С.Мөнхбат: ”Бид өөрийнхөө төлөө бус ард түмнээ цэнгүүлэх гэж л барилддаг”

- Өнгөрсөн жил таныг начин цол авсны дараахан “Хийморилог эрчүүд” сэтгүүлийнхээ хойморт урьж байсан. Энэ жил улсын харцага болсны тань дараахан дахин урьж байна?
- Тийм шүү. Начин болсныхоо дараахан “Хийморилог эрчүүд” сэтгүүл дээр гарахад хүмүүс Уянга уулын хүчтэн ийм хүн байдаг юм байхдаа гээд хүмүүс их гайхаж байсан шүү. /Инээв/ - Улсын наадмаас хойш заал танхимын барилдаанд барилдав уу?
- Өнгөрсөн сард Монгол улсад прокурын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн барилдаанд түрүүлсэн. Нутаг усандаа очоод тэр болгон энд тэндэхийн барилдаанд оролцож амжихгүй л байна.

- Өөрийг чинь анх ирэхдээ бөх болох гэж биш, цэрэг болох гэж ирсэн гэдэг яриа байдаг?
- Би 2003 онд уг нь Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар ирсэн. Гэхдээ карентинд гараад үгээ хэлсэн гэх үү дээ. Тэгээд конкурсдаад авсан ШУТИС-ын цахилгаан системийн инженерийн ангидаа орлоо. Гэтэл өдөр болгон хичээл номонд дарагдаад юун барилдах зав гарах манатай. Дуртай юм болохоор болж өгвөл барилдчих санаатай байдаг. Тэгээд дараа жил нь аавдаа хэлж байж зөвшөөрөл аван Шонхор дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан даа. Манай сургуульд нэгэн үеийн тавь жаран сайхан залуучууд байсан. Бүгдээрээ л барилддаг байсан ч шүүгдэж явсаар ганц хоёр нь л бөх болсон доо. Манай үеийн залуучуудаас улсын цолонд хүрсэн нь би л байх шив. Ингээд бодохоор бөх болох их хэцүү шүү дээ.

- Гэхдээ барилдах дуртай болсон шалтгааныг тань сонсмоор санагдлаа. Бөхийн удам бий юу?
- Манай аав чинь нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Тэгээд ч дөрвийн дөрвөн бакалын эзэн яаж зүгээр суухав дээ. Тэр тусмаа хөдөөний хүүхэд бол бүр ч үгүй шүү. Аав маань биднийг орой болгон гэрийн хойморьт барилдуулна. Хүүхэд л болсон хойно нэгнээсээ давж барилдах гээд их үзнэ. Гэхдээ бөх болох хүн нь би байсан юм шиг байна. Хөдөөгийн хүүхдүүдэд ганц хийдэг юм нь барилдах байсан болохоор, тэгээд ч жаахан бөхийн авьяастай байсан юм шиг ээ. Түүнийгээ өөрөө хичээж мэрийж барилдаад л энэ амжилтанд хүрсэн.

- Өөрийн чинь үеийн бөхчүүдээс дурдвал хэн хэн байна?
- Манай дээд талаас гэвэл аймгийн арслан Батмөнх, доод талаас бол олон шижигнэсэн аймгийн цолтонгууд байдаг. Улсын харцага Даваабаатар байна. Яг миний үеэс аймгийн заан шар Мөнхбат , Аймгийн арслан Отгонбаатар, Говь-Алтайн Жагаа, Бундхорол, Болдоо гээд байнаа байна. Харин сумын заанууд олон байгаа шүү. /инээв/

- Оюутан ахуй цагийнхаа дурсамжаас хуваалцаач. Тамирчин оюутнууд их л иддэг дээ?
- Аав ээжийн буянд нэг их өлсөж ундаасаагүй ээ. Оюутан байхад сайхан байсан шүү. Наад зах нь хөдөөнөөс хонины мах ирэхэд ганц хонохгүй дуусчихна. Байрны маань тамирчин оюутнууд бөөнөөрөө дайрчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Хэрвээ өгөхгүй гэвэл шууд л авдарных нь түгжээг эвдээд идчихэж байгаа юм чинь. /Инээв/.Хоёр гурван хоногийн дараа нөгөө “Да Хун Ван”-даа орчихож байгаа юм чинь. Одоогийн оюутнууд яадгийг мэдэхгүй. Гэхдээ харж байхад их л тансаг харагдах юм байна ш дээ.

- О.Балжинням аварга чамайг энэ жилийн бэлтгэл дээр нэлээн зааж сургасан гэж байсан. Аваргаас сурсан зүйлээ наадмын дэвжээн дээр сайн хэрэгжүүлжээ, янз нь?
- Энэ жил манай галын бөхчүүд ер нь бэлтгэл сайн хийсэн дээ. Балжаа аварга ганц надад гэлтгүй бүгдэд нь зааж зааварлаж байсан. Гэхдээ миний хувьд тулж бэлтгэл хийсэн болохоор нөгөө дутууг нь гүйцээж, дундуурыг дүүргэнэ гэдэг шиг олон зүйл зааж зөвлөсөн. Шууд тийм ийм гээд хэлчихэж болохгүй байна. Хэлчихвэл бөхчүүд намайг хаяад эхэлчихнэ ш дээ./Инээв/ Гэхдээ миний барилдааныг үндсээр нь өөрчилнө гэж юу байхав.

- Засуулууд зассан бөхөө ирлэж хурцалж, зааж зөвлөж амжилт хүргэсэн тохиолдол зөндөө байдаг. Цол нэмэх давааны барилдааны өмнө засуул чинь юу гэж зөвлөв?
- Олон жил хажууд нь дагаж, засаж явдаг учраас засуулууд нь бөхчүүдийнхээ сул тал, хийдэг мэхийг нь нэг бүрчлэн мэддэг болчихсон байдаг. Тухайлбал нэг бөхтэй барилдах гээд гарахад наадах чинь тийм мэх хийх нь. Одоо тэг хэмээн зааж зөвлөдөг. Миний хувьд сүүлийн хоёр жил нэг засуул дээр зургаагийн даваанд гарсан. Тэр засуул маань намайг маш их хурцалж өгсөн дөө. Зургаагийн даваанд Харцага М.Баяржавхлантай барилдах гээд гарахад ноднин чи энэ даваан дээр чадаагүй ч энэ жил заавал хүрнэ шүү. Зоригтой барилдаарай гээд л гаргасан. Миний хувьд Улсын харцага М.Баяржавхлантай анх удаа барилдаж байгаа болороор хурд, тэсрэлтээрээ л илүүрхэж барилдана гэж бодсон. Тэрэндээ ч хүрсэн.

- Жил дараалан цол хүртэж байгаа болохоор чамайг нэлээн өсөх ирээдүйтэй бөх гэж үзэгчид үнэлж байсан. Гэхдээ цол хүртсэн бөхчүүдийг найраа хийлээ гэсэн үг үргэлж дагалдаж байдаг?
- Би аймгийн заан байхдаа л байнга улсын начны тааварт хэлэгддэг байлаа. Улсын начин болсны дараахнаас энэ ч начингаар тогтохгүй харцагын эрэмбэтэй залуу байна шүү гэлцэхийг олонтоо сонссон. Харин энэ жил харцага болсны дараа чамд заан ч болчих боломж байна гэж хүн бүхэн хэлж байсан нь их урам өгсөн. Миний хувьд өөрийнхөө барилдааны амжилтыг шат шатанд нь ахиулж барилдсандаа баяртай байдаг. Хамгийн гол нь ямар бөх вэ гэдгийг нь тэртээ тэргүй манай бөх сонирхогчид, үзэгчид мэдэж байгаа болохоор ийм элдэв үг нэг их гараад байдаггүй.

- Саяхан нутаг усандаа очоод ирсэн гэсэн. Нутгийнхан тань шинэхэн харцагаа яаж хүлээж авав?
- Бөх хүн давахад хамгийн их баярладаг нь нутгийн ард түмэн шүү дээ. Намайг давах үед минь хамт давж, унах үед минь хамт унаж явдаг. Айлын жаахан хүүхэд хүртэл намайг давчихаасай хэмээн залбирч байдаг. Тэгээд ч нутгийнхныгаа энэ жил баярлуулж чадсандаа маш их баяртай байлаа. Ер нь нутаг усаа, ард түмнээ баярлуулж яваа хүнд хааяа ч гэсэн өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг дөө. Манай сумаас энэ жил харцага, арслан хоёр зэрэг төрсөн. Үнэхээр сайхан наадлаа даа манай нутгийнхан.

-Тун удахгүй танай нутгийнхан шинэ арслан, харцага хоёртоо зориулсан наадам хийнэ гэсэн яриа байсан. Хэзээ хийх бол?
- Энэ талаар яг гарсан шийд байхгүй л байна. Ярианы хэмжээнд л байгаа болохоос албан ёсоор яригдаагүй байна. Бусад аймгууд учиргүй том найр наадам хийдэг. Манай нутгийнхны хувьд тийм сүйдтэй наадам хийдэггүй ш дээ. Харьж яваа бөхчүүдийнхээ алдрыг тэмдэглэж наадам хийнэ үү гэхээс биш. Манай нутаг чинь бөхийн өлгий нутаг, жил бүр л олон шинэ цолтон төрдөг болохоор дөжирчихдөг байлгүй дээ. Энэ жил л гэхэд гурван цолтон шинээр төрлөө.

- Энэ жил түрүүлсэн арсландаа Увсчууд “Ланд-200” бэлэглэсэн. Мөн харцага А.Бямбажавд Сагил сумынхан 300 хонь бэлэглэсэн байсан. Таныг харин нутгийнхан чинь юугаар мялаав?

- Манай нутаг тийм баян биш болохоор тийм их мал хуй өгөөгүй ээ. Гэхдээ гар цайлгах хэмжээний мөнгө өгөлгүй яахав. Хамгийн гол нь хэн юу өгөх нь хамаагүй, намайг гэсэн тэр хүмүүсийн сэтгэл нь чухал шүү дээ.

- Бөх хүний амжилтанд төрсөн газрынх нь тогтоц их нөлөөдөг гэж сонссон. Таны төрсөн газрын онцлог шинж юу байна. Танай нутгаар зуншлага хэр байна вэ?
- Энэ жил олон жилийн дундажаас их бороо хур орсон болохоор ус гол урсаад, ногоо цагаа нь дэлгэрээд зуншлага үнэхээр сайхан байна лээ. Би Баруунтурууны Хужирт гэдэг газар төрсөн. Тэнд жил бүр айлууд зусдаг газар л даа. Би жил бүр төрсөн бууцан дээрээ очиж, эрч хүч энергиэ авдаг. Манай нутгийн байгалийн тогтоц их сайхан ш дээ. Урдуураа хангай хойгуураа говьтой, манай сумын төв байрладаг тэр хэсгээр тариалангийн тал газартай. Манай тэр л газраас бөхчүүд, эрдэмтэд олноороо төрсөн.

- Сүүлийн үед манай бөхчүүд дээгүүр даваанд гараад ирэхээрээ барилдахгүй хүлээгээд зогсчихдог болсон. Шахааны барьцнаас л давалцаж байна. Энэ талаар ямар бодолтой байна?
- Сүүлийн үед манай үндэсний бөх чинь том биетэй хүмүүсийн барилдаан болчихсон шүү дээ. Аль их жинтэй, аль том биетэй нь давж байна. Хүнтэйгээ биш цагтайгаа барилдаад л дуусгачихдаг болсон нь үнэн. Тэгээд барьц сонгоод л азаа үздэг. Том, жижиг биетэй хоёр хүн барьц сонгоход том биетэй хүний далан хувь нь, жижиг биетэй хүний гучин хувь нь давдаг. Миний хувьд бие жижигтэй болохоороо барьц сонгохыг боддоггүй, болж өгвөл цагаасаа өмнө дуусгах, санасан мэхээ хийхийг л зорьдог.

- Тэгээд жин нэмэх тал дээр анхаарч байна уу?
- Байгаа жин маань л энэ. Одоо 110 кг жинтэй. Би жижиг биетэй болохоор хурдаараа илүүрхэж барилддаг. Хэрвээ би энэнээс илүү жин нэмчих юм бол ямар ч хөдөлгөөнгүй болчихно. Тэгээд том жижиг хоёр тарган барилдвал яах вэ? Мэдээж том нь давна ш дээ./Инээв/

- Бөхийн шинэчилсэн дүрэмд сэтгэл дундуур байдаг уу?
- Бөх хүн улсынхаа наадамд өөрийгөө л харуулах гэж барилддаг. Тийм ч учраас бүтэн жилийхээ хүч хөдөлмөрийг түүндээ зориулдаг. Улсын наадам жилдээ нэг болдог, монгол хүний ид барилддаг нас нь цөөхөн ийм үед хариуцлагатай барилдахгүй бол болохгүй. Эр чадлаараа барилдаад унавал нэг өөр, засуул, хөлийн цэц нарын алдаатай шийдвэрээс болж унавал нэг өөр. Манай хөлийн цэцүүд хараа жаахан муутай нас ахисан хүмүүс байдагт нь сэтгэл дундуур байдаг. Хараагүй байж харсан юм шиг шийддэг. Өөр тийшээ харчихсан зогсож байсан байж танилынхаа талд шийдчихдэг тохиолдол их бий. Ахмад хүмүүсээ хүндлэлгүй л яахав гэхдээ бүтэн жилийнхээ хүч хөдөлмөрөө шударга бус хүмүүсээс болж алдвал харамсалтай байна биз дээ.

- Тэр ч үнэн шүү. Гадуур улсын цол олгодог наадмыг жилдээ хоёр болгох хэрэгтэй гэсэн яриа байдаг. Үүнтэй хэр санал нийлдэг вэ?

- Улсын цолыг жилдээ хоёр удаа олгодог болчихвол үнэ цэнээ алдана шүү дээ. Монгол үндэсний бөх мэргэжлийн спорт биш, харин үндэсний их баяр наадам гэдэг утгаараа жилдээ нэг байгаа байх л даа. Минй хувьд үүнтэй санал нийлэхгүй байна. Ер нь манай үндэсний бөхийн бай шагнал бага шүү. Улсын наадамд зургаа давсан бөхдөө 180 мянга, түрүүлсэн бөхдөө нэг сая төгрөг л өгдөг. Гэхдээ манай бөхчүүд ямар мөнгөний төлөө, өөрсдийнхөө төлөө барилддаг биш. Ард түмнийгээ цэнгүүлэх л гэж барилддаг. Бөхөөр ашиг олж, баяжина гэсэн ойлголт байдаггүй. Харин томоохон пүүс компанийн нэр дээр барилдаж, бэлтгэл сургуулилтынхаа зардлыг даалгадаг.

- Улсын цолтой бөхчүүд улсаас цалинждаг уу?
- Үгүй шүү. Харин өөрөө сайн барилдвал компаниудаас бэлтгэл сургуулилтыг чинь даая, цалин урамшуулал олгоё, манай нэр дээр барилдаач гэсэн хүсэлт их тавьдаг. Гэхдээ улсын цолтой бөхчүүдийг цалинжуулаад сумо шиг дэмждэг болчихвол үндэсний бөх маань мэргэжлийн гэдэг ангилалд ороод явчихна л даа. Одоо нэг үеэ бодвол манай үндэсний бөх мэргэжлийн спортод илүү дөхөж очсон. Арав хорин жилийн өмнө яадаг байлаа. Мал маллаж байснаа ирээд барилдчихдаг, машин жолоодож явснаа ирээд барилдаж түрүүлчихээд л явчихдаг байсан. Одоо бол тийм биш бүгд л дор бүрнээ яс бэлтгэлээ хийгээд, хэн их хөлсөө урсгана тэр л амжилт гаргадаг болсон.

- Цол дагаж бяр гэдэг үг бий. Шинэхэн харцагад ааг бяр амтагдаж байна уу?
- Мэдэхгүй ээ. Хэдийгээр ийм үг байдаг ч цол нэмчихээр ааг бяр амтагдана гэж юу байхав. Барилдаанд оноолт, ам авах зэрэг асуудлууд дээр өөрчлөгдөж байгаа юм бий. Урд нь дандаа тунаж барилддаг байсан бол одоо ам авдаг болдог ч юм уу. Анзаарч харахад цол авсан хүмүүс шал өөр барилддаг болчихсон байгаа биз. Энэ чинь цолоо дагаад хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Улсын цол авч болно. Харин түүнийгээ дааж явах хэцүү. Тэр их итгэлийг даахын тулд алхам тутамдаа буруу юм хийчихгүй хичээж явдаг. Алхам тутамд л хүндэлдэг хүн, бөх үздэг хүнтэй таарна. Тийм болохоор бөхчүүд чинь хамаагүй байж болдоггүй. Хүндэлдэг хүн нь согтуу, энд тэнд бааранд сууж байвал, бяртай чадалтайгаа гайхуулаад хүн амьтан зодоод байвал ямар байхав. Улсын цол авчихаад түүгээрээ аархсан бөхчүүд байдаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг дээ. Нэг бөх л буруу юм хийчихвэл бөхчүүд тэгдэг ингэдэг, боловсролгүй гэдэг яриа гардаг. Бөхчүүдийн дотор боловсролтой ёс жудагтай олон залуучууд байгаа.
С.Будрагчаа
Хийморьлог эрчүүд сэтгүүл


URL:

Сэтгэгдэл бичих