“Асар их үнээр ухааралд хүрлээ”

55626556 Хувь хүн, албан байгууллага бүр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, алдаа оноогоо  дэнсэлж байна. Энэ цаг мөчид УИХ 2014 онд хэрхэн ажиллав, хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэр биелүүлэв гэдэг асуултад намуудын төлөөллийн байр суурийг сонирхлоо.

Ж.Энхбаяр: Асар их үнээр ухааралд хүрлээ

-Үндсэндээ 2014 он улстөржсөн жил болж өнгөрлөө шүү дээ. Хоёр үзэл бодол мөргөлдсөн. Нэг ёсондоо Монгол Улсад нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдал бий болсон. Түүнийг нь эрх баригчид хүлээн зөвшөөрсөн жил боллоо. Энэ хямралт байдлаас гарахын тулд улс төрийн намууд хувь эрх ашгаа хойш нь тавьж, улс эх орныхоо төлөө их эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж эхлэв. Нэг талаа ухаарлын жил боллоо гэж ойлгож байна. Бид асар их үнээр энэ ухаарал, зөвшилцөлд хүрлээ шүү дээ. Сүүлийн арав гаруй жилд буюу үндсэндээ арав гаруй жилийн үр дүнд нийгэм, эдийн засгийн амьдралд гарсан ололт амжилтаа бид хоёр жил хагасын хугацаанд унагааж, үрэн таран хийж авсныхаа дараа арай гэж ухаарч, хүлээн зөвшөөрлөө. Үүнийхээ дүнд шинэ Засгийн газрыг бүрдүүллээ. Одоо бидэнд хугацаа бага үлдсэн. Жил зургаан сар. Энэ хугацаанд нэлээд эрчтэй ажиллах шаардлага гарч байна. Энэ жилийн хувьд олон ажил урагшаа явж чадсангүй ээ. Яг эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэтгэлцээн л хүчтэй өрнөлөө. Гэхдээ үүний үр дүнд зөвшилцөл бий болж, ойлголцолд хүрч чадлаа. Хүндрэлийг хүлээн зөвшөөрлөө. УИХ хууль тогтоох ажлаас илүү 90 хувьд нь улстөржилт л явлаа шүү дээ. Одоо цаашдаа жолоодлогогүй унаж байгаа эдийн засгийн уналтыг зөөлөн газардуулах нь нэн тэргүүний зорилт болоод байна. Эдийн засгийг өсгөх тухай ярихад эрт, харин уналтыг зөөлөн газардуулах эхний асуудал. Улмаар байдлыг тогтворжуулах, үүний дараа өсгөх тухай ярих учиртай.

Д.Батцогт: Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд уурлаж, бухимдсан жил байлаа

-УИХ хэрхэн ажилласан талаар янз бүрийн зүйлийг хэлж болно. Гэхдээ2014 оны хувьд эдийн засаг хүндрэлтэй байлаа. Энэ хүндрэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн уур бухимдал их байв Төсвийн орлого нэлээд их хэмжээгээр тасарсан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын ажлууд багагүй саатсан. Засгийн газрыг огцруулсан. Бүхэлд нь авч үзвэл 2014 он нэлээд хөл хөдөлгөөн, хэрүүл тэмцэлтэй жил боллоо. Гэхдээ монгол хүн амныхаа бэлгээр гэдэг. Хэчнээн эдийн засаг хүндрэлтэй байгаа боловч том утгаар нь авч үзвэл морь жил ивээл хишгээ хайрласан. Харин УИХ хууль тогтоох үндсэн чиг үүргээ сайн биелүүлсэн гэж үзэж байгаа. Бид олон томоохон хуулийг шинэжилж, баталлаа. Олон хуулийн өөрчлөлтийг хийлээ. Төрөөс баримтлах олон баримт бичгийг УИХ-ын тогтоолын хэлбэрээр баталж гаргалаа. Нэг ёсондоо УИХ бүхэлдээ эдийн засгийн холбогдолтой, суурь томоохон шинэтгэл дээр хангалттай олон хууль баталсан. УИХ энэ жил үүргээ хангалттай биелүүлсэн гэж дүгнэж байна. Элдэв осол гамшиггүй, бусад улсад гарч байгаа шиг олон хүнийг хамруулсан гамшгийн хэмжээний гай барцад тохиосонгүй, тайван сайхан жил байлаа. 2015 онд бэлгэшээлтэй жил гарч байна. Монголчууд бид хонийг халуун хошуутай мал гэдэг. Тэгэхээр хонь жил бидэнд буян заяагаа өгч, улсын эдийн засаг маань сэргэж, ард иргэдийн амьдрал мэдэгдэхүйц дээрдэх байх гэж найдаж байна. Хонь өөрөө тайван амьтан учраас төр засаг маань ч мөн адил үймэхгүй сайхан жил гарах байх гэж бодож байна.

Н.Батцэрэг: Томилгоо давамгайлсан жил боллоо

-Эдийн засгийн тодорхой хүндрэлүүд байгаа. Нийгэмд хуримтлагдсан олон асуудал байгаа гэдэг утгаар нь харвал дандаа томилгоо давамгайлсан жил болов уу гэж харж байна. Сайд нараас авахуулаад Засгийн газрыг огцруулах гээд шинээр томилгоо хийх асуудлаар цаг их зарав уу гэдэг шүүмжлэл олон нийтийн дунд байгаа нь зөв. Нөгөө талаас харвал УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд улс орны өмнө тулгамдсан олон чухал асуудалд анхаарлаа хандуулж чадсан уу гэвэл тодорхой хийсэн ажлууд байгаа. 2014 оныг бүтнээр нь эргэж харвал өнгөрсөн хаврын чуулганаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо илүү таатай болгох, бизнесийг идэвхжүүлэх, үнэт цаасны тухай хуулийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг олон арга хэмжээг авсан. Гэхдээ тухайн хууль тогтоомж гарсан даруйдаа үр дүнгээ өгдөггүй учраас мэдээж жаахан хүлээх ёстой байх. Парламент өөрөө улс төрийн халуун мэтгэлцээн, зөрчил, заримдаа улс төрийн хатуу тэмцэл дунд явдаг. Тийм учраас энэ байгууллагын ажлыг нэг өнгөөр тодорхойлж болохгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний нэг төсвийн байгууллагтай адилтгаж болохгүй байгууллага шүү дээ. Гэхдээ парламент өөрөө ард түмнээр дүнгээ тавиулдаг учраас сонгуулиар л ажлынх нь үр дүн гарна. Тиймээс парламентыг бүрдүүлж байгаа бүлгийн даргын хувьд сайн эсвэл муу ажилласан гэх нь зохимжгүй. Харин болсон үйл явдал, фактыг дурдахад хавар, намрын чуулганд анхаарал хандуулсан олон ажил ч бий. Бас томилгоо, сандал ширээний асуудал илүү давамгайлсан өдрүүд ч байлаа.

 

М.ӨНӨРЖАРГАЛ


URL:

Нэр: Сайнаа Огноо: 22 February 2015

ЭНХБАЯР ТА ИХ УХААРАЛ ГЭНЭ ӨӨРӨӨ ИХ БУДИЛААНЫ ГАДАА ЯВСАН ЮМ ШИГ ХАРИН Ч ИХ БУДИЛААНЫ ТОМХОН ТУСЛАХ ДҮРД ТОГЛОЖ ЯВСАН ГЭДГЭЭ МАРТАХ ХЭРЭГГҮЙ ЧИНГЭС БОНДТОЙ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ ХАЛАМЖИЙН БОДЛОГО ЯВАГДАЖ БАЙХАД ГАН ГЭЭГҮЙ ,ДУНДАН ОРЧИХСОН “ЦОХИЖ” ЯВСАН БИЗДЭЭ УГ НЬ ШАГГҮЙ ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУ БАЙЖ БИТГИЙ ИНГЭЖ ӨӨРИЙГӨӨ ДООШОО ХИЙСЭН ЮМ ЯРЬ ТАНЫ ЯРИСАН ЭНЭ ЗҮЙЛИЙГ ХУДЛАА “ЭХ ОРОНЧИД”-ООС ЭХЛЭЭД ХОНИНИЙ БЭЛЧЭЭРИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭДЭГ ХҮМҮҮС ЯРИХ ЁСТОЙ ТЭДНИЙ ОРОН ЗАЙН ТОГЛООД БАЙВАЛ ТА ТЭДНИЙ НЭГ БОЛНО ШҮҮ ЁР НЬ ТОМ ХАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ НАМЫН” ХӨӨРХӨН ХҮҮХЭЛДЭЙ” НЭГ БОЛОХ ТАЛ РУУГАА ЯВНА НАМААС ДЭЭГҮҮР ХАРАХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛВЭЛ НАМ ЧИНЬ ХЭРЭГТЭЙ ТУЛГА ТОЙРСОН ХОНЧИН ӨВГӨД ЭРГЭН ТОЙРОНООС ЧИНЬ ТОМ ХАРЖ БАЙГАА ШҮҮ ЭРГЭН ТОЙРОН ЧИНЬ ШАГАЙ ТОГЛОСОН ХҮҮХДҮҮД БАЙХАД САНААЧЛАГААРАА ХУРГАА ЭРГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Сэтгэгдэл бичих