МАН өрийн таазыг нэмэхгүй байх зарчмаасаа буцлаа

151245211Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын 30-ны өдөр УИХ-ын даргад 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлнэ. Энэ оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд улсын өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төсөл орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж улсын өрийн таазыг 70 хувьд хүргэхээр тооцсон байна. Уг нь 2015 оны төсвийг батлах үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төслийг Сангийн сайд асан Ч.Улаан УИХ-д өргөн барьсан байдаг. Гэхдээ сөрөг хүчин буюу МАН мөн УИХ-ын гишүүдийн олонхи нь өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжээгүй. Удалгүй Өрийн удирдлагын тухай хуулийн төслөөр дамжуулан өрийн хязгаарыг 70 хувьд хүргэнэ гэж УИХ-ын даргад мөн өргөн барьсан ч дэмжигдээгүй.

Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар 2015 оны батлагдсан төсөвт улсын өрийн хязгаар 40 хувь байхаар тусгасан билээ. Шинэчлэлийн Засгийн газар улсын өрийн хязгаарыг нэмэгдүүлэх хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьсан ч дэмжигдээгүй нь энэ юм. Өрийн таазыг нэмэх саналыг хүчтэй эсэргүүцэгч нь сөрөг хүчин байсан. Сөрөг хүчин энэ байр сууриа баталж Шийдлийн Засгийн газарт хамтрахдаа улсын өрийн таазыг нэмэхгүй байх тохироог хийсэн гэдгээ олон нийтэд мэдээлж байсан. Тэгвэл МАН, АН-тай өрийн таазыг нэмэхгүй гэж тохиролцож засагт хамтарсан хэрнээ засагт ороод зарчмаасаа яагаад буцав гэдэг олны анхаарлыг татах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, өрийн таазыг нэмэхгүй гэдэг АН, МАН-ын тохиролцоо цаасан дээр л үлдсэн худлаа мэдээлэл байжээ.

 

 

Э.МӨНХЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих