2014 оны онцлох эрхмүүд тодорлоо
Нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж, нийгэм, улстөр, эдийн засаг болон урлаг спортын салбарт бусдыгаа хошуулчилсан эрхмүүдийг ард олонтойгоо хамтран нийтэд танилцуулж, тэдгээрийн ажил үйлсийг алдаршуулдаг юм. Их бүтээн байгуулалт тэдгээрийг босгосон авьяас чадвар, нөр их хөдөлмөрийнх нь үр шимийг ард олонд түгээн алдаршуулах нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс энд ямар нэгэн улстөрийн шалтгаан болон бусад нөлөөлөх хүчин зүйл үгүй. Гагцхүү ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг санал асуулга, судалгааны үндсэн дээр тодруулдаг уламжлалтай.
Энэ ч утгаараа улиран одож буй 2014 онд нийгэмд тэргүүлсэн 14 хүнийг та бүхэнд танилцуулж байна. Дашрамд дурдахад энэхүү шалгаруулалтыг нэр бүхий мэдээллийн сайтууд хамтран улиран одож буй 2014 онд онцгой үйл явдал өрнүүлсэн, бүтээсэн эрхмүүдийг уншигчидтайгаа хамтран шалгаруулж байгаа юм. Тиймээс нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, удаа дараа тодорч байсан эрхмүүдийг тэгтлээ онцлохыг хүсээгүй. Учир нь өнөөдөр улсын төсөвт 208 тэрбум төгрөгийн татвар төлсөн нэрт бизнесмэн “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг онцлох нь зүйн хэрэг байж болно. Гэвч олны анхааралд тэгтлээ ороогүй, орж байгаагүй өөрийн болон гаднын хөрөнгөөр өнөө цагт нэн чухал эмнэлэг барьж буй “Ачлал” группийн захирал М.Билэгтийг онцлохыг илүүд үзсэн хэрэг. Нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйлийг бүтээсэн, тийм шийдвэрт хүрсэн эрхмүүдийг юу юунаас чухалчлах нь бидний зорилго байв.
Энэ мэтчилэн долоохон настай Е.Төмөртөгсхүүгээс эхлээд тив дэлхийг донсолгосон тамирчид, холлиувудад хөл тавьсан жүжигчин гээд улс орны бүү хэл дэлхийн анхааралд орсон олон хүмүүсийг нэрлэж болно. Нөгөө талаар сайн муугаа дуудуулж байдаг ч яах аргагүй өнгөрөн одож буй жилд ямар нэгэн байдлаар улс орны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргасан эрхмүүдийг улстөрийн салбараас нэрлэхээс өөр арга байсангүй.
Сайн муугаа дуудуулсан ч найман аймгийг хатуу хучилттай замаар холбох амаргүй ажлыг хүнд үед гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг оны онцлохоор нэрлэж таарна. Эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед зөв зүйтэй шийдвэр гаргаж, сөрөг хүчний байр сууринаас биш улс орныхоо эрх ашгийн төлөө улстөрийн намуудтай хамтран Засгийн газарт ажиллахаар болсон МАН-ын удирдлагуудыг ч түүхэн шийдвэрт хүрчээ хэмээн энд онцлохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр энэ нь хэн нэгэнд хамаагүй шийдвэр мэт харагдаж болох ч утга учрын хувьд, улс орны хувьд тулгамдсан үед улстөрийн намуудын эрх ашгийг үл тоон ийм шийдвэрт хүрсэн нь л онцлох үйл явдал болж байна.
1. Мөнхбатын Даваажаргал /Хакухо Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга/
Японы мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргал 32 дахь түрүүг улиран одож буй 2014 онд авснаар Японы мэргэжлийн сүмогийн түүхнээ рекорд тогтоосон Тайхо их аваргын амжилттай зэрэгцсэн юм. Ёкозүна Хакүхо ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эвдсэн нь дуулиан тарьсан. Яг энэ мөчид Мэргэжлийн сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн хэлсэн нь ч арлын орон төдийгүй дэлхий нийтэд шуугиан дэгдээсэн юм. Ид ухаан бяр нь жигдэрч байгаа насан дээрээ яваа М.Даваажаргалд ахиад олон түрүү байгааг гэдгийг манай бөхийн мэргэжилтнүүд үздэг юм.
2.Миеэгомбын Энхболд /МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга/
Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ цагт ууган улстөрийн хүчин УИХ дахь сөрөг хүчний үүргийг амжилттай биелүүлсээр ирсэн билээ. Тиймээс энэ хүнд цаг үе, хямралт байдлыг даван гарахын тулд эрх баригч намын урилгаар Засгийн газарт хамтран ажиллаж байна. Улстөрийн бусад хүчинтэй эв эеийг хичээж, улс орон ард олныхоо төлөө энэ Засгийн газрын алдааг нь засч, оноог нь арвижуулах халуухан үүрэг хүлээгээд байгаа юм. Энэ бүх ачааны хүндийг үүрч, ухаалаг шийдвэр гаргахад улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж байгаа М.Энхболдыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.
3.Гомбожавын Мэнд-Ооёо /Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч/
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо улиран одож буй 2014 онд Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг эх орондоо авчирсан сайхан тохиол байв. Энэ бол Монгол үндэсний бахархал. Энэхүү наадамд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн орон орны 50 гаруй яруу найрагч өрсөлдөж Монгол найрагч тодорчээ. Өөрөөр хэлбэл тив, дэлхий, олимпийн хэмжээнд хүрсэн наадам байв. Харин Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нар Монгол найрагчийн тоосонд үлдэж удаалснаас харвал Монгол найрагчийн зэрэг зиндаа, авьяас билэг хаана явааг төвөггүй харж болно. Энэ үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Европын дундах Крайова хотод надад олгож буй энэ шагнал нь Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюуны эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно” гэж хэлжээ.
4.Дуламсүрэнгийн Оюунхорол /УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд/
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 2014 онд хамгийн амжилттай ажилласан эмэгтэй улстөрч юм. Завхан аймгийн сонгогч иргэдийн дэмжлэгээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрбээр шинэ оны босгон дээр Шийдлийн Засгийн газрын багт орж ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллахдаа намаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. 2015 оны төсөв хэлэлцэх үед МАН-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж хямралын үеийн хэмнэлтийн төсөв болгосон.
Гурван ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа түүний санаачлан батлуулсан нийгмийн хамгааллын чиглэлийн буюу нийгмийн эмзэг хэсэг, гэр бүл, эхчүүд,эмэгтэйчүүд, ахмад настан, хүүхэд, залуус болон малчдыг дэмжих агуулгатай олон хууль өнөөдөр амьдралд хэрэгжиж, ард иргэдийн нэг хэсгийн амьдралд дэм тусаа өгсөөр байгаа. Өнгөрсөн онд ч өөрийнх нь ажил хэргийн имиж болсон хүний төлөөх энэ санаачлагаа идэвхтэй үргэлжлүүллээ. Төрөлх Завхан нутгийнхаа ард иргэдийн дэмжлэгийг гурван удаа хүлээсэн нь, эдийн засаг, нийгмийн амьдрал амаргүй энэ үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарыг удирдаж чадна хэмээн Монгол Улсын УИХ, МАН түүнд итгэл хүлээлгэсэн нь түүний улстөрчийн чансаа чангарч байгааг л харуулж байгаа юм. Д.Оюунхорол үнэхээр тууштай, дайчин, шударга, тэмцэгч улстөрч. Хамгийн гол нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хүний төлөө төрийн түшээ гэдгээ ажил үйлсээрээ нэгэнт баталж чадсан билээ.
5.Содномзундуйн Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд/
Нийгмийн хамгаалал, даатгалын салбарт мэргэшсэн улстөрч бол яах аргагүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мөн. Тиймээс тэрээр 2008 онд баянголчуудын итгэл хүлээн УИХ-ын гишүүн болж, улмаар 2012 онд ахин сонгогч олны итгэлийн өвөрлөн УИХ-д суусан юм. Тэрээр 2012 оны сонгуулийн үр дүнгээр “шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдахад өөрийн мэргэшсэн салбар нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр салбараа удирдах болсон. Саяхан улстөр, нийгмийн салбарт түүхэн шийдвэр гарч, эрх баригч АН Засгийн газар улстөрийн бусад бүх хүчнийг урьсан.
Тиймээс Ч.Сайханбилэгээр удирдуулсан “Шийдлийн” Засгийн газар байгуулж, танхимаа шинээр бүрдүүлсэн. Энэ үед Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын алба хашиж байсан С.Эрдэнийг энэ салбарт нь улираан томилсон нь огт санаандгүй хэрэг биш. Учир нь тэрээр нийгэм эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед өөрийн удирдсан салбараа чадварлаг удирдаж, өнөөдөртэй золгуулсан төдийгүй өнгөрч буй 2014 онд тус салбартаа олон шинэлэг зүйл бүтээсэн учраас С.Эрдэнэ сайдыг оны онцлох хүнээр тодрууллаа.
Тэрбээр УИХ-д улиран ажиллахдаа, Засгийн газарт улиран томилогдохдоо өөрийн мэргэшсэн салбарынхаа дагуу “Ахмадын эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” санаачлан ажлын хэсэг байгуулж байв. Мөн өнөөдөр хавтгайраад байгаа шагналын тоглоцоог цэгцлэх хуулийн төсөл нийгэмд хэрэгтэй олон хуулийн төслийг санаачилж хэрэгжүүлсэн нь яах аргагүй өнгөрөгч оны онцлох үйл явдал байв. С.Эрдэнэ сайд Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль гээд олон хуулийн төсөл санаачилж, бас хэрэгжүүлсэн гээд олон ажлын ард гарчээ. Тиймээс яах аргагүй 2014 оны онцлох хүнээр тодорч байна.
6.Цэрэнпилийн Даваасүрэн /УИХ-ын гишүүн/
Манай туршлагатай улстөрчийн нэг Ц.Даваасүрэн нь УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”-д багтаж байгаа билээ. Тэрээр парламентад хоёр дахиа хөвсгөлчүүдийнхээ итгэлийг хүлээн суугаа юм. Социалист нийгмийн үед буюу 1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлынхаа гарааг эхэлж байсан тэрээр 1995 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэнээр дэвшиж улмаар тэрээр улстөрийн албан тушаал тэр тусмаа эдийн засгийн чиглэлд ажиллаж ирсэн юм. УИХ-д хоёр удаа сонгогдсон тэрбээр Төсвийн байнгын хорооны даргаар хоёр ч удаа ажилласан. Тиймээс Ц.Даваасүрэн нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед байнгын хороог чадварлаг удирдаж, төсөвт хэмнэлт үзүүлэх талаар ч өөрийн оновчтой шийдвэрүүдийг гаргажээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Бие даагчдын зөвлөл”-өөр дамжуулан бусад улстөрийн хүчнүүдийн алдааг нь шударгаар шүүмжилж, оноог нь дэмжин ажилласан учраас 2014 оы онцлох хүнээр нэрлэж байна.
7.Жамъянгийн Мөнхбат /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
Монголын нийгэм эдийн засгийн байдал тун эгзэгтэй байгаа энэ цаг үед улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж, сөрөг хүчний байр сууринаас гэхээсээ илүүтэй бусад улстөрийн хүчинтэй хамтран ажиллахад онцгой үүрэг гүйцэтгэсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна. Тэрээр энэ чухал цаг үед бусад улстөрийн хүчинтэй удаа дараа хэлэлцүүлэг явуулж, улмаар парламентад суудалгүй намуудтай үндэсний зөвшилцөл явуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг улстөрийн хүрээнийхэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.
8.Магваны Билэгт /“Ачлал” группийн захирал/
“Ачлал” группийн захирал М.Билэгт нь 20 жил хөдөлмөрлөж байж олсон хөрөнгөөрөө Монголд орчин үеийн жишигт нийцсэн хавдрын эмнэлэг барихад зарцуулаад байгаа аж. Тэрээр 2011 оноос “Ачлал оточ” төсөл хэрэгжүүлэн, дэлхийд тэргүүлэгч технологитой Япон улсын эмнэлгийн менежментийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ. Хавдрын өвчлөл ихэссэн энэ цаг үед төрөөс нэг ч төгрөг таталгүй Японы хөрөнгө оруулалт хувийн хөрөнгөөр эмнэлэг барьж байгаа учраас 2014 оны онцлох хүнээр тодроод буй. Нөгөө талаар гаднын хөрөнгө оруулалт асар ихээр буурч, Монгол Улс руу ирэх мөнгөний урсгал татарсан энэ цагт гаднаас хөрөнгө татаж, эмнэлэг барина гэдэг маш том ажил юм. Хамгийн гол нь хавдрын өвчлөл ихэсч, нас залуужсан үед ийм том хэмжээний төсөл амжилттай хэрэгжүүлж, түмэн олондоо тус хүргэнэ гэдэг юу юунаас чухал билээ.
9.Жазагийн Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд асан
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа манайд өвчлөл нь ихэсээд буй элэгний өвчинтэй тэмцэж, элэгний С вирусын эсрэг эм бэлдмэл оруулж ирэх ажиллагааг зохион байгуулсан билээ. Элэгний С вирусын эсрэг Софосбувир эмийн материалыг эмийн компаниас өнгөрсөн долдугаар сард бүрдүүлж өгсөн. Энэ дагуу салбарын яамны Хүний эмийн зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэгдсэн байна. Тиймээс тус эм бэлдмэлийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх болон бусад олон ажлыг эхлүүлсэн ч улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэрээр энэ чухал цаг үед С вирусын шинэ эмчилгээний тухайд өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт элэгний чиглэлээр мэргэшсэн ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС, ШУА, АУА, НЭМГ, АУХ, Улсын 1,2–р төв эмнэлэг, Интер мед, Гранд мед зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид оролцсон юм.
Энэхүү нэн чухал ажлыг Монгол Улсад эхлүүлж улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч шинээр томилогодоод буй Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад энэхүү үндэсний хөтөлбөрөө өргөн барьсан юм. Тодруулбал, өөрийнхөө эхлүүлсэн энэ ашиг тустай ажлыг салбартаа өвлүүлэн үлдээсэн юм. Ж.Амарсанаа хэлэхдээ “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг онцолж байсныг уншигч та санаж буй.
10. Ганбатын Болдбаатар /дэлхийн аварга Гавьяат тамирчин жудоч/
ОХУ-ын Челябинск хотод болж буй Жүдо бөхийн ДАШТ-ий 60 кг-ын жингийн ангилалд ОУХМ Г.Болдбаатар алтан медаль тус төрөлд Монголоос төрж буй гурав дахь дэлхийн аварга болсон амжилтаараа 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тухайн үеийг сануулбал, ОУХМ Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг ялан, гуравдугаар тойрогт Тайванийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановыг нутгийн дэвжээн дээр нь ялсан юм
11.Норовын Алтанхуяг /УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан/
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нь нийгмийн салбарт үр дүнтэй ажиллаж, нийт найман аймгийг хатуу хучилттай замаар холбосон билээ. Тэр тусмаа эдийн засгийн байдал сайнгүй энэ цагт үед бүтээн байгуулалтад томоохон үүрэг гүйцэтгэснээрээ 2014 оны онцлох хүнээр тодорч байна.
12. Норовын Тэгшбаяр /Цөмийн энергийн газрын дарга/
Урьд өмнө төдийлөн ойлголтгүй байсан цөмийн салбарт эргэлт хийж, энэ салбарыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг 2014 оны онцлох хүнээр тодруулж байна. Тэрээр цөмийн технологийн дэвшил гээд бүхий л талаар арга хэмжээ зохион байгуулж, гадаад дотоод харилцааны тал дээр шинэ дэвшил бий болгосон билээ. Хэдийгээр энэ агентлагийг татан буулгах харалган шийдвэр гарсан ч энэ салбарт шинэ дэвшил хийсэн нь цөмийн салбар цаашид манайд хөгжих томоохон алхамыг тавьсан юм.
13.Есөнтөмөрийн Төгстөмөр /шатарчин/
Оюун ухааны их мастер гэх алдарт хэргэмийг долоохон насандаа хүртсэн шатрын спортын дэлхийн аварга Е.Төгстөмөрийг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.
14. Балжиннямын Амарсайхан /СТА жүжигчин/
Манай залуу жүжигчин Б.Амарсайхан Холливудын ертөнцөд хөл тавьж, кинонд тоглосон ахны монгол хүнээр тодров. Б.Амарсайхан нь “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг чадварлаг бүтээсэн учраас тэрээр 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тиймээс жүжигчин Б.Амарсайхан нь “Марка поло” киноны нээлтэд оролцож холливудын ододтой мөр зэрэгцэн улаан хивсний ёслолд оролцов. Тэр үүгээрээ монголчуудын авьяас билэг аль хэдийнээ дэлхийн тавцанд гарсныг зарлаж чадсан билээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэгшбаяр нтр бол илүүц шдээ
Ямар инээдтэй баагийнууд вэ? Алуурчин Эрдэнэ, газрын наймаачин Энхболд, учраа мэдэхгүй нусан жур Мөнхбат, монголоо сөнөөсөн Алтанхуяг……. тэнэ юу болж байна?