“Утгын чимэг”-ийн арван өгүүллэгийг боловсролтой хүн уншаад бараг л элэг татаж унахаар юмнууд байна лээ

sdvvvvvvvvvvvvНэгэн үе оюутан залуус шүлгийнх нь мөрийг ширээн дээр сийлж, чухамхүү шүтээн болж явсан яруу найрагч, өнөөдрийн зохиолч, шүүмжлэгч, доктор П.Батхуягтай уулзаж ярилцлаа. Түүний хувьд утга зохиолын шүүмжлэл, гэгээн эргэүүллийн энэ цагийн томоохон төлөөлөгчдийн нэгэн яах аргагүй мөн билээ.

-Хэвлэлтээс гараад удаагүй байгаа хоёр шинэ номын тань тухай асуултаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо?

-Гарсан хэлбэрээр нь хүмүүс хоёр ном гэж хараад байгаа юм. Уг нь 2014 онд миний бичсэн бүтээлийн түүврүүд. Нэг номонд нь «Хүүрнэл зүрх» гээд тууж, богино өгүүллэгийн түүвэр, «Ганцаардлыг иднэ» драмын жүжгүүд, «Металл хотын уянга» нэртэй яруу  найргийн түүврээ хамтад нь хавтасласан гэсэн үг. Энэ онд шүүмж, эсээ нийтлэлийн «Эсрэг цаг» гэдэг түүвэр хэвлүүлснийгээ мөн «Эсрэг цаг-II» нэртэйгээр урлаг, утга зохиолын амьдрал, театр, киноны талаар бичсэн шүүмж, нийтлэлүүдээ нэгтгэн хэвлэсэн юм л даа.

-Таны нийтлэлүүд урдаа «эсээ шүүмж», «эсээ нийтлэл» гэсэн давхар тодотголтой байх юм?

-Миний шүүмжийг бол мэргэжлийн хүрээнийхэн мэднэ дээ. Онолын нарийн асуудлууд, судалгааны аргачлал давамгайлсан шүүмжүүд биш, харьцангуй сэтгүүл зүйн нийтлэлийн өнгө аястай. Ерөнхийдөө эсээ бичлэг чинь хамгийн их хөрвөсөн бичлэг шүү дээ. Эсээ шүүмжийг харин манайхан түлхүү бичдэггүй. Найруулга, бичлэгийн техник нь сэтгүүл зүй тал руугаа учраас  тэгдэг байх. Hibryd essay гэж нэрлээд «эрлийзжсэн» маягтай бичлэгийн хүрээнд  нь бичлэгийнхээ бүхий л төрлийг түүнд шингээх зорилготойгоор хэд хэдэн эсээ бичсэн байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эсээ тууж, эсээ өгүүлэгүүд, эрлийз эсээнүүд, эсээ нийтлэл гэсэн төрлүүд дээр дагнан сууж  байна даа.

-Шүүмжийн шинэ номынхоо агуулгыг дэлгэрүүлэн ярьвал аль салбарын шүүмж илүү байгаа бол?

-Тэр нь илүү, энэ нь илүү гэхээргүй хувь тэнцүү. Сүүлийн үед манай тейтрын тайзан дээр тавигдаж буй жүжгүүдийн талаар, дэлгэцнээ гарч байгаа монгол кинонуудын тухай, утга зохиолын амьдрал, зохиолчдын уран бүтээлийн тухай шүүмжүүд л түлхүү бий. Номыг бүтэцчилэхдээ өнөөгийн утга соёл, нийгмийн харилцаанд байгаа гажуудал болон дэвшилттэй зүйлүүдийг олж харья гэсэн өнцгөөс бичсэн учраас энэ тал нь давамгай гэж хэлэхэд хэцүү юм. Судлаач, шүүмжлэгчийн хувьдаа гэвэл цэвэр кино шүүмжүүд давамгай бичиж байна. Цаашид хийх уран бүтээлийн төлөвлөгөө гэх юм уу, санаа бол өнөө цагийн мэргэжлийн бус төвшинд хийгдэж байгаа үзэгчдийн түр зуурын таашаал, хэрэгцээнд         зориулсан чанаргүй   кинонуудын
тухай дагнасан шүүмжийн ном бичих.

Нэлээд хэд нь үзэгний үзүүрээс гарчихсан байна. Кино судлаж байгаа, бүтээж буй хүмүүс маш олон  байх  атал кино шүүмж гэдэг зүйл бүр алга болчихлоо. Сэтгүүл зүйн шүүмж бол бүр таг. Мэргэжлийн хүмүүс түлхүү анхаараад эхлэхээр утга зохиол, театр, кино руу олон нийт өөрөөр хандаж эхэлж байна шүү.

-СУИС-д жүжгийн зохиолч, урлаг судлалын ангиудад мэргэжлийн хичээл зааж байна. Ер нь зохиолч бэлтгэн төгсгөж гаргана гэж байдаг юм уу?

-Уг нь тийм. Гэхдээ яагаад болохгүй гэж. Би энэ мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдэд нэг л төрлийн хэмжүүр тавиад байгаа юм. Тэр хүн мундаг театр судлаач, урлаг судлаач, сайн жүжгийн зохиолч болдоггүй юм гэхэд энэ чиглэлдээ сэтгэл зүрхтэй  хүмүүсийг бэлтгэж гаргах нь л чухал. Тодорхой цаг хугацааны дараа 20 хүүхэд төгсгөлөө гэхэд тэр дундаас хувь ерөөл, өөрийн чин хөдөлмөрөөрөө хочр жүжгийн зохиолч тухайн үеэ төлөөлөөд төрж гарах юм бол үйл хэргийн  маань үр дүн тэр.

Түүнээс биш бэлэн гоймонг савладаг шиг шууд хэрэглэгчдийн гар дээр очиж халуун ус хийгээд иддэг мэт тийм зүйлээр урлагийн харилцаа, зохиолчийн мэргэжлийг ойлговол дэндүү төвөгтэй.

-Утга зохиолын амьдрал гэснээс та саяхан болж өнгөрсөн «Утгын чимэг»- 2014 наадмыг хэрхэн дүгнэв ээ?

-Аливаа наадам уралдаан гэдэг утга зохиолын тодорхой бодит хэмжүүр биш. Гэхдээ юуг харуулдаг вэ гэхээр өнөөгийн хүүрнэл зохиолын богино хэмжээний төрлийн ерөнхий хөгжил, уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээг л харуулж буй үйл явдал. Энэ үүднээс ярих юм бол хоёр зүйл хэлэхийг хүсдэг. Нэгд, яруу найраг нь илүү давамгайлж буй энэ цаг үед бол хүүрнэл зохиол ямагт хоёрдугаарт тавигддаг. Аль нэг нь илүүтэй байгаа хөгжлийн асуудлаар ярих юм бол авьяастай хүмүүс нь хүүрнэл зохиолоо бичихгүй байна. Хоёрт, хамгийн ноцтой нэг зүйл бол зохиолчдын боловсрол  орхигдсон асуудал. Хүүрнэл зохиолоо бичиж буй зохиолчид  маань тэгэхээр хэлнээсээ илүүтэй сэтгэлгээний цар гэдэг зүйлээ олж харахгүй байна. Шилдэг гэж уншигдсан зохиолуудад сайн хэлтэй зохиолчид харьцангуй их байсан. Уламжлалт дүрслэлүүдийг шигтгэн дүрийг босгож ирдэг уран бүтээлчид байна шүү. Харин өөрийн гэсэн сэтгэлгээний өнцөг, өөрийн гэсэн сэтгэлгээний хэлтэй зохиолчид нэг ч алга байсан саяын наадамд. Энэ нь наадмынхаа түвшинг доош нь хийчихсэн. Гайгүй боловсролтой уншигч саяын арван өгүүллэгийг уншаад бараг л элэг нь татаж унахаар л юмнууд байна лээ. Мэдээж уралдуулж байгаа учраас нэг нь түрүүлж таарна. Харин түрүүлсэн өгүүллэгийн зохиолчийн хувьд арай өөр бодолтой байдаг. Зохиолчид хэлэндээ ихээхэн хайнга хандаж, монгол хэлний асуудал хурцаар тавигдаж байгаа үед хэл гэдэг зүйлийнхээ язгуурыг эзэмшсэн, түүнийгээ хэрэглэж чаддаг зохиолч байгаад болж байна л гэж боддог.

-Хэд хэдэн удаа уран бүтээлээ аман хүзүүдүүлж байсны хувьд тань асуухад хүүрнэл зохиолыг жүжигчид тайзан дээрээс уншихад     сонсогчдод ямархуу байдлаар, хэрхэн хүрдэг гэж боддог вэ?

-Нэлээд өөр бодолтой явдаг шүү. Хошин өгүүллэгийн уралдаанаар Туркууд нэг удаа туршсан юм. Зохиолч нь өөрийнхөө өгүүллэгийг уншаад үзэгч, шүүгчдийн таашаалаар шалгаруулдаг байсан. Одоо харин яаж байгааг нь мэдэхгүй.
Мэргэжлийн жүжигчин тэр зохиолыг унших, зохиолч өөрөө унших хоёрт бол ялгаа бий. Яагаад яруу найрагч шүлгээ уншдаг юм. Ялгаа юу байсан юм. Золбаяраар өөрийнх нь өгүүллэгийг уншуулж болно шүү дээ. Өрөө л бичсэн юм чинь өөрөө л хүнд хүргэнэ. Дамжлага орчихоор зохиолын  уран сайханд их нөлөөлдөг. Зарим сайн уншигчид муухан зохиолыг маш сайн болгож байна. Тайзны ярианд суралцаж буй хүмүүс бол сайн зохиолыг муудуулах нь их байна. Өөрийнхөө туршлагаас харахад зарим нь миний зохиолыг үнэхээр  өргөдөг байсан. Зарим нь дунд нь ээрч муураад, гацаад юу ч биш болгодог. Хүнд хүргэхээсээ эс юм болдог. Миний бодол бол «Утгын чимэг»-ийг өөрөөр хийж үзье гэвэл зохиолч нь өөрөө уншдагаар зохиовол маш сонирхолтой хэлбэр болно. Ядаж л зохиолчид амаа барихгүй байхгүй юу, шүүлтийн дараа ч.

-Шүүмжийн номыг худалдан авч уншдаг уншигчдын хүрээ хэр нэмэгдсэн бол?

-Нэг үеэ бодвол ялангуяа залуучууд маш ихээр авч уншиж байгаа. Манай нийгмийн амьдрал өөрөө их шүүмжлэлт сэтгэлгээн дээр суурилж байна. Ямар ч хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Улстөрийн амьдрал болохгүй байгаа учраас л хүн бүхэн улстөрийг шүүмжилнэ. Түүнтэй ижил утга зохиолын амьдрал болохгүй байгаа учраас олон сайхан залуучууд уран сайхны шүүмжийн төрөл рүү орж ирлээ. Ардчилал өөрөө юу юм бэ гэхээр, хүний эрх, эрх чөлөө гэхээсээ илүү хамгийн гол суурь үндэс нь чөлөөт шүүмжлэл дээр л тогтдог. Жишээ нь Америкийн дунд сургуулийн сургалтад эзэмшсэн байх ёстой нэгдүгээр чадварт шүүмжлэлт сэтгэлгээ гэж байдаг. Тэр чадварыг багш нар ямар ч мэргэжил, салбарын бай хамаагүй заавал суулгаж өгсөн байхыг шаарддаг. Тогооч ч байсан, токарчин ч байсан ижил. Тэгж байж нийгэм нь ардчилсан, элэн далангүй, чөлөөтэй, дээр нь чадвартай байна. Тэр хандалга одоо залуу үеийнхэнд маань төлөвшиж буй учраас шүүмжлэл сэргээд байгаа юм.

-Өөрийнхөө илэрхийлэхийг хүсдэг яруу найраг, яруу найргийн тань ертөнцийн талаар хөөрөлдвөл?

-Шүлэгт дуртай болсон гэх юм уу Яруу найргийг арай өөр төвшинд харах болсон цагаасаа хойш л суурин амьдрал, соёлжилт, хотжилтын мэдрэмж, сэтгэлгээг монгол яруу найрагт өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр бүтээе гэж зорьсон. Шүлгийн нийт есөн номдоо би амьдрал дотор байгаа давтагдашгүй гоо сайхныг, доторх мөн чанарыг нь тайлах юмсан, гүн рүү нь орох юмсан гэсэн хүслээ шингээсэн. “Металл хотын уянга” гэж сүүлийн шүлгийн ном байна. Хот гэдэг зүйл бол өөрөө харьцангуй төмөрлөг, металл зүйл юм. Гэхдээ тэр металл хэмнэл дотор зөөлөн уянга, хэмнэл байгаа шүү гэдгийг л олж харах хүсэл юм. “Би-Биоплазм шүлгүүд” ном ч ялгаагүй хотын их нүргээн дунд хүн өөрийнхөө  дотоод зүилсииг хаих эрэл.

-Гэтэл шүлгүүдийн тань бичигдсэн огноог харахад ихэвчлэн зусландаа бичсэн харагддаг?

-Хотод суугаад бичээд байхаар шүлгүүд ижилхэн болчих гээд байсан. Хэмнэл, арга барил энэ тэр нь. Тэгээд зайнаас нэг харж үзье гэж бодсон юм. Утааг нь уулын цаанаас харья. Суурь хотын мэдрэмжийг маань энэ байдал хэр их сэргээх нь вэ гэдгийг мөн турших байдлаар гэх юм уу даа. Сүүлийн дөрвөн түүвэр яг ингэж бичигдсэн.

-Шинэ жил ойртож байна. Та бага насныхаа шинэ жилийн мартагдашгүй дурсамжуудаас дурсаач?

-Би олон шинэ жилд орж үзсэн хур туршлагатай хүн биш л дээ. Харин амьдралд минь тохиолдсон гашуун түүх гэх юм уу дурсамжыг ярья. Найзтайгаа хүнсний дэлгүүрээс лууван
хулгайлаад банзан хашаанд үрж идэв ээ. Гэтэл манай сургуулийн багш бид хоёрыг барьж аваад дэлгүүрийн худалдагч эгч дээр очиж загнуулаад, сургууль орж захиралд ч загнуулахгүй юү. Тэгтэл сургуулийн шинэ жилийн баяр дээр далбагар малгай өмссөн, урт цаасан дуран барьсан хүүхэд дурандаад яваад л байлаа.

Тэгсэнээ «муу сурдаг Гочоо» гээд янз янзын юм яриад яваад байв. Би амьхандаа харагдахгүй гээд тэрүүхэндээ нуугдаад л байлаа. Гэтэл яг над дээр ирж дурандсанаа «аан дэлгүүрээс лууван хулгайлагч» гэж хэлэхэд бүгд нирхийтэл инээлдсэн. Дурангаар харж жигшүүлдэг байж л дээ. Түүнээс хойш би шинэ жилд ер нь их дургүй болсон шүү/ инээв/.

-Та шавь нартаа хамгийн түрүүнд давтан захиж хэлдэг ямар үг байдаг вэ?

-Хүн болгон л их хэлэх дуртай байдаг шүү дээ. Эхлээд хүн бол оо гэж. Бусдыг учиргүй таньж тайлахаасаа өмнө өөрийгөө тандаж, тань аа л гэж хэлдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Өглөөний сонин
Ц.Ариунтуяа

URL:

Сэтгэгдэл бичих