Хямд мах /Хошин өгүүллэг/

4854749137_simpsons_nelson_haha_1_xlargeХүнсний захаар орж мах авах гэтэл тэнгэрт хадсан үнийг сонсоод харвах шахав. Яаж шүү хямдхан мах авдаг билээ гэж толгойгоо гашилгаж зах дотор тэнүүчлэн явтал,

-Хямдхан үнэтэй, шинэ мах аваарай гэж хашгирах нь баярын совин татууллаа. Гэхдээ тэр худалдагч ганцаараа ингэж хашгирах нь нэг л “но”-той. Ямар ч мах байж мэднэ гэж сэжиглэн,

-Энэ мах ямар үнэтэй вэ? гэлээ.
-Хямдхаан хямдхан, килограмм нь мянган төгрөг гэдэг байгаа.

Өө за за энэ золиг чинь чоно нохой зооглосон амьтны мах хээрээс авчраад маньдаа хямдхан зарж байх нь золиг чинь гэж бодогдов.

-Наад мах чинь ийм хямд байгаа нэг л учиртай. Чи ер нь Хангайн амьтан зооглосон махнаас хишиг хүртээж байгаа юм биш биз? гээд түүн рүү сэжигтэй харцаар цоргиод үзлээ.
-Үгүй ээ ах минь, дөнгөж саяхан гаргасан шинэхэн мах! “Тийм байх аа мал таргалаагүй цагаар нядалгаа хийдэг монгол хаа ч байхгүй. Ямар нэгэн өвчтэй малын мах болж таарлаа” гэх хар сэтгэлд буув.

-Бусад нь хоёр мянга гэж байхад чи мянган төгрөг гэдэг чинь нэг л ноцтой байна даа! Яахаараа тэр билээ?
-Яалаа гэж дээ. Амттай чанартай шинэ мах. Мөнгө хэрэг гараад гэхэд нь “Худлаа даа, худлаа. Намайг юу ч мэдэхгүй мангар гэж басч байх шив. Тэгдэггүй юм аа хүү минь” гэсэн үг дотроос огшоод л гараад ирлээ шүү. Тэгснээ явах гэснээ болиод,

-За хө, чиний энэ маханд чинь эрүүл гэсэн бичиг байна уу? гэж нухацтайхан асуутал,
-Аа, шинжилгээний бичиг үү? Энэ байна гэж уриалгахан аргагүй гаргаж өглөө. “Бас үүгээр намайг аргалах нь гайгүй байлгүй. Хахуульдаж авсан хуурамч бичгээ өгч гэнэ ээ. Үүнд хууртдаг өгөр толгой би биш л дээ” гэж хөх инээд хүрсэн ч уураа барьж чадсангүй.

-За зальтан минь наад махаа ямар өвчтэйг нь шууд хэлчих! Хаанаас авчирсан мах вэ? гэж тулган шаардтал тэр муу над руу гайхан харж байна. “Энэ нөхөр чинь өвчтэй юм уу” гэж бодож байгаа нь илт. Түүний тэвчээр алдагдаж байгаа шинж илэрч байна шүү.
-Та юу яриад байгаа юм бэ? Эрүүл гэсэн бичиг үзээ биз дээ… гээд над руу хялайлаа. Тэгснээ:
-Энэ бол өөр хаа ч байхгүй хямд үнэ! Танд бол тэнгэрийн хишиг л гэсэн үг гэж байна.

-Аан за, ойлгомжтой! Тэнгэрийнх гээд байгааг бодоход наадах чинь шувууны ханиадтай махыг “Тэнгэрийн хишиг” гэж сайхан нэрлээд хулхилдаж байх нээ чи! гэвэл залуугийн тэвчээр бүрмөсөн алдагдав бололтой.
-Та зайлж үз! Та нарыг тэжээх гэж махаа хямдхан зарж байгаа юм. Авахгүй бол холд гэлээ шүү.

-Уухай хараач хөөе! Биднийг тэжээх гэж зардаг байх нь! гэж миний дуу ч өндөрслөө.
Тэгтэл нэг нөхөр миний хажууд шуртхийн ирээд, нөгөө хямдхан махыг чинь бөөндөж, бүгдийг нь аваад арилах нь тэр! Би дэмий л,

-Та минь ээ, энэ луйварчид хуйвалдаж өвчин тараах гэж байна гэж байдгаараа хашгирсан боловч захынхан эргэж төвөгшөөсөн харц чулуудсанаа тус тусынхаа наймаа арилжаа, мөнгө төгрөг рүүгээ эргэн харлаа.
Ингээд гэр лүүгээ буцаж гэлдрэхдээ: “Тэр сайхан хямд махыг алдчихлаа, өгөр тэнэг чинь!” гэж өөрийгөө зүхэж үглэж явлаа. Тэр орой авгайдаа толгойгоо эргэтэл загнуулж, мацаг барьж хоносон билээ.

Д.Самдан


URL:

Нэр: otgonbaatar nanden erdene Огноо: 16 December 2016

goy baisan

Сэтгэгдэл бичих