Хамгийн залуу гишүүн ”Алтангадас”-аар шагнууллаа
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд төр засгаас олон хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, одон, медаль гардуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр УИХ-ын хамгийн залуу гишүүн О.Содбилэгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр үнэлж, Ц.Элбэгдоржийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм.
Өдгөө 35 настай О.Содбилэг гишүүн 2012 оны УИХ-ын сонгуульд төрж өссөн нутаг Эрдэнэт хотод өрсөлдөж, УИХ-д сонгогдсон. Тэрбээр МАН-д 2007 онд элссэн байна. Үүнээс өмнө идэр залуу байхаасаа МАН-ын дэргэдэх Оюутны холбооны удирдлагад ажиллаж, дараа нь Нийслэлийн оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан билээ. Тэрбээр хүүхэд байхаасаа нийгмийн идэвх зүтгэлтэй байсан нь өдгөө ч хамгийн залуу УИХ-ын гишүүн байхад нөлөөлсөн байж таарна. Залуу гишүүний хувьд гадаадын сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн төдийгүй ирээдүйтэй улстөрч болон төлөвшиж байгаа нь ажиглагддаг.
Тэрбээр Швейцари улсын Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд төгссөн бол 2002-2006 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийг дүүргэсэн өндөр боловсролтой нэгэн. Эдийн засгийн чиглэлээр УИХ дотроо л урдаа барих боловсролтой, мэдлэгтэй гишүүн юм. Англи, Орос, Герман хэлтэй. Түүнээс гадна эрхэм гишүүн спортоор хичээллэх сонирхолтой. Тэр ч битгий хэл Олон улсын уулын цанын нэгдүгээр зэрэгтэй.
Одоогоор Монгол ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол ардын намын бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа. УИХ-ын залуу гишүүд дундаа толгой цохих мэдлэгтэй, туршлагатай түүнийг төр засаг “Алтан гадас” одонгоор шагнасан нь нүдээ олсон шагнал болж гэж үнэлэхээр байна.
URL: