Т.Галсан: Бид цөөхүүлээ шүү дээ
Монголын утга зохиолд оюун ухааны цэц, үгийн их ундарга, бяд өв соёлоо дээдлэх тод ухаанаараа цолгорсон, билэг үгийн их мастер Т.Галсан гуайтай цагдаагийн ажил албаны тухай ярина гэхээр танд илүү сонирхолтой содон санагдаж магад. Амьдралын түүхээсээ улбаалсан сэтгэлд хоногшсон сонин содон дурсамжууд, цаг цагийн цагдаагийн аж амьдралыг нэхэн дурсаж, өнөө цагийн өнгө төрхтэй хослуулан үгээ харамгүй зориулсан буурал найрагчийн ажлын өрөөнд бид уулзсан юм. Нас ная дөхчихлөө гээд налайж суухыг бодолгүй найраг шүлгээ бичиж, найруулга сайтай орчуулганд баясаж, залуу хойч бидэнтэйгээ замбуулингийн жаргал зовлонг хүүрнэн суух эрхэм хүмүүнтэй цөөн хором ярилцсанаа та бүхэндээ хүргэе.
Тэнгэрийн дор байгаагаас хурнаас яаж зайлах вэ?
Төрийн зарлиг байгаагаас баривчлахаас биш яах вэ?
Би өөрөө цагдаад гавьяагүйгээ мэдсээр байхад Д.Сандаг-Очир генерал надад “Цагдаагийн гавьяа” шагнал өглөө. Та яагаад цагдаад гавьяа байгуулаагүй хүнд энэ одонг өгч байнаа гэсэн чинь,
-Та юу ярьж байнаа. Тас харанхуй гудамжинд мэс барьсан алуурчин өөд манай цагдаа таны шүлгийн уншаад ороход цагаан эрчис, авралын эрчис, буяны эрчис болох төдийгүй хар муу бүхнээс зайлуулдаг юм шүү дээ гээд би аман дээрээ тэгж алгадуулж үзлээ. Ер нь бол амьдралдаа аман дээрээ хоёр удаа алгадуулж үзсэн юмаа. Энэ нь юу хэлээд байна гэхээр миний бичсэн “Долдугаар сарын нэгэн” гэдэг шүлгийг цагдаа нар уншсан гэхээр тэд буу бороохойгоор зэвсэглэхээс гадна бас яруу найргаар зэвсэглэдэг болсон юм байна. Тэгээд бас яруу найргийн гавьяанд бас шагналаа хүртэл өгөх хэмжээнд хүрсэн юм байна гэж бодсон доо. Тэр шүлгэнээс бид та нарт уншиж өгье
Бид цөөхүүлээ шүү дээ, монголчууд минь ээ !
Бэгтэр ахыгаа харвуулсан өнчин Бэлгүүдэй шиг цөөхүүлээ
Бэлтрэгнийхээ сорыг суйлуулсан өлөгчин чоно шиг цөөхүүлээ шүү дээ
Бэрсээ … бэлэвсэн ноён шиг цөөхүүлээ шүү дээ
Бэлчиж яваа сүргээсээ 22 дахин цөөхүүлээ шүү дээ
Бид Дэндүү цөөхүүлээ шүү дээ Монголчууд минь ээ
Аяа бид цөөхүүлээ шүү дээ
Алтайнхаа хяраар дүүлэгч аргал шигээ
Янгир шигээ цөөхүүлээ шүү дээ
Алалдаад тулалдаад өсдөггүй
Афганы хүн амаас найм дахин цөөхүүлээ шүү дээ
Азид өмийн бөмбөг шидсэн
Америкийн хүн амаас 200 дахин цөөхүүлээ шүү дээ
Аяа бид дэндүү цөөхүүлээ шүү дээ
Монголчууд минь ээ
Нэг нь нөгөөгөө нэг буудахад
Ганцхан саяхан болчихно шүү дээ Үхэр монголчуудаа
Нэмээд нэг буудахад тавхан бумхан болчихно шүү дээ
Үхэр Монголчуудаа
Энд нэг хүн амь эрсдэхэд
Тэнгэрт мянган одны гэрэл бөхдөгийг бүү мартацгаа
Бурхны шавь Монголчуудаа
Буяны садан Монголчуудаа гэх мэт их урт шүлэг л дээ.
Сонгуулийн солиорлоос болоод байшинтай байлдаж байгаа өвддөг адилхан биетэй, үхдэг адилхан амьтай атлаа нэг нэг руугаа чулуун бөмбөг, лонхон бөмбөг тэр ч байтугай сум шидэж байгаа үед цочирдон бичсэн шүлэг юм. Энэ бол иргэний ухаарал. Өвгөн хүн үр хүүхэдтэйгээ зүйрлэн хэлсэн шүлэг. Бидний цөөхөн монголчууд бие биенээ хайрлахгүй юм бол биднийг хэн хайрлах юм бэ? Тэрнийг байтлаа цагдаа нар уншдаг, тийм хүнд хэцүү үедээ цээжилчихсэн уншиж явдаг гээд бодохоор зэрэг би түрүүнд хэллээ хамгаалалтын зэвсгээс илүү халуун сэтгэлийн үгээр зэвсэглэдэг юм болуу гэж нэг бодов.
Одоогоос тавин жилийн урьд хөөрхий манай энхрий хайрт нам засаг намайг ардын хүүхдийг сурган хүмүүжүүлж болохгүй ээ, үндэсний өмхий үзлээр хордуулаад байгаа учраас дөрвөн хөлтэй мал хариулуулах нь зүйтэй гээд Баянхонгор аймаг руу тэмээчин болгоод цөлсөн шүү дээ. Ямар сайндаа ээж минь сонсоод нэг уйлахад нь би “Ээж минь хүү чинь тэмээчин болсон болохоос биш тэмээ болоогүй шүү дээ” гэж хэлж тайвшруулж байсан юм. Түүх бүхэн өвчинтэй, өвчин бүхэн түүхтэй учраас улс төрийн тусгаар тогтнолгүй улс гаднаас өгсөн даалгаврыг биелүүлээд л монголоо гэсэн бүхнийг мохоо гэсэн тийм үед хөдөө цөллөгдөөд явж байлаа. Ю.Цэдэнбал дарга албатуудаа дуудаад онцгой анхаар, энэ ажлыг түргэвчил гээд аюулаас хамгаалахын цагдаад үүрэг өгдөг байсан. Цагдаад буруу юу байхав.
Тэнгэрийн дор байгаагаас хурнаас яаж зайлах вэ?
Төрийн зарлиг байгаа цагт баривчлахаас биш яах вэ? дээ гээд намайг барьдаг л байсан. Гэхдээ цагдаа нь намайг дээрэлхээд байсан юм байхгүй.
-Алив тэр иргэний үнэмлэх хаана байна гээд асууна. Хотын иргэн болоогүй хөдөөнийх хэвээрээ шүү дээ. Үндэсний үзлээсээ болоод сэргийлэхийн доод талд байсан өрөөнд барьж аваачаад хийчихнэ. Нэгдүгээрт тэнд хоригдож байгаа хулгайч архичин янз бүрийн хүмүүсийг бодвол надад үйлдсэн үйлийн бузар байхгүй. Хоёрдугаарт би эх орноо л гэж явсан сэтгэлийн бузар байхгүй болохоор тэнд нь ороод нам унтчихдаг байсан. Нүгэл хилэнцтэн бол унтаж чаддаггүй. Сэтгэлийн бузаргүй хүнд бол аль ч орон зай диваажингийн дагины ортой адилхан. Өглөө нь намын шийдвэрт итгэчихсэн миний хайрт сэргийлэгч хөөе хулгайчаа босоорой, энэ ямар амралтын газар юмуу гээд хөлөөрөө өшиглөж сэрээнэ. Хүний олон төрөлтэй юм чинь бас тийм хүн байнаа. Би хэнд нь ч муу юм санадаггүй юмаа. Зайлуул.
Харин өглөө өнөө хулгайч нараа гавлаад цааш нь аччихна. Согтуучуудаа “25-н бор төгрөгөөр худалдаад” ах дүү амраг садан нь аваад явчихна. Би тунаад үлднэ дээ. Цагдаа нар нь хэрэг хийгээгүй иргэнийг бариад ирсэн болохоор намайг яахаа мэдэхгүй байдалд орно. Тэгээд даалгавар авсан дарга нар нь,
-Чи яагаад хотын паспортгүй юм гэнэ. Паспорт гэдэг бол хаяж, гээж зарж болдог Үнэндээ бол сахиус юм шүү дээ. Үгээ оноогүй. Сахиус гэдэг бол сүг сүнс хоёрын зангидал учраас хэзээ ч гээхгүй. Тэгээд чи яагаад сахиусгүй юм гэж асуухаар нь ,
-Төр нь иргэндээ өгдөг юмуу, Иргэн нь өөрөө зурж хийдэг юмуу гэхээр хуцдаг нохой вэ чи гэнэ. Заримдаа би бас дөрвөн хөлт болноо /инээв/
-Чи яагаад ажил хийдэггүй юм гэнэ. Тэгэхээр нь би надад ажил өг л дөө би хийе гээ хэллээ.
- Чи ямар ажил хийж чаддаг юм гээд асууна.
-Би хамгийн доод талаас хамгийн дээд тал хүртэл хийж чадна гэхээр,
-Хуцаж байгаа юм шүү, Аргагүй Төмөр-Очир, Лоохууз нарын бүлгийн хүн мөн дөө гэж мушгиж хэлнэ. Би хотын пасторгүйгээс өөр шалтгаан байхгүй юм хойно. Сүүлдээ намайг барьсаар байгаад залхаад, дэндүү амтгүй болсон доо. Нэг удаа намайг айлаас бариад сэргийлэхээс минь өөр зүг руу явахаар нь би гайхаад хаашаа яваад байна гэсэн чинь бас нэг хулгайчийг барина гэж байна. Тэгэхээр нь би өөрөө түрүүлээд сэргийлэх дээрээ очиж байя гэж хэлтэл,
-Аа муу хулгайч чамайг оргохын бол Андрей Соклофыг герман нохойгоор яаж бариулдаг билээ. Нохойгоор бариулна даа чамайг гэдгийн байна.
Тэгээд би өөрөө явсаар байгаад шөнө 12 өнгөрөөд сэргийлэх дээрээ ирсэн. Тэр үед хотын дулаалга муу байсан даа. Үүд нь түгжээтэй болохоор цантсан цонхийг нь тогштол нэг цагдаа гарч ирээд:
-Чи яах гээд байгаа хулгайч вэ гэж байна. Тэгэхээр нь намайг барьсиймаа тэгэхээр нь би өөрөө хүрээд ирлээ гэсэн чинь, чи яасан өндөр ухамсартай хулгайч вэ? Та нар хэдийдээ ингээд ирдэг болчихоо вэ? Та нар ингээд ирээд байхийн бол бид нар юу хийх болжийн гээд л хоёр талаасаа хэрэлдээд л байлаа. Тэгэхээр мунхаг харанхуй буруу бодлоготой төрийн үед бол төрийн цагдаа бол тийм хүнд байдалд ордог юм байна лээ. Хүнээ барих болдог, иргэн нь гэм байдаггүй. Өөрөө хүрээд ирдэг. Ийм л байсан.
Хэсгийн цагдаад үзүүлэх ажилчны үнэмлэхтэй
Хэрдээ найз нь сайн яваа шүү гээд сайхан мөр байдаг.
Нэг удаа цагдаагийн дарга дуудлаа. Тэр үед чинь монгол ус чинь монхор улс болох гэж байсан үе. Учир нь гурван үгний хоёр нь орос үг байлаа шүү дээ. Октбярийн раойн гээд л байлаа шүү дээ. Энийг чинь би дүүрэг болгосон юм. Төрийн хууль гараагүй байхад чи муу хулгайч засаг захиргааны нэгжийг ингэнэ гэнээ гээд л загнаж л байлаа.
Хотын иргэн болох гурван зүйлийн арга байна
Нэг. Суга дэвшиж ирэх ёстой. Чамд бол энэ яваа насанд чинь тийм боломж алга. Хэрвээ тийм бол цагаан онгоцоор гэрийг чинь нүүлгээд ирдгийм. Ширээнд дээр иргэний бичиг баримтыг чинь дугтуйнд хийгээд тавьчихсан байдаг юм.
Хоёр. Галзуу солиотой яамны зөвшөөрөлтэйгөөр эмнэлэгт хэвтэх бол яамны зөвшөөрөлтэйгөөр хотод ирж болдог. Танай муу эсэргүүнүүд бараг нь эрүүл юм байна лээ.
Гурав.Нэгдсэн журмаар ажилчин элсүүлж байгаа газарт нэг болдог. Одоо махкомбинат 250-н ажилчин авах гэж байна. Тэр дотор чи таван жилийн гэрээ хийж тогтвор суурьшилтай ажиллана гэвэл паспорттой болно гэж надад зааж өгсөн дөө. Тэгээд 1972 онд “Улаан нар” романыг бичдэг С.Дашдэндэв гуай намайг хөтлөөд, Сүхбаатарын одон, Их хурлын депутатын тэмдгээ даарахаараа цуваараа халхалчихаад, дарга нар дээр орохдоо нээгээд л:
-Залуу зохиолчоо ажилчин ангийн амьдрал судлуулахаар ирүүлж байгаа юмаа. Энэнд бичиг цаасны ажил хэрэггүй шүү. Жинхэнэ амьдрал судлах ажилд оруулаарай. Тэгээд намайг махкомбинатад ажилчнаар оруулж өгч байсан даа. Тэгээд туулдаг зам нь ус цус хоёр, үздэг өнгө нь улаан хар хоёр, үнэр нь бол дулаан цагийн жорлонгоос дутахгүй үнэртэй газар ажилчны үнэмлэхтэй болчихсон явж байхдаа тааралдсан цагдаад үнэмлэхээ үзүүлмээр санагдаад байдаг байсан юм. Зарим нь чи чинь юу үзүүлээд байгаа юм гэдэг байлаа. Би тэмээчин байхдаа уншиж байсан Товардавскийн Алсын алсад гэдэг найраглал байлаа.
Хэсгийн цагдаад үзүүлэх ажилчны үнэмлэхтэй
Хэрдээ найз нь сайн яваа шүү гээд сайхан мөр байдаг.
Надад цагдаа нөмөр болж байснаас айхтар шамрага болж байгаагүй.
Дуу дуулж явахад бол чөтгөр ойртдоггүй
Цагдаа ойрхон байгаа газар нүгэлтэн ойртдоггүй
Гаднаа төрийн хувцастай дотроо бол хүн л байдаг. Би Чойномын нууц захидлуудыг хэвлүүлж гаргасан. Нэгдүгээрт: Чойном захиагаа бичих нь нууц Хоёрдугаарт цагдаа гадагшаа гаргах нь нууц. Иргэний үүргийн хувьд буу бариад зогсож байгаа боловч яруу найрагчаа хайрлах сэтгэл, хүн хоорондоо холбож өгөх сэтгэл нь тэр хүн хоолноосоо салахаас айлгүйгээр дараачийн хүнд өгч байна. Дараачийн хүн авгайгаасаа хүртэл нууж байгаад дараачийн эзэнд нь хүргэж байна. Тэр нь бүр эзгүй хээр очоод уншиж байна. Тэр захиа бол цаг үеийн жинхэнэ баримтат кино юм. Тэр захидлууд бол их уран бүтээлч шоронд байхад хэн яаж хандаж байна, хүмүүсийн хандлага, дэлхийн сонгодгуудыг уншихад умгар жижигхэн өрөө нь уужим том болчихдог тухай, юу юу орчуулж, юу юу бичиж байгаа тухай маш том баримт даа.
Одоогийн эрх чөлөөний эрх хүүхдүүд мэдэхгүй л дээ. Уг нь цөлөгдсөн нь би юм. 1964-оноос хойш тавин жил боллоо. Шоронд орсон нь Р.Чойном юм шүү дээ. Галсан бол цөлөгдөөгүй, хэлмэгдээгүй гэж ярьдаг юм. Тарган хонь алж идээд, айлд ирж айраг уугаад л жаргаж байсан байхгүй юу гэж ярьдаг. Ертөнцийн өнгөнд намын даалгавар авсан хүн бол хүн биш болдог доо. Юм үнэнээрээ явдаг.
Дуу дуулж явахад бол чөтгөр ойртдоггүй
Цагдаа ойрхон байгаа газар нүгэлтэн ойртдоггүй. Үүрэг нь бол цагдах. Цагдна гэдэг нь мууг хориглоно гэсэн үг юм. Намайг залуу байхад сэргийлэгч гэдэг байлаа.
Төр бол хоёр үүрэгтэй. 1. Гадны хар аюулаас хамгаалах үүрэгтэй.
2. Ард түмнээ аюулаас хамгаалах үүрэгтэй
Хоёр дахь үүргийг биелүүлдэг, төрдөө тангараг өргөсөн, төрийн хувцастай, хөхөө өвлийн хүйтэнд хөл нь хөлдөж л байхад зогсож л байдаг, зуны халуунд хөөрхий минь зунгагтай ноосны хонь шиг алхаж л явдаг. Төрөөс өгсөн үүргийг биелүүлдэг аавын хүү, ээжийн охиныг цагдаа хэлдэг. Төрд бол бүх ард түмний эрх ашиг, намд бол бүлгийн эрх ашиг байдаг.Тиймээс монголын төр хамгийн хүчирхэг байсан үедээ л их хүчтэй байсан юм шүү дээ. Жишээ нь Чингисийн үед түмэн хүнийг шагай шиг багцладаг байлаа.
Би Монголын төр хүчирхэг байгаасай. Түүний араа шүд соёо, үүдэн шүд буйл нь болсон цагдаа нь бас хүчирхэг байгаасай гэж боддог. Амь зуулгын хувьд, бусдын эрхшээлд орохооргүй, ашиг сонирхол нь хажуу тийшээ хазайхааргүй, өргөсөн тангарагаа мартахааргүй байгаасай. Өлгийтэй хүүхэд тэвэрсэн цагдааг харахад ямар сайхан байдаг гээч. Ард түмэн цагдаагаа төмөр хүн шиг бодож байтал хүүгээ тэвэрсэн аав юм байна эцэг хүн юм байна гэж бараг гайхдаг. Тэд чинь хүнтэй адилхан хүн гэдгийг мартаад байсан. Намайг бороохойдсон цагдаа байхгүй. Миний гэмгүй иргэний ёсоор зөв харьцсаны нөлөө бас байгаа байх. Ная хүртрлээ нэлээн балгалаа Эрүүлжүүлэхэд очоогүй шүү. Уусан идсэн хэргээр биш улс төр гэдэг мангасын явдлаар очсон доо. Бидний цөөхөн монголчууд биесээ харйлах хэрэгтэй. Хүнээ хайрлах ухаанаар цагдааг их зэвсэглэх хэрэгтэй байгаа юм . Үүрэг даалгавар өгөхөөс гадна оюун санааг нь цэнэглэх хэрэгтэй. Настан болгон чиний өвөө эмээ, наалинхай бүсгүй бол чиний төрсөн бүсгүй дүү чинь шүү, намалдгаа цохиулсан нэгний цаадах нь буруутан болохоос наадах нь хохирогч шүү. Аливааг үйлдэл талаас нь биш ёс суртахуун талаас н харвал бас их зүгээр байгаа юм.
Танд баярлалаа
Б.Төгсжаргал
URL: