Зээлээр анх удаагаа орон сууц худалдан авсан ч татварын буцаан олголтод хамрагдах боломжтой

01.23a

Сар бүр улсдаа татвар төлдөг, тогтмол орлоготой, эрхэлсэн ажилтай иргэдэд  зарим төлбөрөө эргүүлэн авах боломжийг хуульчилсан байдаг. Орлогын албан татвар төлдөг бол та анх удаа амьдран суух зориулалтаар байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан болон хувьдаа орон сууцны барилга бариулсан бол тодорхой хэмжэээний мөнгө улсаас эргүүлэн авах боломжтой. Зарим иргэдийн мэдээлэлгүйгээсээ болоод алддаг боломжуудын нэг нь энэхүү татварын буцаан олголт байдаг. Харин боломжийг алдахыг хүсээгүй иргэд бичиг баримт бүрдүүлэх үе шатнаасаа эхлээд шантрах тохиолдолд олон гардаг байна. Хэрвээ бүрэн дүүрэн мэдээлэл байвал байр худалдан авахдаа дараах хэд хэдэн зүйлийг сайтар анхаарч байх хэрэгтэй. Эхний жил хөнгөлөлт эдлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Нийт 12 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ. Харин дараагийн жилд эдгээрийн ихэнх нь шаардлагагүй болж 5-6 төрлийн бичиг бүрдүүлнэ.

Эхний жил орон сууцны төлбөрт өгсөнөөс хөнгөлүүлэхэд:

 

  • Чөлөөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт /бичгээр үйлдсэн байх/
  • Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
  • Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /эх хувиараа байгаа тохиолдолд нотариатаар баталгаажуулахгүй/
  • Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт /гэрээг нотариатаар баталгаажуулах/
  • Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ / Энэ нь орон сууцны барилгыг захиалан, худалдан авахад байгуулсан гэрээний хуулбар. Хэрэв гэрээ гэр бүлийн гишүүний нэрээр байгуулсан бол гэр бүл болохыг батлах бичиг баримт.
  • Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтууд. Хэрэв бэлэглэлийн орлого хүлээн авсан бол бэлэглэгч этгээдийн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлан авчрах.
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны албан татвар төлсөн баримт
  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр. Оршин суугаа дүүргийн татварын албанаас авсан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт орлого, татвараа бүртгэж, тэмдэгдэл хийж баталгаажуулсан байх
  • Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт.
  • Тухайн иргэний харилцдаг банк, дансны дугаар

Гол үр дүн нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгөөд гурван сая хүртэл төгрөгийн буцаан олголтыг  татвараа хэрхэн төлж байснаас хамааран тооцоолуулж жил дамнуулан эсвэл нэг жилдээ багтан авах боломжтой. Гэхдээ энэ нь олон жилийн өмнө худалдан авч байсан байрныхаа мөнгийг тооцоолж, түүнээсээ хөнгөлөлт авахыг тооцохгүй гэдгийг санаарай.

Иргэдийн гаргадаг нийтлэг алдаанаас зайлсхийж, дараах зүйлсийг анхаараарай.

  1. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу иргэн тухайн жилд олсон  орлогоосоо хувь хүний орлогын албан татвар төлсөн тохиолдолд хуулинд заасан хөнгөлөлт чөлөөлөлтийг эдэлдэг. Хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр, амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих юм уу худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс ДЭЭШГҮЙ хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлөхөөр заасан.
  2. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу татвар төлөгч иргэн дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны дотор жилдээ нэг удаа  тайлагнадаг онцлогтой. Тухайлбал: 2012 оны тайланг 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ны дотор тайлагнана гэсэн үг.
  3. Худалдан авч байгаа орон сууцыг ямар орлогоор худалдаж авсан, тэр орлого татвараар угаагдсан орлого уу, угаагдаагүй орлого уу гэдгийг тодорхойлоход зарим нь татвар төлөөгүй орлого байдгаас гадна  үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 2%-ийн татвар төлсөн баримт байхгүй тохиолдол цөөнгүй. Буцаан олголтын мөнгийг тухайн татвар төлөгч иргэний өөрийнх нь нэр дээр байдаг данс руу нь шилжүүлэх ёстой. Гэтэл иргэд аав, ээж, эхнэр нөхрийн дансаа өгснөөс буцаж, хугацаа алдах асуудал гардаг. Иймд иргэд аль банкинд данстай юм, түүнийгээ зөв өгөх шаардлагатай.
  4. Тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ондоо багтаж гараагүй тохиолдолд дараа онд чөлөөлөлтөд хамрагдаж болно.
  5. Иргэд хувьдаа орон сууц барьсан тохиолдолд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн байх ёстой. Хэрэв иргэн хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй бол хувийн орон сууц барихад зарцуулсан материалын баримтыг авчирч болно. Баталгаатай үнэн зөв баримт байхыг анхаарах хэрэгтэй. Тэр тохиолдолд татварын алба анхан шатны баримтыг хүлээн зөвшөөрнө.

 

 

Ингээд ойлгоход илүү хялбар байдлаар дараах жишээг авч танилцуулъя.

 

Иргэн Бат анх удаа 100.000.000 төгрөгөөр орон сууц худалдан авч, орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа бөгөөд Бат сардаа 500 мянган төгрөгийн цалин авдаг гэж үзэн эхний жилийн тооцоолол хийвэл:

1. Иргэн Батын жилийн орлого- 500.000×12=6.000.000 төг

2. Улсад төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл-  6.000.000×10%= 600.000 төг

3. Иргэн Батын татвар ногдох орлого нь 5.400.000 /6.000.000-600.000/

4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн-30.000.000 төгрөг

5. Чөлөөлөлт эдэлсний дараах татвар ногдох орлого- (24.600.000) /30.000.000-5400.000/

6. Хөнгөлөгдөх татварын дүн-84000 Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.1-д заасан

7. Тухайн онд төлсөн татварын дүн- 540.000-84000=456.000 төгрөг /5.400.000×10%/

8. Тухайн онд илүү төлсөн татварын дүн  – 456.000 төгрөг

9. Тухайн онд буцаан авах татварын дүн-456.000 төгрөг

10. Дараагийн жилийн татвар ноогдох орлогоос чөлөөлөгдөх дүн-24.600.000 төгрөг байна.

Батын дараа, дараагийн жилийн орлогоос шалтгаалан буцаан авах илүү төлөлтийн дүн өөр байж болно. Иймд татвар төлөгч иргэн тухайн жилд хэдэн төгрөгийн илүү төлөлттэй гарч баталгаажна, түүнийгээ буцаан авна гэж ойлгох хэрэгтэй.

Орон сууц худалдан авахтай холбоотой төрөл бүрийн мэдээллийг авахыг хүсвэл:

https://www.facebook.com/pages/Shine-Hayag

https://twitter.com/shine_hayag


URL:

Сэтгэгдэл бичих