“Энержи” “face”-тай “Шинхуа”-д Тавантолгойг өгөх ажиллагаа амжилттай хэрэгжлээ

b6e12e79-768f-4fef-84f4-4b88001ed7bfМонголчууд хүлээж эхэллээ. Юу хүлээж байгаа нь ойлгомжтой байх. Эдийн засаг сэргэхийг л хүлээж байгаа хэрэг. Эдийн засгаа сэргээхийн тулд “Шийдлийн” хэмээн Засгийн газар байгуулсан билээ.

Монгол улсын эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газраас бодлогын баримт бичгүүд гаргах, санаачилж УИХ-аар батлуулахаас эхлээд зохион байгуулалтаа сайжруулах гээд олон асуудал бий.

Мөн Оюутолгой, Тавантолгойгоо нэгийг нь гацаанаас, нөгөөг нь өр ширнээс гаргаж Монголдоо үр ашгийг нь ордог болгох үүрэг тэдний өмнө тавигдсан. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газраас “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг байгуулагдан уралдаант шалгаруулалтаа дүгнэлээ.

Энэхүү шалгаруулалтад “Чайна Шинхуа Энержи”, “Сумитомо” корпораци болон “Энержи Ресурс” ХХК-ийн консорциум шалгарсан ба тэдэнтэй ажлын хэсгийнхэн уулзсан.

Бүр 8 дугаар сард Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” Засгийн газар Тавантолгойн менежмент, хөрөнгө оруулалтын уралдаант шалгаруулалтыг зарлах үед л “Энержи ресурс” шалгарах тухай яригдаж эхэлсэн нь ийнхүү биелсэн. Гэхдээ шалгарагсдыг харахад манай “Энержи ресурс” нь “Шинхуа” группийн бидэнд харуулах зүгээр л “fase/ мэт.

Манай Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд нь Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллаж байна.

Уулзалтаар албан ёсны хэлэлцээрийг 2015 оны 1 дүгээр сарын 5-нд эхлүүлэхээр тохирч, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгдээд байна.

М.Энхсайханы тайлбарласнаар “Тавантолгой төсөл 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардана. Энэ утгаараа дэлхийн хэмжээний төсөл /мега/ болно. Шалгарсан хөрөнгө оруулагч нь Монгол, Хятад, Япон гэсэн 3 талын оролцоотой байгаа нь Тавантолгой төслийн үнэ цэнийг өсгөж байна” гэсэн.

“Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалтай гэсэн.

Мөн хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтож байгаа бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмыг дотроо багтаасан гэнэ.

Тэгвэл энэхүү шалгарсан консорциумд багтсан компаниудын хүч чадал хэр вэ.

“Чайна Шинхуа Энержи” групп нь хөрөнгийн үнэлгээгээр 60 тэрбум ам.долларын үнэтэй бол “Сумитомо” корпораци зах зээл дээр 13 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.

Харин манай “Энержи ресурс” компани 500 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа гэх. Эдгээр нь бүгд Хөрөнгийн биржид бүртгэлтэй. “Чайна Шинхуа Энержи” компани өөрийн төмөр замтай, борлуулалт хийх зах зээлтэй.

“Сумитомо” корпораци Ази, номхон далайн бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч бол “Энержи ресурс” нь 15 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцийг бариад байгаа.

Орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой гэсэн шалгуур байгаа. Өнгөн дээрээ “Энержи ресурс” 51 хувийн эзэн юм шиг ч харин мөнгө, техникийг нь Шинхуа гаргаж, борлуулалтыг нь Хятад, Япон хамтарч хийх нь.

Тэр бүү хэл тэд нүүрс олборлож борлуулахын тулд нэгэнт УИХ-аас батлагдсан тогтоолын дагуу Тавантолгой, Гашуунсухайтын нарийн царигтай төмөр замыг хурдан хугацаанд барих байх. Эндээс харахад мөнгө хөрөнгө гаргаж, борлуулалт хийсэн тал хөгжмөө захиалах нь зүйн хэрэг болох нь.

Тэгээд ч Хятадын “Шинхуа” компанитай 24 жилийн хугацаанд тэрбум тонн нүүрс нийлүүлэх санамж бичигт Н.Алтанхуягийн айлчлалын үеэр гарын үсэг зуралцсан.

Тиймээс ийнхүү Тавантолгойн шалгаруулалтад тэдний оролцсон консорциум шалгарсан хэрэг. Тавантолгойн нүүрсийг урагшаа зөөж гаргахад манай өмнөх Засгийн газрын бодлого чиглэгдэж байсан нь ийн ойлгомжтой хэрэг боллоо.

“Шийдлийн” хэмээх Засгийн газар “Шинхуа” нарын консорциумаас урьдчилсан төлбөр авч эдийн засгийг сэргээхдээ ашиглахаар болох нь ч ойлгомжтой байна.

Харин хариуд нь татварын хөнгөлөлт гэх мэт Монгол улсад ашиггүй асуудлуудыг гэрээндээ тусгах вий дээ. Оюутолгой шиг борлуулсан баялгийнх нь мөнгө Монголд эргэн орж ирэхгүй болчихвол яах бол.

Статистикаар зэсийн баяжмалын экспорт 60-70 хувь өсөөд байгаа ч Монголд мөнгө орж ирэхгүй байгаа. Тэгвэл нүүрс борлуулсан мөнгө нь Монголдоо орж ирэх л байгаа даа. Хэрвээ асуудал тиймд хүрэх юм бол Монголчууд хааш харж үхэх бол.

Мөн ард бидний 1072 хувьцаанаас эхлээд Монгол улсын эдийн засагт энэ төсөл юу өгөх бол гэдэг одоогоор асуултын тэмдэгтэй үлдэж байна.

Хамгийн тодорхой юм нь Монголын Тавантолгойн нүүрсийг “Шинхуа” группт 24 жил өгөхийн тулд Засгийн газар, УИХ Монголын төр энэ зун намаржин зүтгүүлсэн нь ийн тодорлоо.

Г.Самбаа

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих