Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч шилдгүүдийг тодруулжээ

ub

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооны ээлжит хурал өнгөрсөн пүрэв гаригт болж Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн шинэчилсэн төслийн тухай, Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачлалын тухай болон “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулсан дүнгийн тухай хэлэлцсэн байна.

 

 

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэн найруулсан төсөл, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачлалын талаар  МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн мэдээлэл хийсэн бөгөөд Үндэсний хорооны гишүүд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэх үнэлгээ хийх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэн найруулгатай уялдуулах, үйлдвэрлэлийн осол бүрийг осолд тооцох, нэр томьёог нэг мөр болгох зэрэг асуудлыг анхаарах хэрэгтэйг онцлоод төслийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос санал авч дахин сайтар боловсруулах нь зүйтэй гэж үзжээ.

Ажлын байрны эрсдлийн аргачлал  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4.  дэх заалтыг хэрэгжүүлэхэд болон томоохон аж ахуйн нэгж байгууллагын ажлын байранд  учирч болзошгүй хохирлоо урьдчилан таниж, түүний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг боловсруулах, аюулгүй ажиллагааны зөв зохион байгуулалт бий болгох, дотоод хяналтыг сайжруулахад хэрэгтэй аргачлал болжээ хэмээн тус хорооныхон үзэж дэмжих нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага  шалгаруулах журам”-ын  дагуу шалгаруулалтыг явуулсан дүнгээ Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс танилцуулсан юм. 2014 оны Эрүүл аюулгүй ажлыг байрыг эрхэмлэгч байгууллагыг том, дунд, бага аж ахуйн нэгж гэсэн ангиллаар нийт есөн байгууллагыг дараах байдлаар шалгаруулжээ.

“ТОМ” ААНБ-д:

1. “Эс Си Ти Эм” ХХК  /барилгын/

2. “Болд төмөр Ерөө гол” ХХК  /уул уурхайн/

3. “МАК” ХХК-ийн Нарийн сухайтын уурхай

 “ДУНД” ААНБ-д:

1. “Терра Энержи” ХХК  /уул уурхайн/

2. “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

3. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

 

 “ЖИЖИГ” ААНБ-д:

1. Орхон аймгийн тавдугаар цэцэрлэг

2. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК   /Сүхбаатар аймаг/

3. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /Баянхонгор аймаг/


URL:

Сэтгэгдэл бичих