Шагналын “хур”-тай, “шилдэг”-үүдтэй хуучин жил

Шинэ 2015 он гарлаа. Бараг л сар орчим хөөрч догдолсон, мансуурсан, шартсан сэтгэл “тайвширч”, бодит амьдралдаа эргэн орж байна.  “Юу болоод өнгөрчихөв өө?” гэж бодох сөхөө ч үгүй, яасан ч урт удаан баярлах юм бэ? монголчууд бид. Гэхдээ л эргэж анзаарч, бодож сэрэх зүйлүүд байнаа бидэнд.
“ШАГНАЛЫН ХУР”
Шинэ жилийн өмнө уламжлалт заншлаар, утаатай Улаанбаатарын бүрхэг тэнгэрийн дор Ерөнхийлэгчийн зарлигаар, нам болоод засгийн “Шагналын хур” бууж байгааг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслэлүүд баяр бахдалтай, ёслол төгөлдөр мэдээлэв. Хүн болгон шахуу “Энэ шагнал гэдэг зүйл утга учир үнэ цэнээ алдаж байнаа” гэж бодож ярих авч, өөрөө ямар нэгэн шагналаар шагнуулах мөчдөө энэ тухай мартаж орхиод “Энэ бол намайг биш, хамт олныг минь шагнасан шагнал гэж бодон баярлаж байна” хэмээн ичингүйрэн сэтгэгдлээ илэрхийлнэ. Шагналын одон тэмдгийг “Төрийн хайр, хишиг” гэж боддог бидний сэтгэлгээ өөрчлөгдөөгүй аж. Хүн болгон “шагналаа угаах хэрэгтэй” гэж ятгахад, дор хаяж хэдэн шил архи, зууш, хоол ундаа бэлтгэн наадам наргианаа үргэлжлүүлэх шалтаг үүсгэх авай.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлэгчээр сонгогдоход нь  “Хавтгайрсан шагналуудыг цэгцэлж, үнэ цэнэ, утга учрыг нь төгөлдөржүүлэх байх” гэж бодож байсан ч, АНУ-д хийсэн уулзалт дээр нь энэ тухай учирлан санал болгож байсан авч, найдсан бүхэн “талаар боллоо”. Баяр наадам болгоныг алгасахгүй л алдар цол, одон тэмдгийг баруун солгойгүй тарааж байна даа. Сүүлдээ “халуураад” дуунд “Төрийн соёрхол”, байгууллагуудад одон тэмдэг зарлигаар олгож эхэллээ. Социализмын үеийн шагналын систем ардчиллын 25 жилд ч “амь бөх” тэй үлдэж, улам улмаар цэцэглэн дэлгэрч байгаа нь монголчууд бидний хөгжөөгүй, бүтээгээгүй байж нэр алдар шагналаар ядуу амьдрал, хоосон сэтгэлгээгээ “цатгах” муу зуршилд дасгасаар буй.
“Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэдэг үг бий. Зарим танилуудынхаа авсан “Алтангадас” одон дээр аль хэдийн “хүчингүй болсон ” хуучин соёмбо нь хэвээрээ байгааг харахад энэ үг санаанд ороод байдаг юм. Социализмын үед бараг зуун жилээр тооцож үйлдвэрлүүлэн хадгалсан бололтой эдгээр одон тэмдгүүдийг тарааж дуусахаас нааш шагналын энэ хийрхэл зогсохгүй байхаа. “Ядаж байхад яр” гэдгээр яасан ч олноор нь үйлдвэрлэсэн юм. Харин энэ одон тэмдгүүдийг тарааж дуусахад Монголын хүн ам хүрэлцэх болов уу? Шагналыг дагалдуулж олгох мөнгө нь “ёс төдий” байдаг болохоор шагналуудыг ингэж тараахад Монголын өнөөгийн төрд “хайран бус” байдаг бололтой. “Гэдсийг нь цатгалан байлгахаас сэтгэлийг нь цатгалан” байлгах нь тэдэнд амар байдаг байх.
“Нүдээ олсон шагнал” гэж байхад зарим шагнал нь “нүдээ олоогүй” байдаг бололтой. Шагнал авч байгаа хүнийг өмнө нь шагнал авсан хэн нэгэнтэй харьцуулан, голж шилж байдаг нь хүмүүсийн араншин. “Өө тэрний аваагүй шагналыг тэр аваад байхдаа яахав дээ?” хэмээн харьцуулсан гоморхол, “Өө тэр авсан юм чинь тэр бас авах ёстой” хэмээн барьцсан сэтгэлгээ хүмүүсийг хагаралдуулж буй. Амьдрал нь тарчиг, ажил нь бүтэл муутай, утаатай Улаанбаатарт хахаж цацан ханиалгаж, энгэртээ одон тэмдгээ зүүн өөрөөрөө бахархаж, төрдөө талархсан хүмүүс алхаж явна гэж би л лав төсөөлөхгүй байна. Нээрээ ажаад байхад хэдий чинээ их “Шагналын хур” бууна, тэр хэмжээгээр “шударга ёс” , “хөгжлийн төлөө” дуугарах хүмүүс цөөрөөд ч байх шиг. Бодвол “шагнасан төрөө” гомдоож “ёс алдахгүй” гэж хичээдэг юм болов уу? Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утааны талаар сэтгэл нь зовинож дуугарах, хариуцлага шаардах хүмүүс цөөрч, угаартай утаандаа “дасан зохицоод” байгаа юм шиг танд санагдахгүй байна уу? Ай даа “Шагналын хур” аа гэж? Утааг хүртэл мартуулж орхих шидтэй аж.
“ОНЫ ШИЛДГҮҮД”
Монголд минь 12 сар гарав уу? үгүй юу, шинэ жилийн уур амьсгал орж хүмүүсийн , Оросын тэргэнд хөллөж гурвалсан морь шиг л дүүхэлзэн цамнаж догдолно. Байгууллагын шинэ жил, нутгийн зөвлөлийн шинэ жил, намуудын шинэ жил, залуучуудын байгууллагын шинэ жил, сургууль хамт төгсөгчдийн шинэ жил, анд найз нарын шинэ жил гээд л урсаж өгнө. Нэг хүн дор хаяж 3-аас доошгүй шинэ жилд оролцож, тэр тоолонгоор өмсөх гоёлын хувцсаа давхардуулахгүй гээд бодохоор юун эдийн засгийн хямрал, юун хэмнэлт гамнал. Хүмүүсийн хувьд шинэ жилд нь очихгүй бол “насаараа гомдох” нигууртай дотно хүмүүс заавал байдаг болохоор.
Фейсбуукийн нэгэн танил маань өөрийн хуудсандаа “Оны шилдэг болсон танд баяр хүргэе. Тэртэй тэргүй та ямар нэгэн байдлаар оны шилдэг болж л таараа” гэж урьдчилан талархсан байв. Бүх шинэ жилүүд “оны шилдэг” үүдээ шалгаруулж жаазтай өргөмжлөл, цом, за тэгээд элдэв төрлийн шагнал гардуулах нь, тэртээ бага насны шинэ жил зөвхөн онц суралцсан хүүхдүүдэд ууттай бэлэг гардуулдаг байсан гэгээн дурсамжийг сэргээх аж. Онц сураагүй бусад хүүхдүүд нь алим мандирины үнэр ханхалсан ууттай бэлэг рүү нь нусаа татаж, шүлсээ залгилж, атаархаж горьдсон нүдээр хардаг сан. Одоо бол “шилдэгүүд” өөр болсон. “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” байхад л болно, заавал “онц сурлагатан” байх албагүй л дээ.
Би нэг зүйлийг л гайхаад байдаг юм. “Ийм олон гайхамшигтай шилдэгүүдтэй атлаа бид яагаад хөгжихгүй байнаа гэж?”. Бид хямраад, хөгжил нь буруу тийшээ яваад, шударга бус байдал газар аваад байх тусмаа бид улам олон “шилдэг”үүдтэй болоод байх. Сайн муу, аль талаараа “шилдэг” нь  болж шалгараад байнаа гэж зарим хүмүүсийг гайхах. “Шилдэг” байх сайхан, гэхдээ бидэнд бодит үр дүн хэрэгтэй байна. Мэдээж улсын хэмжээнд нэрлэгдэж байгаа “Оны шилдэг”-үүд бол өөр хэрэг. Хийж бүтээсэн бүтээл, гаргасан амжилт нь олон нийтэд ил тод байгаа “шилдэг”үүдтэй маргах шалтгаан огт үгүй. Харин байгууллага болгон, зохион байгуулагдаж байгаа шинэ жил болгон нь заавал “шилдэг”үүдийг шалгаруулж байх алба бий юу? “ОНЫ ШИЛДЭГ” эзнээ олохгүй, ” ОДОН ШАГНАЛ” нүдээ олохгүй бол хүмүүсийн урмыг хугалж, баяр баясгаланг нь барьцсан атаархуу сэтгэлээр хиртээж орхидог.
УЧИРЛАЛ
Шинэ Ерөнхий сайд томилогдоод “Улс орон эдийн засгийн хувьд маш муу үзүүлэлттэй байгааг тэмдэглээд үргүй зардлуудыг хасч, дор бүрнээ хэмнэж гамнан хичээж ажиллах хэрэгтэй” байгааг учирлан тэмдэглэсэн. Гэсэн хэрнээ шинэ жилээр олон олон хоног амарцгааж, үргүй зардлыг урсгасан хэвээрээ. Сайхан ярьдаг хэрнээ манай дарга нар бусдад өөрсдөө үлгэрлэдэггүй. Хөгжил гэдэг цаг хугацаатай уралдаж, хүн болгон хичээж хөдөлмөрлөж байж бий болдог зүйл. Архи угаад шартсан иргэдээ шарыг нь бүрэн тайлж, амрааж байж ажлаа эхлүүлдэг хүнлэг энэрэнгүй төртэй юм аа бид.
Шинэ он гараад үргэлжилдэг олон олон баяр цэнгэлүүд айсуй. БИД ЭНЭ ХЭВЭЭРЭЭ Л БАЙГААД БАЙХ ЮМ БОЛОВ УУ? Бид нэг л буруу дэвээд байх шиг.

  Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих