У.Амарсайхан – “Радио буудал” ажиллаж эхлэв

20131105102756Тэртээ хорин зургаан жилийн өмнө Өвөр монголын нутаг дэвсгэрт үүрлэн байсан гоминданыхны эсрэг үүрэг гүйцэтгэж явсан ахмад чекистүүдийн нэг дэд хурандаа Чойванчигийн Сааралын тухай энд өгүүлье.

Тэрбээр дан ганц сургууль соёлын мөр хөөж, цэргийн эрдэм номд бүрэн төгс боловсроогүй боловч угийн авхаалж сэргэлэн хүн учраас цогтой чекист болжээ. Тиймээс ч эх орон, ард түмнийхээ даалгаврыг хилийн чанадад удаа дараа нэр төртэй биелүүлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан юм.
*

1946 он. Гоминданы дээрэмчид Өвөр монголын ард түмний хувьсгалт тэмцлийг дарж, улмаар БНМАУ-ын эсрэг өдөөн хатгах, хорлон сүйтгэх уршигт үйлсээ явуулахаар бэлтгэж байсныг манай цэргийн дээд командлал сайн мэдэж байлаа.

Үүний тулд дайсан хараахан хүрэлцэн очиж амжаагүй Өвөрмонголын зах хязгаар зарим нутагт өөрсдийн тагнуул төлөөлөгчдийг илгээн тэдний дунд радио буудал байгуулахаар “төв” шийдсэн байв. “Төв”-ийн энэ даалгаврыг биелүүлэх үүрэг ахмад Сааралаар удирдуулсан тагнуулын хэсэгт ноогдлоо.
*

Цасан цагаан нөмрөг юүгээн хэдэрсэн их талын дурдуур морьтой хоёр хүн, хөтөлгөө гурван тэмээтэй алсыг зорино. Гучин тав эргэм насны сэргэлэн байрын онигордуу бор нүдтэй, бие өндөр шар хүн үнэгний арьсаар доторлосон чихэвчтэй малгай духдуулан, бараан өнгийн үстэй дээл, монгол гутал өмсжээ. Түүнтэй хамт яваа хорин долоо орчим насны өндөр бор залуу ч мөн барагтай хүйтэнд ажирахгүйгээр дулаалсан байна. Тэд нэлээд удаан явсан бололтой хүн, хөсгийн аль аль нь битүү цан хүүрэгт хучигджээ.
Эргэн тойрноо ажиж явсан Саарал Цэрэндорждоо хандаж:
-Энэ жил Өвөрмонголд урьд жилүүдээс их цас унасан байх чинь гэхэд,
-Харин тийм байна. Ийм их цасны дараа хүйтэрдэг нь байгалийн гэм биш зан юм аа даа гэлээ.

Тэд түр зуур зогсон, ачаа барааныхаа татлага тэнг сайтар шалган засаад явдлаа түргэсгэв. Орой тийшээ хүйтний эрч улам чангарч, цасаар шуурах төлөвтэй тэнгэр хангай аягүйтэж эхэллээ. Зам зуур хүн амьтан бишгүй л тааралдах авч аянчин, жинчний маягаар яваа тэднийг хэн ч үл анзаарна.

Үдэш болохын хэрд үнэхээр тэнгэр эвгүйтэн цасаар шуурч эхлэв. Тэр хоёр ч баяртай байлаа. Тийнхүү Да ламын хийдэд тэднийг хүрч очиход хийдийнхэн гэр гэртээ хоргодоод хөл хөдөлгөөн тун бага аж. Тэд явсаар хийдийн баруун урд суух хуучин танил айлдаа буудаллав.

Хоног илүү зогсоо зайгүй явсан хүн малын аль аль нь түр боловч амсхийжээ. Ганц бие нямбай эрийн хийсэн халуун цай хоолыг тавтай тухтай идэж уух зуур Саарал, гэрийн эзэнтэй энэ тэрийг хүүрнэж, Цэрэндорж яриаг сонсож суугаа дүр үзүүлэвч битүүдээ чимээ чагнан “ачаа бараа”-гаа сэтгэл санаандаа манах аж.
Гэрийн эзэн хижээл эр цай, хоол аягалангаа,
-Та хоёр ч гэгээний хийдэд жаал жуул юмаа борлуулах л гэж яваа биз дээ гэсэнд Саарал,
-Уг нь тийм л санаатай, гэвч бидэнд чинь ер зав зай гарахгүй юм байна шүү дээ. Жил гаруй болж байж нэг удаа явж байгаа ухаан нь энэ. Ингэхэд Гэгээний хийдээр сонин сайхан юутайв дээ гэвэл,
-Үймээнтэй л гэнэ. Гоминданууд орж ирэх гээд байгаа гэсэн. Гэгээний хийдийн томоохон лам нар, нутгийн хуучин ноёд түшмэд гоминданыхныг их л хүсдэг юм байх. Да лам нь бие барж оронд нь нэг залуу лам болсон гэнэ лээ гэхэд нь Саарал үг ахиулж, “тэгвэл бидний наймаа хийдэг ч өнгөрөх шив дээ” гэж яриа өдөв.
-Яалаа гэж, харин үймээн самуун дундуур арилжаа хийх аятайхан юм биш үү гэснээ гэрийн эзний ам нь халсан бололтой цааш ингэж ярилаа.
-Гэгээний хийдийн лам хуврагийн олонхи нь урт буу, сумтай болсон юм байхаа. Ловон лам Японы үед ачааны хоёр, суудлын нэг машин ба мотоциклтой байсан. Тэгээд буу зэвсэг хуримтлуулан хадгалдаг хүн гэсэн. Харин Чойр да лам нь тохитой томоотой хүн гэнэ лээ гэв. Ийнхүү Саарал Гэгээний хийдийн байдлыг сонсож тэр шөнөдөө газар дөхөх нэрийдлээр яаравчлан хөдөлжээ.

Энэ жил нутгийн хаана ч цас их унасан байв. Тэд гурав хоног хүйтэн салхи, хөр цасыг туулан хээр хэцэд хоноглон явсаар дөрөв дэх өдрийнхөө бүрэнхийд хоног тааруулан Гэгээний хийдийн барааг харав. “Ачаа бараа”-гаа ойролцоох дэрсэнд сайтар нууж, хийдийн байдлыг ажин мэдэхээр Саарал явлаа.

Нэгэнт үдэш орой болсон тул өдрийн цагийг бодвол 2000 шахам ламтай энэ хийд хөл үймээн багатай аж. Орчин тойрноо ажин яаралгүй явсаар хийдийн төв дэх Чойр да ламын хашааны гадна очлоо. Шургааган хашааны завсраар харвал ламын өргөө гэрэлтэй, цайны гэр гэрэлгүй аж. Хашааных нь хаалга онгорхой  байсан тул орж түгжээд, гэрийнх нь үүдэнд очиж хатавчаар нь шагайвал Сааралыг нааш гарахад хурандаагийн зургий нь үзүүлж байсан Чой да лам, 15-16 насны нэгэн бандиас өөр хүн байсангүй.

Саарал орж ламтай амар мэндээ мэдэлцсэний дараа би тантай уулзахаар ирлээ гэсэнд лам дохионы үгийг ойлгон, түүнийг Ар Монголоос яваа гэдгийг мэдээд даруй цай, хоол бэлтгэхийг бандид захирахад, цаадах нь ёсчлон мэхийгээд гарч одов.

Өргөөн дотор маш цэмцгэр бөгөөд илүү дутуу тавилгагүй, дулаа дүүгсэн чанд эзний чамбай нь илэрхий.
Лам, хүүг гармагц Саарал яриандаа шууд орж, би тантай уулзахаар Ар Монголоос дөнгөж сая ирлээ гэвэл Чойр да лам, “Бид та бүгдийг тэсэж ядан хүлээж суусан юм. Ирсэнд чинь их баярлаж байна” гэв. Ажил төрлийн шавдууг хэлээд, “Та манайхантай хэзээнээс нааш сэтгэл санаа нийлэн ийнхүү шударга үнэнчээр ажиллаж байгаа явдалд бид ихэд талархаж байдаг юм” гэсэнд лам,

БНМАУ энтээ газрын өдий олон шавь нарын дотроос ганц намайг итгэмжлэн нэн чухал ажлыг даалгасан тул би бие бартал зүтгэн үхэхийн цагт ч сайн хүнд уламжлан хүлээлгэнэ гэлээ.

Саарал хоол, унд идэж уусны дараа гоминданыг ирэхээс өмнө нэгэн радио буудлыг холбоочны хамт байрлуулах боломжийн талаар ламаас сонирхсонд, “Энэ бололгүй яах вэ. Бид ганц үүний чинь л хүлээж байсан юм. Хамгийн гол нь та бүгдтэй байнгын холбоотой байхаас илүү эрхэм чухал зүйл маньд үгүй шүүдээ”, “Манайхаар элдвийн амьтан хүн цувдаггүй юм. Намайг сэжиглээд байх хүн энэ хийдэд л лав үгүй болов уу! Радио буудлаа миний гэрт байрлуулж холбоочноо надад шавь оруулбал энд тэндээс хүн амьтан ирж шавилдаг манай хийдийнхэн сэжиглээд байхгүй нь лавтай” гэв. Саарал Чойр да ламтай шөнөжин тухлан ярьж радио буудлаа ламын олбог бүхий гоёмсог түшлэгтэй суудлын ард нуун байрлуулахаар тохиролцлоо. Лам холбоочноор ажиллуулах хүнээ баг, шавийн горим журам гадарладаг хүн ирүүлэхийг хүсээд, нутаг орны байдлыг ийнхүү өгүүлэв.

Манай хийдэд байдал маш зэвүүн байна. Гоминданы болон америкийн элдэв тагнуул туршуул их байдаг сурагтай. Гэгээний хийдээс гурван мод гаруй урагш Гөл Хөхийн хошууны өмнө захаар гоминданы 200-300 дээрэмчин ирж, хошуу орны цөөн цэрэгтэй орон нутгийн чанартай байлдаан хийж байна. Мөн манай хийдээс бас ч холгүй Рэнцэн буриадын отряд байгаа. Тэр дээр үед Октябрийн хувьсгалаас зугтан ирсэн баячуудын үр сад гэнэлээ. Ар Монгол, Зөвлөлт улсад элэгтэй, ардчилсан шинэ засаг төр тогтоох гэсэн бодол санаатай нутгийн хүмүүсийг хүйс тэмтэрч байна. Гоминданууд болон Рэнцэнгийн отрядынхан хоорондоо холбоо сүлбээтэй бөгөөд Америкийн тус дэмжлэгт түшиглэн манай хийдэд хэдийд ч ирж мэдэх юм. Иймээс та нөхөд тэднээс урьтан ирж ажил төрлөө төвхнүүлж байгаа явдалд тун баяртай байна. Энэ үйлсэд тань чадлын хэрээр хүчин туслах болно гэлээ.

Саарал, ламд талархлаа илэрхийлээд, маргааш нь шөнө дундын үед ирж, радио буудлаа авчирч өгөхөөр тохиролцов. Маргааш нь хүйтний эрч ид чангарч, Гэгээний хийдийнхэн ид нойрондоо дугжрах цагаар Чойр да ламын хашаанд хөтөлгөө тэмээтэй хоёр хүн ирсэн нь Саарал, Цэрэндорж хоёр байлаа. Чойр да лам ч ярилцаж тохирсон ёсоор тэднийг ганцаар хүлээж байв. Саарал, Цэрэндоржийгоо харуул гарган, ламын хамт радио буудлаа тохиролцсон газраа богино хугацаанд байрлуулж, хэрэг явдал санасанчлан бүтсэний билэгдэл болгон дөрвөн хунз цай, урт хадгийн хамт Чойр да ламд барихад тэрбээр бэлгийг дуртайяа хүлээн авлаа.

Тэднийг гэрээс гарахад шөнийн тэнгэрт од мичид анивалзан, цэвэр тунгалаг агаар сэтгэл сэргэм угтаад үнэхээр таатай аж.

Саарал, ламтай салах ёс гүйцэтгэж, эрүүл энхийг ерөөгөөд, нөхрийн хамт тэр шөнөдөө эх нутгийнхаа зүг хүлгийн жолоог яаран залжээ.
*
Энэ нэгэн явдлаас хойш даан их удалгүй Бандид гэгээний хийдийн Чойр да ламын гэрт нэгэн шавь нэмэгдэж, манай “Радио холбоо” ажиллаж эхэлсэн юмсанжээ.


URL:

Сэтгэгдэл бичих