Баярын өмнөх шанхайн томоохон осол

БНХАУ-ын Шанхай хотод шинэ оны босгон дээр 36 хүн амиа алдан, 47 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Шанхай хотын эрх баригчид гэмтэж бэртсэн 47 хүний 33-ийг нь хэн болохыг одоогийн байдлаар тогтоогоод байгаа юм. Тэдний дунд Малайзын нэг, Тайваний хоёр иргэн байсан гэдэг мэдээллийг хотын эрх баригчид бататгав.

Одоогийн байдлаар Шанхай хотын эмнэлэгт гэмтэж бэртсэн хүнд 40 гаруй хүнд түргэн тусламж үзүүлж байгаа юм. Тэдгээр нь 16-аас 36 насны 28 эмэгтэй, 20 орчим насны 12 залуу хэмээн орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.

Шанхайд болсон тус эмгэнэлт хэргийн гэрчүүд цагдаагийн хараа хяналтгүйн улмаас олон хүний амь үрэгдсэн гэж үзэж байгаа юм.

Хэрэг явдал арванхоёрдугаар сарын 31-нд орон нутгийн цагаар 23:35 цагийн үед болсон байна. Шанхайн Вайтань дүүргийн Чэнь И талбай хотын оршин суугчид төдийгүй жуулчдын хамгийн ихээр ирдэг газруудын нэг аж. Жил бүр хотын хэдэн зуун мянган иргэд шинэ жилийн салют шоуг үзэх гэж тус талбайд ирдэг байна.

Шинэ жилийн шөнө төв талбайн ойролцоох барилга дээрээс хэн нэгэн цугласан олон хүн рүү долларын мөнгөн дэвсгэрт цацаж эхэлжээ.

Энэ нь долларын мөнгөн дэвсгэрт шиг хэвлэсэн урамшууллын тасалбар байсан бөгөөд талбайгаас холгүй байрлах М18 цэнгээний газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх тасалбар байжээ.

Гэхдээ цугласан хүмүүс хуурамч мөнгийг авах гэж улайрснаас үймээн самуун дэгдэж, олон хүн дарагдаж амиа алдсан байна.

Хэргийг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг гаргажээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин тус хэргийг үйлдсэн хүнийг олох, зохих арга хэмжээг авахыг Шанхай эрх баригчдад үүрэг болгожээ.

“Энэхүү харамсалтай хэрэг явдалаас бид сургамж авах хэрэгтэй. Хятадын цагаан сар зэрэг олон арга хэмжээний үеэр орон нутгийн эрх баригчид ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгох хэрэгтэй” гэж Хятадын удирдагч хэлсэн байна.

Хятадын Засгийн газар болсон явдлыг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг гаргажээ.

Шанхайчууд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн золгүй хэрэг болсон газар цэцэг өргөн, зул асааж байна.

Эх сурвалж: ИТАР ТАСС gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих