36 сарын цалин үгүй болвол орон нутагт ажиллах хүнгүй болно
Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг багасгахыг Засгийн газар санал болгосон билээ. Жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийг энэ тусламжинд төсөвлөдөг юм байна. Харин 2015 онд энэ мөнгийг багасгаснаар 13 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана хэмээн тооцоолоод байгаа.
Хуультай хамтатган гаргасан журмаар төрийн албанд 26 ба түүнээс дээш жил ажилласан бол төрийн албан хаагчийн сүүлийн сарын цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгоно. Харин 25 ба түүнээс доош жил ажилласан бол сүүлийн сарын цалинг 1.4 дахин нэмэгдүүлж, ажилласан жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгодог юм. Энэ журамд цэрэг, цагдаа, онцгой байдал, тагнуул гэх мэт байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч байгаа хүмүүс хамаардаггүй байна.
Манай улсад жилд дунджаар төрийн алба хашдаг 10 мянга гаруй иргэн тэтгэвэрт гардаг гэсэн судалгаа бий. Төрийн албан хаагчдын цалинг дунджаар 600 мянган төгрөг, журмын дагуу 12-36 сарын цалинтай нь дүйцэх мөнгөн тусламжийг улсаас олгодог гэж үзээд дунджаар 24 сартай үржүүлж үзэхэд төрийн нэг албан хаагч тэтгэвэртээ суухдаа 14.4 сая төгрөг тусламж хэлбэрээр авдаг байна.
Ингээд нэг жилд 10 мянган төрийн албан хаагч тэтгэвэрт гардаг гэж үзэхэд 144 тэрбум төгрөг улсын төсвөөс гардаг байх нь. Ерөнхий сайдын УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс харвал, хэрвээ энэ мөнгийг хэмнэхгүй бол ахиад 100 гаруй тэрбум төгрөг улсын төсвөөс гаргах аж.
Тэгвэл ирэх онд 12 мянга гаруй төрийн албан хаагч тэтгэвэрт гарах аж. Дундаж цалинг 600 мянган төгрөг хэвээр нь бодъё. Ерөнхий сайдын хэлээд байгаачлан бусад хүчин зүйлийг харгалзахгүйгээр нэг сарын цалинг нь 12 дахин нэмэгдүүлж тооцвол төрийн нэг албан хаагч 7 сая 200 мянган төгрөгийн тусламж авна. Тэтгэвэртээ гарах 12 мянган албан хаагч нийлээд 86.4 тэрбум төгрөгийг улсаас авах юм. Харин хэмнэлт гэвэл 2015 онд дээрх буцалтгүй тусламжинд төвлөрүүлээд байгаа 100 гаруй тэрбум төгрөгөөс 86.4 тэрбум төгрөгийг хасаад 13.6 тэрбум төгрөг болно гэсэн үг юм.
36 сарын цалин зарим эмч, багш болон бусад төрийн албан хаагчийн хөдөө орон нутагт ажиллах нэг хөшүүрэг болдог байна. Энэ хөшүүрэг үгүй болвол орон нутагт ажиллах төрийн албан хаагч байхгүй болж мэдэх юм гэж үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэж байгаа.
Ерөнхий сайд энэ саналыг хэлэхдээ “төрийн албанд ажиллах хүний нөөц хомс үед мэргэжилтэй боловсон хүчнээ төрд ажиллуулахын тулд олон хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын тогтолцоог тухайн үедээ бий болгосон. Одоо боломжтой заримыг нь өнөөдрийн бодит байдалтайгаа уялдуулах шаардлагатай байна” хэмээн онцолж байсан.
URL: