Би АРДЧИЛАЛД хайртай

465652Ардчилалд ч гэж дээ эрх чөлөөнд хайртай юм. Хайртай эрх чөлөөг минь ардчилал олгосон болохоор бас хайрлах ёстой байх л даа. “Хайрынхаа” түүхийг яръя.
Социализмын төгсгөлийн жилүүдэд сургууль төгсөж, зураач болоод ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох гэж байгууллагын ажилчдын гуанзны хана, шинэ жилийн арга хэмжээний тайз, намын ухуулгын самбар мэтийг халтуурдан “баяжих” эрмэлзэлтэй мань мэтэд социалист нийгэм маань нэг л биш ээ гэдэг санааг анх Жанатхаан хэмээх сэргэлэн казах ахад тохиолдсон явдал төрүүлсэн билээ. Үнэн овсгоотой, хөдөлмөрч, авъяастай ах маань “Идей байхад идэх хүн үргэлж олддог юм шүү” хэмээн сургамжлана. Ахад тохиолдсон явдлыг хүүрнэхэд одоо олон хүн итгэхгүй л дээ. Тийм л гаж нийгэм байсан юм.
Жанат ах  Урчуудын эвлэлийн гар урлалын тасагт зэс хөөмөл цохидог байв. Ажилдаа сайн учир ЗХУ руу мэргэжил дээшлүүлэхээр явжээ. Зэс хөөмлөөрөө алдартай Гүржид очиж, суралцахдаа эр, эм хэв гэж юм мэдээд ирсэн ажээ. Тэгээд мань эр хэв шахах суурь машиныг өөрөө хийгээд ажлаасаа гарч одоогийн хэлээр жижиг үйлдвэрлэл эрхлэх болсон юм. Дарь эхийн овооны дээхнэ 2 давхар байшинтай, доод давхартаа үйлдвэрлэлээ явуулдаг байв. Нэг галч, хоёр туслах ажилтан хөлслөнө. Ахын хийсэн зэс хөөмлүүд бэлэг дурсгалын дэлгүүрүүдийг дүүргэв. Айл бүрт шахуу бурхдын зэс хөөмөл байсан нь Жанатын жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүн байсан бөлгөө. Гэтэл Жанат ахыг хөлсний хөдөлмөр эрхэлсэн, бусдыг мөлжсөн хэргээр баривчиллаа. Албан бусаар хөдөлмөр эрхлэхийг тэр цагт хориглож, дорд үзэн халтуур гэж нэрлэдэг байсан юм. Нилээд удаан шоронд суулгаж байцаасны эцэст хэргийг яаж шийдэхээ мэдэхээн болиод сулласан юм. Юу болсон гэхээр нөгөө “мөлжигдсөн” галч, туслах ажилтнууд бүгд “сайдын цалин авч байсан учраас Жанатад ер гомдолгүй” гэж мэдүүлжээ. Төр засаг нь яг тэдэн шиг ажилтай хүмүүст 450-600 төгрөгийн цалин өгч байхад Жанатхаан 1000-1500 төгрөгийн цалин өгөөд, дээр нь ажлын үр дүнгээс хамаарсан шагнал өгдөг байлаа. Мөлжүүлчихлээ гээд өмнөөс нь санаа зовсон төрд ичих ээлж ирэв. Бидний өгдөггүй цалинг өгчихсөн байхад шийтгэх хаашаа ч юм болж. Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхэлж, мөнгө олох хууль байхгүй тул үйл ажиллагааг нь хаасан юм.  Энэ явдал бага жаахан бидэнд их л утгагүй санагдаж байлаа. Яаж илүү хэдэн төгрөг олоод, зах дээр үнэ хадсан жинс, пүүзийг авч өмсөх вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явсан надад Жанат ах баатрын дүрээр л буудаг байсан. Куртка, өмд оёод зах дээр зарж мөнгө цохьдог Баатрын ах(Д.Төрмөнх), Туулын ах(Х.Баттулга) нар бол бидний шүтээн байлаа. Тэдэн шиг байж чадахгүй ч өөрсдийнхөө хэмжээнд мөнгө олчих гээд энд тэндхийн ханан дээр хос хун, адуу малтай байгаль мэтхэнийг шөнөөр зурж явлаа.
Тун удалгүй “утгагүй нийгэм” нуран унахад Жанат ах баяжих шиг л болсон билээ. Зураач нараас хамгийн баян хүн нь болж Талбайн баруун талд хувийн бэлэг дурсгалын дэлгүүр анх нээсэн юм. Өөд болсон өөдрөг казах ах маань хүн өөрөө хичээвэл юунд ч хүрч болдгийг амьдрал дээр харуулж сургаж өгсөн, тэр хүний ачаар би хийх, олох эрх чөлөөг үнэлэх чадвартай болсон билээ.
Тийм болохоор бидний хэдэн зураач бацаанууд Баянаагийн ах А.Амарсайхан ардчилсан хувсгалын тэргүүнд эгнээнд яваад бахархаж, чадах чинээгээрээ туслах гэж уриа лоозонг нь шөнө дөлөөр гэрийнхээ шалыг балиартуулан байж бичиж өгдөг байлаа. Амраа ах зөв л юм ярьж, хийж яваа гэсэн итгэлээс өөр их юм ойлгоогүй явсан. Хүмүүст чадал, боломж байгаад түүнийгээ ашиглаж чадвал ямар ч хориг хязгаар тавьдаггүй тийм нийгэм гэдэг л хамгийн чухал санагдаж байсан.
Эрх чөлөөнд хайртай болохоор хааяадаа хүмүүс хуучин цагт сайхан байсан гэж ярихаар би эгдүүцдэг. Худлаа шүү дээ. Дуртай хувцсаа өмсөж болохгүй, тэрийгээ авах мөнгийг олж болохгүй тийм балай нийгэм байсан. Миний хүү супермаркет байгаагүй, жийнс авах гээд дэлгүүр байхгүй хар захаас сарынхаа цалингаар шахуу үнээр авч байсан гэхээр огт итгэдэггүй юм. Аавыгаа хошигнож, хэтрүүлж байна л гэж боддог.

 

Чойномын тухай домог шиг яриа тархан, шүлгийг нь нууцхан уншиж байсан гэхээр өнөөгийн залуус ойлгохгүй. Учир нь тэдэнд Чойномын үгс багш, захирлынхаа нүүр лүү харж байгаад чанга хэлж чадах үгс нь юм. Хүний хамгийн бодитой бус мэдрэмж нь цаг хугацаа байдаг гэж эрдэмтэд хэлэх юм билээ. Туулаад өнгөрсөн, ахиад тулгарахгүй зовлон болохоор одоо эдлэж яваа зовлонгоос илүү амар, магад сайхан ч санагддаг байж мэдэх юм. Тэрнээс биш сайхан юм их байгаагүй л санагддаг. Би оюутны намрын ажилд дайчлагдахдаа дургүй байлаа, пионерийн цуглаан гэж бас нэг албадлагын ёслолыг үзэн яддаг байлаа, хамгийн гол нь цалингаас өөр орлого олох боломжийг хориглож байгааг огт ойлгодоггүй  байсан юм. НҮБ Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж юмыг аль дээр гаргасан, тэрэнд нь миний хүсээд байгаа эрх чөлөө, эрх тусгагдсан гэх зэргийг огт мэдэхгүй ундууцахаас өөр шидгүй л явсан.
Амраа ахын найзууд цуглаан хийх гэж байна гэхэд өглөө давхиж очоод л мэдсэн юмдаг. Тэр бол 1989 оны 12 сарын 10-ны өдөр байлаа. Тэр өдрөөс хойш би хүссэнэээр амьдарсан. Чадсан бол минийх, алдсан бол бас минийх.  Энэ бол миний эрх чөлөө. Би үүндээ хайртай.
Мэдээж хэрэг ардчилсан үйл явц өөлөх юмгүй сайхан байгаагүй. Надад таалагдахгүй юм зөндөө л байдаг. Төр хэт данхайж юм бүхэнд оролцох гээд байгаа нь надад таалагддаггүй. Насанд хүрсэн хүн архиа ууна уу, тамхиа татна уу хэнд хамаатай юм. Порно үзнэ үү, поп сонирхно уу хэнд тээртэй юм. Мөрийтэй тоглон уу, мөөмөө гаргана уу өөрийнх нь хэрэг л баймаар. Шөнөжин бүжиглэх, үүр цайтал дугжрах эсэхээ хүн өөрөө л мэддэг баймаар. Гэтэл энэ бүхнийг төрөөс зохицуулаад байгаа нь таалагддаггүй. Ардчиллыг сонгуулиар хязгаарлаад, либераль ардчиллаас ухарч байна гэж би боддог.
Улаанбаатарт сая жуулчин ирээсэй гэх мөртлөө жуулчны бүх хүслийг хясах журам гаргаад байдгийг би таашаадаггүй. Одоо мөрдөж байгаа хууль журмаар бол монголд винайн ёсыг бүрэн сахисан гэлэн сахилтай хүн л ирэхээр байгаа. Архи no, тамхи no, бүжгийн талбай no… бүх юманд no гээд байхад энд хэн ирж, амарч зугаацах юм бэ? Эсрэгээр аялал жуулчлалын бүх том төвд бүхнийг чөлөөтэй байлгаж байж л хүн очиж байгаа шүү дээ. Лас Вегас гэхэд л “Вегаст болсон юм Вегастаа үлдэнэ” гэдэг уриатай, өөрсдийгөө нүглийн хот гээд нэрлэчихсэн сууж байдаг. Тэнд эрх чөлөөтэй байлаа гээд замбараагаа алдаад, завхраад дууссан юм л байхгүй. Улам л цэцэглээд байдаг. Гэх мэтээр шүүмжилж, исгэрч чадаж байгаа минь сайхан. Би энэ эрх чөлөөндөө, үүнийг авчирсан АРДЧИЛАЛДАА хайртай.
Төр бизнест хутгалдаж, хэт олон тусгай зөвшөөрөл тарааж байгаад би дургүй. Энэ бол ардчиллын хамгийн гол зүйл бизнес эрхлэх эрх чөлөөг хумиж, дарамталж байгаа хэрэг л гэж үздэг. Иргэний нийгэм гэдэг нэгдүгээрт бизнесийнхэн, хоёрдугаарт бизнесийнхэн, тавдугаарт төрийн бус байгууллагууд ордгийг бид мэддэггүйд би бухимддаг. Бизнес бол энэ хорвоо дээр байгаа хамгийн бодитой зүйл, эрх чөлөөний суурь гэдгийг үгүйсгэгч ардын баатруудыг олноор төрүүлдэгт нь би ардчилалд ундууцдаг. Наанаа эх орон гэж хашгираад цаанаа мөнгө, албан тушаал горьдож жагсдаг популистуудын амьдрах таатай орчин болдогт нь би ардчилалд зэвүүрхдэг. Гэхдээ нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэж хэлж чадах хүмүүс илүү олон байдагт итгэдэг. Хөдлөж байвал, ажиллаж чадвал сайхан амьдрах бололцоог нээдэг нь би АРДЧИЛАЛД хайртай.

 

Хууч хөөрч, “хайраа” илчилсэн Р.Батсайхан

Эх сурвалж: Үндэсний тойм


URL:

Сэтгэгдэл бичих