Долоон настай охин онгоцны ослоос амьд үлджээ

18959e9b7fhglg4pu5rd2jfn2m

АНУ-ын Кентаки мужид өнгөрсөн Баасан гарагт онгоцны осол болсны улмаас нэг гэр бүлийн дөрвөн хүн амиа алдаж, долоон настай охин нь амьд үлджээ.

Амьд үлдсэн охин онгоц унасны дараа нэг бээр орчим зайд тусламж эрэхээр явсан байна. Тэгээд ойролцоо байшинд очиж онгоц осолдсон тухайгаа хэлсэн аж.

Түүнийг анх харсан Ларри Уилкинс “Хэн нэгэн хаалга зөөлөн тогшсон. Очоод онгойлготол уруул, хамар нь шархдаж цус гарсан, хөл гараа ямар нэгэн зүйлд урсан бяцхан охин зогсож байлаа.

Тэр надад онгоц нь осолдож гэр бүлийнхэн нь нас барсан гэж хэлсэн. Мөн өөрийгөө Сэйлор Гацлер гэж танилцуулсан” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Кентаки мужийн цагдаа нар 10 минутын дараа онгоц осолдсон газар очсон бөгөөд охиныг эмнэлэгт хүргэж шархыг нь эмчлүүлжээ. Охины шарх хөнгөн байсан тул биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

Харин мужийн цагдаа нар түүний зоригийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд долоон настай охин ийм зүйл хийсэнд итгэхгүй байна гэжээ.

Сүйрсэн онгоц нь Piper PA-34 маркын гэр бүлийн хэрэгцээний, жижиг онгоц байсан аж.

CNN.com


URL:

Сэтгэгдэл бичих