Ерөнхийлөгчийн мэндчилгээ хариуцлагатай байхыг сануулсан мессэж байлаа

content_img_1745

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн шинэ оноор иргэддээ мэндчилгээ илгээдэг. Тэрбээр энэ жил зүгээр нэг шинэ оны мэнд гэсэн мессеж илгээсэнгүй. Харин хариуцлагатай байхыг сануулж, Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснийг дуулгав. Албаны хэллэгээр бол төсвийн ил тод байдал, арай энгийнээр бол төрийн мөнгөнөөс идэж уухаа болиорой гэдгийг сануулсан Ерөнхийлөгчийн мессеж хүн бүхэнд очсон нь мэдээж. Тэр дунд төрийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй эрхмүүдэд мэндчилгээ гэхээсээ илүү сануулга болсон байх. Ерөнхийлөгчийн баярын мэндтэй мессеж ирсэн цагаас эхлэн төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн  газар зэрэг 360 байгууллагын хөрөнгө санхүү “Шилэн” байх үүрэг хэрэгжиж эхэлж буй. Энэ үүргийг зөвхөн хувьсгалынханд оноогоогүй. Төсвийн 10 сая төгрөгөөс дээш төгрөгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хувийнхан ч Шилэн дансны хуулийн дагуу үүрэг хүлээнэ. Ерөнхийлөгч телевизээр хэлсэн үгэндээ Шилэн дансны хууль хадны мангаа биш гэдгийг дуулгасан. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгө ил тод байх ёстой гэсэн энэ хуулиас айгсад цөөнгүй байгаа бололтой. Тиймээс айх хэрэггүй, шударга байхад л болно гэдгийг төрийн тэргүүн сануулна лээ.

Ерөнхийлөгчийн мессежиндээ дайсан өөр нэг үг бол “2015 он бүтээн байгуулалтын жил” байх болно. Хэдийгээ Ерөнхий сайд төсвийн мөнгөөр ганц ч шинэ байшин барихгүй, хэмнэнэ, танана гэж мэдэгдсэн ч төрийн тэргүүн арай өөрөөр харж байгаа бололтой. Эдийн засгийн тэнхээ болоод улс орны нөхцөл байдал сайнгүй байгаа ч Шилэн дансны хууль хэрэгжиж, бүх зүйл ил тод болохоороо бүтээн байгуулалт хийх боломж бүрдэнэ гэж үзсэн байх. Товчхондоо бол хэн нэгэнд идэж уух боломж олгохгүй учраас бүтээн байгуулж болно. Нууц нуугдмал байсан төсвийн мөнгийг хэрхэн, яаж зарцуулах нь захирагчийн мэдлийн асуудал байсан. Харин одоо сохор зоос ч харагдах шилэн данстай болсон учраас илүү дэлүүг нааш цааш хийх боломжгүй. Харин ч илүүгээрээ бүтээн байгуулж болно. Ийм л утгыг төрийн тэргүүн илгээсэн мессежиндээ илэрхийлсэн болов уу.

Ерөнхийлөгчийн баярын мэндчилгээ төсвийн захирагч нарт сануулга бүр айдас болон очсон байж магадгүй. Харин энгийн иргэн бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Идэж уухаасаа илүүчлэн байж төлсөн татвар маань ил тод, нээлттэй байна гэдэг баяртай мэдээ. Ерөнхийлөгчийн илгээсэн мессежийг уншаад устгах нь мэдээж. Хамгийн чухал нь утга санаа нь санаж байх хүмүүсийн ой ухаанд нь үлдсэн гэж найдаж байна. Мессежтэй адил хогийн сав руу ороогүй биз ээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих