Молор-Эрдэнэ докторт дайх Молхи бичээчийн хэдэр үг
ШУА-ийг их сургуулиудтай нэгтгэх цуу яриа гадуур нэгэнт тархсайтай холбоотой судлаачдын дунд зөрүүтэй байр суурь олон байна. ШУ-ны байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг философийн доктор гэх /Ph.D/ С.Молор-Эрдэнийн ярилцлагад эгдүүцсэн Соёл судлалын судлаач Д.Даваасүрэнгийн няцаалт хариултуудыг хүргэе. Тэрээр Шинжлэх ухааны тухай яриа өдөх сайхан боломжийг ашиглаж ерөөсөө “Монгол хүн ба мэдлэг” гэсэн үргэлжийн бичдэг сэдэвээ энд дахин хурцатган бичихээр зорилоо. Ингэхдээ таны ярьсан зүйлд хариулт өгөх байдлаар асуудлыг хөндөе гэж бодлоо хэмээн яриагаа эхлэжээ.
С.Молор-Эрдэнэ: ШУА-ийг устгаж болно харин шинжлэх ухааныг устгаж болохгүй
Д.Даваасүрэн: Тээр тэнд жалгын амны, аль эсхүл уулын мухарын айлын гадаа гөлгөн нохой саранд хуцахад хөгшин банхар дагаж хуцдаггүй.
С.Молор-Эрдэнэ: Хүн төрөлхтөний мэдлэгийн оргил болсон шинжлэх ухаан гэж бидний орчуулдаг “science” гэдэг ойлголттой Монгол хүн 1940-өөд онд танилцаж түүний үр шимийг хүртэж мухар сүсэг, шарын шашинаас салж ид шидийг ардаа орхиж ер бусынуудыг хээр хаяж чадсан билээ.
ХАРИУЛТ: Шинжлэх ухаан гэгч хүн төрөлхтний аль хэдийнээ бүтээсэн, хэрэглэж асан, хэдэн мянганы туршид оршин байсан гайхамшигийг нээж, тэр их мэдлэгийн үндэс суурин дээр зөвхөн өнөөдөр бий болсон техникийн боломжийг хэрхэн нэмэн ашиглах тухай л бидэнд ярьж байх шиг санагддаг.
“Шарын шашин” гэх үгийг их болгоомжтой хэрэглэж байхыг танд зөвлөе. Учир нь энэ чинь бас л өнөөгийн хүн төрөлхтний мэдлэгийн оргил гэж дуу алдаад байгаа шинжлэх ухаан шиг чинь бас л нэгэн үед өмнөх мэдлэгээсээ эх авч, шинэтгэж, өнөөгийн бидэнд өвлүүлэх үүрэг гүйцэтгэсэн нийгмийн үзэгдэл шүү дээ,танд таалагдах боловуу гэж бодоод маш энгийнээр хэлэхэд…
С.Молор-Эрдэнэ: Гэтэл өнөөдөр яагаад Монгол хүн буцаад мухар сүсэгт тархиа эргүүлүүлж сургуулийн заалнаас авахуулаад хэдэн зуун хүн багтдаг том том заалнуудад бөөгнөрөн хуйларч эрүүл биш хүмүүсийн үгэнд үнэмшиж түрийвч цүнхээ агаарт эргэлдүүлэн мөнгө төгрөг дуудна вэ? Энерги гэж буруу ярьцгааж гэрлэн бие гэж нэг нэгнийгээ чийдэн мэт гэрэлтдэг гэж шоглох энүүхэнд болжээ. Ээж аавууд яагаад хүн ёсны доод түвшинд очиж охид хөвгүүдээ мухар сүсэгтэнүүдийн золиос болгож ламын тоглоом болгоцгооно вэ? Яагаад үр хүүхдээ шинжлэх уааны мэдлэгээс хол хөндий болгоцгоов? Энэ бүгдэд хэн буруутай вэ?
ХАРИУЛТ: “Мухар сүсэг” гэж юуг хэлэх вэ, ийм зүйл байна уу гэвэл энэ дээр бичсэн шиг зүйлийг хэлэх бөгөөд энэ тухайдад бол өчүүхэн миний бие тантай санал нэг байна.
Мухар сүсэгтэй “лам” ч байгаа…Гэхдээ лам гэдгийг энд хаалтад авсаныг эрхэм таныг анзаараасай гэж хүснэ. Товчдоо тэр бол лам биш гэсэн үг. Хэдийгээр лам мэт хувцастай боловч, лам мэт явдалгүй гэсэн үг. Мэргэжлийн хяналтаас ойрын өдрүүдэд хэрэглэх хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн ихээр зарагдаж байгаа тухай сануулж, иргэн та л үүнд хяналт тавьж чадна гэх шүү маягийн юм хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаатай агаар нэг үзэгдэл бол энэ “лам” юм. Үг яриа, үйлдэл, байгаа байр сууринаас нь сүсэгтэн минь анхааран шинжээд, нэг л лам биш “лам” шиг санагдвал та татгалзах эрхтэй. Энэ эрхэм Молор-эрдэнэд ч хамаатай. Мөн үүнийг таслан зогсоох үүргийг үүрэгч нь МБШТөв бөгөөд бас Гандантэгчэнлин хийд зэрэг сүм хийдүүд, сүм хийдээр очиж оюун санааны эгээрэл хүслээ хангагч сүсэгтэн бүрийн оролцоо хяналт хэрэгтэй. Ингэж чадвал, эрхэм Молор-Эрдэнийг энэ их төвөгтэй стресстэй цаг үед бид нэмэн зовоохгүй байх боломж бүрдэнэ. Молор-Эрдэнэ ч бас хамаг амьтанд багтана. Хамаг амьтан зовлон үгүй амгалангаас үл хагацах болтугай.
С.Молор-Эрдэнэ: Төр шашин хоёрыг арай гэж салгаж 1940 оноос 1990 хүртэл амжилттай байсан мөртлөө 90 оноос хойш яагаад шашин төртэй холилдов? Мордохын хазгай гэгчээр лам хүртэл төрд орж сайд болцгоодог болжээ. Сайдууд мухар сүсэгтэх ердийн хэрэг. Ингэж төрийг балласан сайдуудыг яах вэ?
ХАРИУЛТ: Лам сайд чинь хэн билээ? Аан шинэчлэлийн засгийн газрын үед Эрүүл мэндийн яамны дэд сайд байсан залуу чинь лам байсан юм. Гэхдээ өнөө шүтээд байгаа шинжлэх ухаан, шинжлэх шинжлэхдээ нарийн шинжлэх ухааныг нь эзэмшсэн залуу гэдгийг мань Молор-Эрдэнэ бодоход дуулсан л биз…
С.Молор-Эрдэнэ: Их дээд сургуулиудын танхимуудаар лам дүүрч тэнхимийн профессорын өрөөгөөр далай ламын зургууд хүртэл дээгүүр залагдаж арга билиг ярьж билэгдэл гэж мангуурч Англи Америкт сураад ирлээ гэсэн залуус яагаад ээж аавыгаа даган дуурайж хөгийн царайлна вэ? Мэдлэг доромжлогдож их дээд сургуулиудад Түвд хэл заадаг жишээ ердийн болжээ.
ХАРИУЛТ: Шашин судлал гэгчийг шинжлэх ухааныхан бие даалган нягт нямбай судалж эхлээд байгаа юм гэнэ лээ. Энэ үүднээсээ МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн сургууль хавиар нэлээд тооны лам нар сурч, бас миний багш тэргүүтэй ганц нэг лам хичээл зааж байгаа. Өөр аль сургуулийн ямар танхимууд ламаар дүүрээд байгаа юмсан бол…
Явж явж таны эзэмшсэн гэх философи ч шинжлэх ухаан мөн үү, биш үү гэдэг нь яриатай л салбар шүү дээ. Танд ингэхэд, шинжлэх ухааны тухай ярих, шашны тухай ярих, бүхэл бүтэн үндэстний хэл болох Түвд хэлийг заах явдал нь мэдлэгийг доромжилж байгаа явдал гэж шүлсээ үсчүүлэх ийм эрхийг танд өгөх гэж Ардчилсан хувьсгал хийгээгүй байх шүү.
С.Молор-Эрдэнэ: ШУА ч бас Гандан ч зөвхөн байгууллагууд. Харин шинжлэх ухааныг авч тээж явж чадаагүйдээ ШУА шийтгэл хүлээх ёстой. Шийтгэл ч цаг үеэ олж ирлээ. Үүнтэй адилхан Гандан ч буддизм гэсэн хүн төрөлхтөний бүтээлийг яаж гутааж мушгин гуйвууллсаныхаа төлөө шийтгэл хүлээх ёстой.
ХАРИУЛТ: ШУА шинжлэх ухааныг тээж чадсан уу, Гандан буддизмыг мушгин гуйвуулсан уу, ингэж асуух нь бараг нь ам ангайх тоолондоо философи гэж орилдог, цээжээ дэлддэг танд хэр зохимжтой юм бол… Учир нь философийг гүн ухаан, өөрөөр хэлбэл хэрхэн яаж зөв зүйтэй сэтгэх вэ гэх шүү ухааны сэтгэлгээний, ёс зүйтэй мэтгэлцээний урлаг гэж би ойлгодог. Та ч санал нэг байгаа ШУА, Гандан хоёр байгууллага юм. Би зуун хувь санал нэг байна. Магадгүй хожмын өдөр Молор-Эрдэнэ гэх мэт үр хүүхдүүд нь буруу бодоод, өөрийнхөө өрөөлийнхөө бурууг чихээд, нялзаах гээд байх вий гэсэн дээ Халхын тавдугаар богд “Гандантэгчэнлинд муу нэр бүү зүү” гэх шүү маягийн утгатай захиасыг үлдээсэн биз… Хэн нэгэн академич, бас тан шиг, над шиг доктор гэгч, лам бус атлаа “лам” гэгчдийн буруугаас л шинжлэх ухааныг ч, шашныг ч мөн чанараас нь гажуудуулж, эцэст нь “махны ховорт богтоос ахлана” гэгчээр таны мэт шалдан банди МУИС хавьд “бурхангүй газар бомбо галзуурах”-ын үлгэр болж, хүн төрөлхтний мэдлэгийг бүрдүүлэгч үй олон эд эсийн нэг рүү хээв нэг шүлсээ үсчүүлэх муу цагийг ирэхийг болгоосон хэрэг биз…
С.Молор-Эрдэнэ: Яагаад 21-р зуунд Монгол хүн бөө шүтэж, ламд доромжлуулж, хадагаар ороосон ээж модоо нар салхи үзүүлэхгүй үхүүлсээр байна вэ? Яагаад Монгол хүн шинжлэх ухаанаар дамжин мэдлэгтэй болж чадсангүй дундад зуун луу буцаад шидэгдэв? Яагаад Монгол хүн өнөөдөр дээдэс, доодос ярьж улстөрчид ташраараа ноёд феодалууд болцгоов? Энэ бүх тэнэглэлийн цаад эзэн бол мэдлэгийг Монгол айлын гэрт оруулж чадалгүй цалин мөнгө, цол шагналдаа дарагдсан ШУА-ийн доктор, професор, хүндэт академичаас авахуулаад ШУА-ийн үе үеийн ерөнхийлөгч нар шүү дээ. Ичих нүүрээ элгэндээ наах гэгч л болж байна даа.
ШУА-ийг устгаж болно. Гагцхүү шинжлэх ухааны мэдлэг устаж хэрхэвч болохгүй. Шинжлэх ухаан уствал Монгол хүн гадаадын мөнгө хүүлэгчид дотоодын мухар сүсэгтнүүдийн тоглоом болж оюуны доод түвшинд орцгоож наад захын хүний эрх биелэгдэхгүй хэвээр үлдэх болно доо.
Өнөөдөр хүртэл ШУА яагаад Үндсэн хуулийн цэцэд Бат-Отгоноос өгсүүлээд Сарандаваа хүртэлх шинжлэх ухааныг доромжилж мухар сүсгийг түгээн дэлгэрүүлж буй хүмүүсийг шүүн хэлэлцүүлэхээр хандсангүй вэ? Арай ШУА өөрөө бөө, мухар сүсэгтэнүүдээс айдаг биш биздээ.
ШУА Ганданд ялагдсан гэж би өөрөө энэ өнгөрсөн хавар ШУА-ийн ерөнхийлөгч гуншинтай хүнд шууд хэлж байсанаа санаж байна. Тэр надад хариу юу ч хэлж чадалгүй амруугаа алгадуулсан мэт л гөлийж сууж билээ.
Яагаад ШУА Ганданд ялагдав? Яагаад гэвэл мэдлэгийг олны хүртээл болгож чадалгүй үүргээ умартаж баян чинээлэг амьдрал руу хуйларцгаасан даа. Өнөөдөр хүртэлх хугацаанд ШУА-ийн дээгүүр албаны хүмүүс хичнээн төгрөг төсөл нэрээр авч идэж уусаныг шалгах хэрэгтэй.
Яагаад шинжлэх ухааны мэдлэг Монгол хүнд хэрэгтэй вэ гэвэл шинжлэх ухаан бол улс орны дээд бүтэцэд хамаардаг. Дэд бүтэцэд зам тээвэр, эдийн засаг, банк санхүү, мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр хамаарч хүн ардын аж амьдралыг баталгаажуулдаг. Харин дээд бүтэц бол шинжлэх ухаан, урлаг, төр гээд хүний оюун ухааны амьдралыг тэтгэж соёлжиж иргэшиж нийгэмшихэд тус болох зорилготой.
Монголчууд зөвхөн дэд бүтэцтэйгээ зууралдсаар дээд бүтэцээ босгож чадахгүй явсаар ардчилалын 20 гаруй жилийг ардаа орхилоо. Зөвхөн ШУА мухар сүсэгтсэнгүй бас урлаг мухар сүсэгтэж хаа л бол оюуны доод түвшинд урлаг явагдаж хамгийн боловсролгүй хүмүүс яруу найрагчаас авахуулаад жүжигчид хүртэл болцгоожээ. Төр ч гэсэн мухар сүсэгтэж ордны доод давхарт гал түлцгээлээ. Тэдний зарим уулын оройд хадаг уяж ард түмнээ мэдлэгт биш уулын хад чулуунд хүртэл даатгаж мөн ч их мухар сүсэгтлээ дээ.
Эцсийн эцэст мэдлэг бол хамгийн чухал хүний эрх. Монгол хүнийг мэдлэгтэй болгох зоруилалтай боловсролын бүхий л байгууллагууд энэ эрхийг зөрчөөд олон жил болж байна. Боловсрол гэдэг эрэлт нийлүүлэлт биш төрийн үүрэг даалгавар байх ёстой. Мэдлэг боловсрол Монгол хүнийг эрх чөлөөтэй болгоно. Өөр юу ч биш. Мэдлэггүй Монгол хүн үргэлж бусдын боол золиос болохоос өөр яах вэ дээ.
ШУА-ийн устал бол хүнийг мэдлэгтэй болгох эрхийг зөрчсөний гай гамшиг шүү дээ. Үндсэн хуулийн цэц Улаанбаатарын амьдралыг мухар сүсэгтүүлсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг шүүн хэлэлцэж ёс суртахууны шүүхээр хэлэлцэх цаг болсон.
Мухар сүсэгтэнүүдээс авахуулаад лам бөө хүртэл хувьдаа ямар ч сүсэг бишрэлтэй байж болно. Энэ бол хүний эрх. Гэтэл бусдыг хууран мэхлэж худал амлаж залилан мэхлэх бол гэмт хэрэг. Тэр ч бүү хэл мухар сүсэгтэнүүд олноороо нийлж иргэдийг хууран мэхлэж буй бол бүр бүлэглэлийн шинжтэй болсоны гэрч бөгөөд зохион байгуулалтай гэмт хэрэг шүү. Нийгмийг аюулаас хамгаалахын тулд дотоодод асар их зүйл хийх хэрэгтэй болжээ. Монголчууд монголчуудыгаа л баллаж байна шүү дээ. Үүний шалтгаан бол Үндсэн хуулийн цэц ажлаа хийхгүй байна.
Хүн төрөлхтөн мэдлэгийг бүтээж чадсанаар шувуунаас хурдан нисдэг онгоц бүтээсэн. Мэдлэгийг олны хүртээл болгож чадсанаар хүн төрөлхтөн ирвэс шилүүс цаашлаад адуунаас ч хурдан давхиж чаддаг автомашин бүтээсэн.
Харин Монгол хүн мэдлэгийн сайныг хүртэж амсаж чадсангүй. Зун наадам болохоор том том жийптэнгүүд даага унасан үр хүүхдээ элдээд давхиж дэлхийн ичгүүр болдогдоо. Мэдлэгийг ингэж л ойлгож хэрэглэдэг Монгол хүн 21-р зуунд ирж чадсангүй. Жийп том хэдий ч ухаан жижигхэн үлдлээ дээ.
Монгол хүний ухаан жижигхэн үлдэх бүх нөхцөлийг ШУА өдөөж шинжилдэг ухаан биш харин мухар сүсэгтдэг ухаан болгож хаялаа. Улаанбаатараар дүүрэн академууд. Тэд юу хийнэ вэ? Тэд ганцхан л зорилготой. Тэр бол Монгол хүний тархийг тураалд биш хомсдолд оруулах.
Монгол хүн доктор, профессор, академич цол гэлтгүй ухааны хөгжлийн бэрхшээлтэй болцгоожээ.
Ухааны хөгжлийн бэрхшээлтэй болцгоосон Монгол хүнийг аврахад ШУА-ийг аврах биш шинжлэх ухааны мэдлэгийг аврах ёстой шүү гэдгийг бид хэрхэвч мартаж болохгүй. Гадаад орнуудад шинжлэх ухаан хийж яваа ирээдүйн залуу үе Монгол орноо сайхан болохыг хүлээж суух биш маргааш хүрч ирцгээж шинжлэх ухааныг аврах үйл хэрэгт оролцохыг уриалж байна.
ХАРИУЛТ: “Шинжлэх ухаан уствал Монгол хүн гадаадын мөнгө хүүлэгчид дотоодын мухар сүсэгтнүүдийн тоглоом болж..” магадгүй л юм. Гэхдээ хэрэв ийм нэг цаг ирвэл, тэр цагийг нааш татаж, чангаасан шинжлэх ухаан мэддэггүй мөртлөө шинжлэх ухаан яригч, хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэгийг бүхэлд нь ядахдаа багцаалдахгүй атлаа тодорхой эд эсийг нь үгүйсгэгчдийн үйлдсэн үйлийн үрийн тийн боловсрол, үр дүн байх болно.
Тиймээ би Молор-Эрдэнэ тантай санал нэг байна. Хэрэв шинжлэх ухааныг мэдлэг гэж үнэхээр л бодож, хүлээн зөвшөөрч байгаа бол тэр оргилыг бүтээгчдийн нэг Шарын шашныг, түүн дотор агуулагдаж буй гүн ухааныг, сургаалыг доромжилж буйх нь төлөө С.Молор-Эрдэнийг шүүхэд өгөөсэй, МБШТөвийн удирдлагууд..
ШУА Ганданг мэдлэг тээгч, түүнийг өвлүүлэн уламжлуулагч нийгэмд үйлчилж буй олон нийтийн байгууллага, уламжлалт сургалтын орчин болохынх нь хувьд зүй ёсоор хүлээн зөвшөөрсөнийг Молор-Эрдэнэ ЯЛАГДАВ гэж дуулсан бололтой. ШУА-ы удирдлага харин ч зөв л замаараа будаа тээж яваа юм байна, тэр будаа нь зам хорох тусам алт болно. Харин Молор-Эрдэнийх шороо болж мэдэх вий, иймэрхүү байсаар л байвал…
Эцэст нь монгол хүн гэлтгүй, аливаа хүн жинхэнэ мэдлэг эзэмшиж, оюуны болон сэтгэлийн боловсрол эзэмшиж байж л сая нэг эрх чөлөө гэгчийн мөн чанарыг ойлгож, зөв хэрэглэж чадах нь үнэнээс үнэн тул С.Молор-Эрдэнийн энэхүү бичвэрийг уншаад буруу замаар будаа тээчихвий гэсэндээ “мэдлэг”-ийг мэдлэг гэж ойлгочихвий гэсэндээ үүнийг бичив.
Доктор С.Молор-Эрдэнэ
Хариултыг Д.Даваасүрэн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
saihan metgeltseen bna,ali ali ni l zov um yarijee,1zoosiig 2 talaas ni tailbarlaj,mongol hunii oyun uhaan,ev negdel badartugai.