дундаас нь нэлээд мөнгө унагана. Тухайлбал, 2005 онд “Miss Tourism World 2005” тэмцээнийг Зимбабэд зохион байгуулаад Засгийн газраас нь хоёр сая долларын лицензийн төлбөр авчээ. Энэчлэн өч төчнөөн янзын лицензээр энд тэнд есөн жорын миссийн тэмцээн зохион байгуулна. Яригдаж буй үйл явдал болсон 2006 онд гэхэд л уламжлал ёсоороо “Дэлхийн Топ модель”, “Хорвоогийн Топ модель”, “Дэлхийн Жуулчлалын Мисс”, “Хөхний даруулгатай Дэлхийн Мисс” (Miss Bikini World), “Дэлхийн Интернэт Мисс”, “Их Британийн Мисс” гэхчлэн 10 шахам миссийг шалгаруулсан билээ. Тэгээд зогсохгүй “Саятан Мисс”, “Цагаан Алтан Мисс”-ийг зохион байгуулах патенттай, эвийг нь олж байж нэг газар зохиогоод энэ хоёроос бол бүр их мөнгө унагана. Миссээс мөнгө их олдог учир Сингхүүдийн амьдрал ч тансаг, тухайлбал Английн Ноттинхэм гүнлигт их яруу найрагч Лорд Байроны сууж байсан эртний түүхт эдлэн Ньюстийд Эбби гэдэгт хувийн тансаг харштай. Байгууллагынхаа төв байр гэдэг нэрээр тэндээ газар газраас цуглуулсан хүүхнүүдээ байн байн аваачиж тансаглуулна. Их мөнгөнд хутгалддаг болоод ч тэр үү Сингхүүдийн нэр энд тэнд баахан тааруухан. Дээр дурьдсанчлан 2005 онд тэд Зимбабэд мисс шалгаруулахдаа хүний мөнгө хулхидсан хэргээр энэ улсын дээд шүүхэд дуудагдаж, баригдахын даваан дээр онгоцонд сууж зугадсан паян бий. Зимбабэд зохиосон тэмцээнээ олон улсад цацуулахаар OBE гэдэг телевизтэй гэрээ хийгээд, Засгийн газраас авсан өнөө хоёр сая долларынхаа 10 хувийг нь өгнө хэмээн гарын үсэг зурсан боловч өгөөгүй учраас тийм юм болсон байна. Тэмцээнд оролцогчдод амласан мөнгөө ч өгөөгүй гэдэг. Дараа жил нь Ямайкад болсон тэмцээний ялагчийг шалгаруулахдаа мөнгө авсан хэмээн сэжиглэгдэж тэмцээний дүнг цуцлах барихдаа хүрч байв. Ийм нөхдүүд. Нөхдүүд тэр жил манай миссийн мисс Б.Гантогоод баахан өргөмжлөл цутгахад дотор нь “Дэлхийн топ модель” гэдэг бичигтэй тууз ч цохиж явсан бий.
Ингэхэд манай Б.Гантогоо дэлхийн топ модель үү, тэдний топ модель үү? Ерөөс Сингхүүдийн нэгэн адилаар элдэв янзын мисс шалгаруулдаг нөхдүүд хорвоогоор дүүрэн бий. Анх малайз гаралтай гэрэл зурагчин Чарли Си гэдэг нөхөр, ийм юм хийж мөнгө олж болох нь гэж сэтгэнгүүтээ “Miss Tourism International” гэдэг нэрээр патент аваад
тэмцээн зохиож баяжсан түүхтэй. Одоо зөвхөн “Туризм” нэртэй миссийн байгууллага, тэмцээн гэхэд л “Miss
Tourism International”, “Miss Tourism of the Globe”, “Miss Tourism Queen International”, “Miss Tourism Universe”, “Miss Tourism Worldwide” гээд лав л 10 янз байна. Бүгд өөрийн гэсэн дэлхийн топыг шалгаруулна. “Тунгалаг тамир” кинонд Дарь эх өргөмжилдөгтэй эгээ адилхан. Дэлхийн топ гэдэг цол нэг юм уу, ядаж гарын таван хуруунд багтахаар цөөхөн хүнд баймаар атал ийм маягийн тоглоомын ТОП дэлхийгээр нэг байна. Тэдний нэгийн тоонд манай Б.Гантогоо орсон нь тээр жил ээ.
Одоо л жаахан бүдгэрээд, мартагдах тийшээ хандсан болохоос биш, Б.Гантогоо гэдэг эмэгтэйн нэрийг тээр жил болон бас ч нэг хэсэг Монголын сонин хэвлэлүүд дурьдахдаа мөнөөхөн “Дэлхийн топ модель” гэдэг гуншинг нь заавал тавьдаг байв. Нэгнийгээ бусдын тоглоом болгочихоод нэрийг нь хэлэх болгондоо “Дэлхийн топ” хэмээн дуудах ямар вэ? Явуулж байгаа ч юм шиг. Яг үнэндээ бол тун эвгүй энэ гуншинг өөртөө наах уу, эсвэл салах уу гэдгийг Б.Гантогоо толгой мэдэж ч шийдсэнгүй, аз болж цагийн аясаар мартагджээ. Өөрөө ч үүнээс огт ондоо гуншинг өөрийн чадлаар олж аваад сайн сайхан яваа бололтой. Харин ингэхэд ерөнхий сайд маань Сингхүүдэд тавьсан өрөө төлсөн болов уу?
 А.Бат-Амгалан

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих