ОБАМА, ХИЛЛАРИ ХОЁРООР АМЕРИКЧУУД ИЛҮҮ БАХАРХДАГ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон тус улсын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон америкчуудын дунд илүү нэр хүндтэй. Ийм санал асуулгыг Америкийн олон нийтийн санаа бодлыг судлах “Gallup” хүрээлэнгээс 12 дугаар сарын эхээр явуулжээ.
Энэ санал асуулгад Обама сүүлийн 7 жил, харин Хиллари Клинтон сүүлийн 13 жилийн хугацаанд нэгдүгээрт орсон байна. Клинтон 1993 оноос хойш нийтдээ 19 удаа нэгдүгээрт оржээ.
Одоогийн эмэгтэйчүүдийн тухай уншиж, сонссон болон илүү бахархдаг эмэгтэйгээ нэрлэх нийгэм судлаачдын хүсэлтэд санал асуулгад оролцогсдын 12 хувь нь Хиллари Клинтоныг нэрлэсэн байна. Хоёрдугаарт, телевизийн алдартай хөтлөгч Опра Уинфри /8 хувь/, гуравдугаарт, Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсуфзай /5 хувь/ оржээ.
Хамгийн нэр хүндтэй орчин цагийн хүмүүсийн жагсаалтын эхний аравт мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама, жүжигчин Анжелина Жоли, Аляска муж улсын захирагч асан Сара Пэйлин, Кембрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон, АНУ-ын Сенатын гишүүн Элизабет Уоррен, бага Жорж Бушийн гэргийн Лора Буш нар багтсан байна.
Эрчүүдийн хувьд Барак Обамагаар америкчууд илүү их бахархдаг. Санал асуулгад оролцогсдын 19 хувь нь түүнийг нэрлэжээ. Обамагийн дараа Ромын пап Франциск /6 хувь/ болон АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон /3 хувь/ орсон байна.
Жагсаалтад мөн шашин, нийгмийн зүтгэлтэн Билли Грэм /2 хувь/, АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш /2 хувь/ орсон байна. Тархины мэс засалч Бен Карсон, Их Британийн онолын физикч Стивен Хокинг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс, Америкийн сэтгүүлч Билл О’Рейли, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тус тус 1 хувийн санал авчээ.
Д.Жаргал
URL: