Нийслэлээс хувийн хэвшлийнхэнд 10 цэцэрлэг шинээр байгуулах эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1067 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”, Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”, Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, А.Сэлэнгийн “Монгол жаал”, Л.Оюунчимэгийн “Буурай ээж”, Р.Дүүрэнжаргалын “Цэнгэлтэй жаалууд”, Д.Оюунчимэгийн “Авьяаслаг багачууд”, Я.Оюунцэцэгийн “Бяцхан хун”, Д.Даваасүрэнгийн “Чигчий бүүвэй”, Г.Төгөлдөрийн “Тонтоолой”, Г.Отгоны “Цэцэн маамуу”, З.Даваасүрэнгийн “Нандин гурван эрдэнэ”, А.Хишигдоржийн “Хулгануудын хотхон” цэцэрлэгүүдийг байгуулахаар боллоо.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллахыг үүсгэн байгуулагч нарт, шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: