Чингисийн талбайн 2 дахь мөсөн гулгуурын талбайг ашиглалтад орууллаа
Нийслэлийн ЗДТГ, Мобиком корпараци, Соунд оф Монголиатай хамтран анх удаа олон улсын стандартын мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт байгуулж, албан ёсоор нээлээ. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Монголын хоккейн холбооны тамирчид, Соунд оф Монголиа болон Мобиком корпарацийн төлөөлөл оролцлоо.
Мөсөн гулгуур болон хоккейн талбай нь 30х60 хэмжээтэй бөгөөд нийслэлчүүддээ чанартай, өнгө үзэмж бүхий тэшүүр, хувцас хэрэгсэл, халуун цай, кофегоор үйлчилж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ая тухтай, тохилог орчинд гулгаж, наадах нөхцлийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.
Уг мөсөн талбайд Монголын хоккейн холбооноос UB CUP – 2015 олон улсын тэмцээн, Монголын хоккейчдын тоглолт, хүүхдийн фестиваль, Монголын анхны кёрлингийн тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
URL: