Хийморь сэргээсэн соёлонгийн тоос

Тэгш дөрвөн ой тохиосон түүхэн наадам өндөрлөөд таван өдрийг үдлээ. Тэгсэн хэрнээ л эрийн гурван наадмынхаа эргэн тойрны сонин сайхныг Монголчууд маань өнөөдөр болсон юм шиг л шив шинэхэнээр нь хуучилж сууна.

Түрүү бөх, түмэн эх, мэргэн харваачдынхаа энэ жилийн зүс, ирэх жилийн өнгийг нь тодорхойлоод л…
Ийм л өдрүүд үргэлжлэн буй энэ цаг дор Хүй долоон худаг тэр дундаа соёолон насны уралдааны сонин сайхнаар наадмын хуучид нэмэр өгмөөр санагдлаа. Ган туурайт морьдын минь Гал нас нь соёлон Иртэй хурдан хүлгүүдийн минь Ид үе нь соёолон хэмээцгээдэг билээ монголчууд бид. Тийм болоод ч тэрүү соёолон насны морьдын уралдааныг зорьсон зон олон үй түмэн байдаг билээ. Энэ жил ч ялгаагүй ийм л байлаа.

Хүй долоон худагт гийнгоон дуу нүргэлж, хүлэг морьдын туурай газрын тоосыг тэнгэрт өргөсөөр 398 хурдан соёолон гарааны зурхайгаас хөдөллөө. Ган гачиг багатай жил тул газар газрын шигшмэл хурдан буянгууд төрийнхөө наадамд уралдахаар ирснийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Иймдээ ч энэ жил урьд, урьдын жилүүдээсээ бүх насны уралдаж буй морьдын TOO олширсон байгаа аж.

Соёолон морьдын хурдыг бишрээд Сахалт буурлууд залууждаг гэнэ лээ Соёолон морьдын тоосонд орвоос Санаа сэтгэл ариусдаг гэнэ лээ хэмээн хөөрөлдөцгөөсөн наадамчин олон хурдан соёолонгуудаа сэтгэл догдлон хүлээж байлаа. Тэгж байтал тэнгэрийн үүлс бужигнатал гийнгоо хадаж, жаахан хүү ташуур эргүүлэн хурдан морьдын нуруун дээр галын дөл шиг дүрэлзэн үзэгдлээ. үүнийг үзсэн наадамчид тэр дундаа тив, тивээс ирсэн жуулчид тэнхээ мэдэн дуу алдаж байсныг харахад сэтгэл бахдам байсан билээ.

Хүй долоон худаг, хүлэг морьдын тоосоо өргөдөг торгон ногоон дэнж туурайн төвөргөөнөөр доргисоор…
Хүлэг морьд тоосны наана тодорсоор, торойсоор байлаа. үнэхээр соёолон морьдын торүүч ирж явна. Тугтай машин туугдсан юм шиг тоосноос сугарч ядах нь үзэгдэнэ. Галтай хурдан соёолонгууд ган хөлгийг ч гүйцэх ажгуу.

Энэ л торгон агшинд тоотой насаа адуунд зүүж, тоостой зам дээр төрсөн юм шиг, торго гэлтэй зуны сард цурам хийлгүй сэрүүн хонодог уяачидаа ажиглалаа.

Саран хээрлэх талын тэртээд санан дурсах морьдоо манаж, маргааш болох наадам гэсээр майхан гэрээр нүүж явдаг уяач хүнийг уул шиг гэмээр ч уралдаж буй морио үзэх үедээ хүүхэд шиг, бүр жаахан хүүхэд болдог ажээ. Хурдан хүлгүүд барианы зурхайд дөхөх тусам тэдний сэтгэл улам л догдолно.

Ийнхүү эхний морьд барианд орж ирлээ. Энэ жилийн соёолон насны уралдаанд Өвөрхангайчууд өнгөтэй сайхан наадлаа. Энэ насны түрүү магнайд Өвөрхангай аймгийн Ижилбаярын бор соёолон, аман хүзүүнд мән аймгийн уяач Сэрсэнгийн Ганболдын хурдан зээрд соёолон орж ирлээ.

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Ганболдын хул соёолон, айргийн дөрөвт Ховд аймгийн Алтай сумын уяач Гантөмөрийн хомоол хүрэн, айргийн тавд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Ө.Шинэтулгын шарга үрээ хурдаллаа.

Ээ дээ, нүүрэндээ үстэй бурхад гэмээр нүгэлгүй эдгээр сайхан буянгуудыг бугуйл хаямаар ойрхноос үзсэн наадамчид зорьж ирсэн зорилгоо биелүүллээ хэмээн ихэд баясалтай алхацгаана.

Морин сард Монгол наадам минь болдог нь зүгээр нэг тохиол биш гэлтэй. Малын буян дагаж, мөлхөж өссөн болохоороо ч тэрүү мал, малын дээд морьдоо л шүтэж амьдардаг зон олон шүү дээ бид чинь. Тийм л учраас Монгол хүний хийморь сүлд морьтойгоо холбоотой байдаг билээ. Морьдоо үзэж, хийморио сэргээхээр ирсэн наадамчид минь соёолонгийнхоо тоосонд дарагдлаа. Сэтгэл нь нь ч сэргэлээ, хийморь нь ч сэргэлээ.

Унага болган минь босоо төрж, уралдсан бүхэн минь айрагдахын ерөөл өргөж, наадмын хуучаа үүгээр жаргаая..

С.Вансэмбэрүү

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих