Монгол төрийн анхны далбааг хүндэтгэн залах ёслол Баруун хүрээ Шанхын хийдэд болов
Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойгоо өчигдөр ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ түүхт өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Хархарин сумын нутагт Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулсан Шанхын хийд буюу Баруун хүрээнд Монгол төрийн анхны далбааг мандуулах ёслол боллоо. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тус хийдэд Монгол төрийн далбааг мандуулан залж энэ үеэр лам хуврагууд сүсэгтэн олонд зориулан ном хурж ёслол үйлддэг уламжлалтай. Энэ жилийн ёслолд Өвөрхангай аймгийнхнаас гадна Монгол төрийн анхны далбаанд хүндэтгэл үзүүлэхээр газар газраас зочин олон ирсний дотор Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг оролцсон юм.
Өдгөөгөөс 103 жилийн өмнө 1911 онд Монгол Улс 200 гаруй жил нухлагдсан Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон баригч хэмжээлшгүй их хаанд өргөмжлөн эх орон, улс үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан зарласан билээ. Энэ үед Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай шийдвэр гарч, далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай, хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байна хэмээн хуульчлан тогтоож өгсөн байдаг. Энэ дагуу бүтээсэн төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр зарлигдсан тухай Баруун хүрээ хийдийн хамба лам А.Пүрэвсүрэн Төрийн далбаа мандуулах ёслолд оролцохоор ирсэн хүмүүст тайлбарлаж байлаа.
Энэ өдөр Монгол төрийн анхны далбааг хүндэтгэн залж, төрөө дээдэлсэн хүн бүхэн эл далбаанд сүсэглэн мөргөж, төр улс, түмэн олноороо амгалан тайван, аз жаргалтай амьдрахыг бэлгэдэн лам хуврагуудын уншсан ном уншлагыг даган баясч буян хураадаг уламжлалтай. Мөн энэ өдөр баяцхан жаалуудыг баярлуулан хувь хишиг тараадаг. 1911 онд анх Төрийнхөө далбааг хүндэтгэн залахдаа хүүхэд багачуудад хишиг түгээж байсан бөгөөд хишиг хүртсэн хүүхэд бүр эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол хэмээн хэлдэг байсан гэнэ. Өдгөө энэ уламжлал ч хэвээрээ бөгөөд хүүхдүүд сэтгэлдээ нандигнаж явах учиртай энэ үгсүүдийг хэлээд бэлгээ авч байлаа.
Баруун хүрээ буюу Шанхын хийдийг 1650 онд байгуулсан бөгөөд Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны гол хийд байжээ. 1654 онд номын Их хүрээ Орхон голын хөндийгөөсХэнтий уулын өвөр тийш нүүхэд Өндөр гэгээн Занабазар төрсөн дүү Сойвонбилбийдоржид номын хүрээний гол үндсэн хэсгийн хамт судар бичгүүд, түүх дурсгалын үнэт зүйлсийг үлдээж нүүсэн байна. Ингэснээр баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг “Баруун хүрээ” хэмээн нэрлэх болсон бөгөөд хожим Шанх уулын өвөрт байрших болсноор Шанхын хүрээ гэгдэх болсон байна. Тус хүрээний түүх нь Номын хүрээ буюу Богдын хүрээний гарал үүсэлтэй шууд холбогддог төдийгүй Өндөр гэгээн Занабазар Баруун хүрээ хийдтийн шашны тэргүүнээр заларч, олон жил сүсэгтэн олныхоо төлөө буян тусыг бүтээсээр ирсэн гэдэг. Их эзэн Чингис хааны алтан ургийн угсаа, Түшээт ханы хошууны шүтлэг бишрэлийн гол хийд байж үе улиран залгамжилж залсан ноён ламууд нь Чингис хааны алтан ургаас тодорч байсан эл хийд хэдэн зууны турш Монголын төр, шашны том төв байсаар ирсэн юм. Тэр ч утгаараа энэ хийдэд их эзэн Чингис хааны хар, цагаан сүлдийг залж тахидаг мөн Богд хаант Монгол Улсын анхны төрийн далбааг ч уламжлан хадгалж ирсэн түүхтэй юм.
Эх сурвалж: www.polit.mn
URL: