З.Батбаяр: “Алдах эрхгүй” гэдэг томъёолол Засгийн газрыг дүгнэх үзүүлэлт юм
МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяртай ярилцлаа.
-Парламентад суудалтай бүх нам засагт орсон ч дэд сайдын суудлыг хуваарилахаас эхлэн үл ойлголцол байх шиг.Түүнчлэн сөрөг хүчингүй болсноор аливаа асуудлыг эрчээрээ шийдээд явах нөхцөл бүрдсэн хэмээн олны ам тааруу байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
- Мэдээж Засгийн газар байгуулагдаж ажлаа эхлээд явж байхад монгол хүний амны бэлгээр амжилт хүсэх ёстой. Энэ засагт Монголын түүхэнд байтугай, дэлхийн түүхэнд ч ховор тохиолдохоор боломж олгогдсон. Өөрөөр хэлбэл, аливаа ажлыг хийхэд, үр дүн гаргахад улстөрийн дэмжлэг шаардлагатай байдаг бол, эсвэл улстөрийн дэмжлэг бүхнийг шийддэг бол байж болох хамгийн дээд хэмжээний улстөрийн дэмжлэгтэй, сөрөг хүчингүй улстөрийн хүчин бүрдлээ. Тиймээс алдах эрхгүй. Монгол Улсын түүхэнд хамгийн томоор УИХ-д 72 суудалтай МАХН /МАН/ Засгийн газраа байгуулан ажиллаж байсан бол одоо 73 хүний дэмжлэгтэйгээр байгуулагдсан урьд өмнө байгаагүй “Бүдүүн бүлэг” үүссэн. Дээр нь энэ УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд Монголын улстөрд сүүлийн 25 жил ажилласан хуучин хүмүүс байгаа. Тэдний яаж ажилладгийг ард түмэн харна, дүнгээ тавина. Засгийн газрыг бий болгож байгаа хүчин зүйлүүдээс харахад хүндрэлтэй асуудлууд байх шиг байна. Гэхдээ гол нь засагт хамтарч орсон үр дүнгээ гаргах ёстой. Байгуулагдаагүй байхдаа “Шийдлийн” гэж нэрлэсэн ч, дараа нь түүндээ хүрч чадах уу гэдэг чухал. Ерөнхий сайдын хэлсэн үгнүүдээс харахад, шууд ажил руугаа орж магадгүй чанарууд харагдаж байгаа. Гэхдээ болгоомжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, аливаа парламентаас гарах шийдвэр нь улстөрийн болоод хуульзүйн хувьд эсвэл нийгэм эдийн засгийн хувьд алдаатай байж болох аваас түүнийг нь сөрөг хүчин хэлж, анхааруулж засч явдаг. Тэгвэл энэ Засгийн газарт сөрөг хүчин байхгүй, тийм учраас алдах эрхгүй. Алдаад эхэлбэл, бидний байгуулах гэж зүтгэж ирсэн ардчилал, хөгжил гэж харж байсан зах зээлийн эдийн засагт, төр, засгийг удирдах арга зам гэж харж явсан өнөөгийн сонгуулийн систем, улстөрийн намууд, энэ бүгдэд эргэлзэх сэтгэл төрж, эргээд сайн сайхан байсан гэж нэрлэгддэг тэр нийгмээ санагалзах байдал үүснэ. Жишээ нь, социализмын үед баян хүн байгаагүй ч ядуу хүн байгаагүй гэж байна. Гэтэл өнөөдөр шийдвэр болгон нь алдаатай болоод явчихаж мэдэх ийм л Засгийн газар болж байгаа учраас бүх улстөрийн нам, улстөрчид, Монгол Улсын төлөө санаа зовж байгаа хүмүүс бүгд анхаарал тавьж, сонор сэрэмжтэй байх ёстой. Тиймээс шинэ Засгийн газарт амжилт хүсэхийн зэрэгцээ алхам бүрийг нь анхааралтай харж байна. Алдах эрхгүй гэж Засгийн газрыг тодорхойлоод байгаа энэ үзүүлэлт эцэстээ тэднийг дүгнэх үзүүлэлт болно.
-“Сүүдрийн” Засгийн газар байгуулахаа мэдэгдсэн парламентад суудалгүй намууд хүчтэй сөрөг хүчин байж чадах болов уу?
-Аливаа улстөрийн хүчин, ялангуяа Европын улстөрийн туршлагыг харахад “Сүүдрийн” Засгийн газрыг амжилттай ажиллуулж чадсан байдаг. Манай улсын хувьд нэгд, ямар нэгэн “Сүүдрийн” Засгийн газрын туршлага байхгүй. Хоёрт, “Сүүдрийн” гэж нэрлэгдээд байгаа эсвэл тэр субьектийн хүмүүсийн байр суурийг хүргэх индэр алга байгаа нөхцөлд түүнээс их юм хүлээж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж найдахад хэцүү. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, парламентад “Сүүдрийн” Засгийн газар ажиллаж байж үр дүнд хүрнэ. Дэлхийн жишиг ийм байгаа. Тэгэхээр парламентын гаднах “Сүүдрийн” Засгийн газар тэр болгон амжилтад хүрч чадахгүй. Гуравт, “Сүүдрийн” Засгийн газрыг амжилттай байгуулж чадвал, түүнийг бүрдүүлсэн улстөрийн нам нь дор хаяж засгийн эрхэнд ажиллаж байсан туршлагатай байж өөр Засгийн газарт үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой байдаг. Тэгвэл одоо ийм зүйл сэдэж, ярьж байгаа намуудад туршлага алга. Гэхдээ хяналт тавих гэсэн оролдлогыг бид ардчилал гэдэг утгаар дэмжих ёстой. Засгийн газарт ч гэсэн хэдий чинээ олонхийн дэмжлэгийг хүлээнэ, хэдий чинээ “Бүдүүн бүлэг”-тэй байна төдий чинээ бусдын үгийг сонсдог байх ёстой. Тэгж байж Засгийн газрын үйл ажиллагааг үр дүнд хүргэх баталгаа үүснэ. Тэгэхээр Засгийн газар яаж ажиллахыг зөвхөн Ерөнхий сайдын үгнээс дүгнэлт хийх боломжгүй. Сайд нарын зүгээс ч тодорхой хэмжээний ажил хэргийн алхмууд хийгээгүй байна. Ерөнхий сайдын зүгээс ямартай ч хоёр яамны байрыг суллалаа. Яармагт эмнэлэг байгуулахаар боллоо гээд эхэлж байгааг миний хувьд зүйтэй алхам гэж хүлээж авч байгаа. Гэхдээ эдийн засгийн хямралыг арилгах нь чухал уу, эсвэл эмнэлэг барих чухал уу. Засгийн газар зорилгоо тодорхойлохдоо нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэсэн. Тэгвэл эхний гурван шийдвэр нь л лав эдийн засагтай холбоотой байсангүй. Би зүүний чиглэлийн социалдемократ үзэл баримтлалтай хүний хувьд яамны байрыг эмнэлэг болгосных нь төлөө, Яармагийн эмнэлгийг ажилд оруулсны төлөө, хүмүүсийн ажлын байрыг цөөлж, хэмнэлт гаргасных нь төлөө баяр хүргэмээр байгаа ч нийгэм, эдийн засгийн хямралыг арилгахын төлөө гараа ч хөдөлгөөгүй сууж байгаад шүүмжлэлтэй хандана.
-Засагт багтсан намууд хоорондоо толхилцоод байх шиг. Тухайлбал, З.Баянсэлэнгэ гишүүн саяхан “МАН болон МАНАН-г хүсэмжлэгчид манай намын суудлыг цөөлөх гэж өнгөлзлөө” гэж хэвлэлд ярьсан?
-Улстөрийн намуудын зорилого, мөрийн хөтөлбөр өөр, түүнийгээ хэрэгжүүлэх арга, хүрэх зам нь ч мөн өөр. Тухайлбал, манай намын мөрийн хөтөлбөрт шударга ёсны асуудал бий. Хэлмэгдлийг зогсооё гэж ярьж байгаа. Тиймээс Хууль зүйн яамыг авъя гэж ярих нь зөв. Оюутолгой, Тавантолгойг 100 хувь ард түмний мэдэлд өгье гэж мөрийн хөтөлбөртөө тусгасны хувьд уул уурхайн асуудалд бид оролцох ёстой гэсэн санал тавих нь зүйтэй. Гэтэл өөр намууд, тухайлбал МАН-ын хувьд, жишээ нь Оюутолгойг зөв гэж үзэж байгаа бол тэнд ажиллах нь зөв үү. Ажиллалаа гэхэд ямар өнцөөс асуудлыг тавих вэ. Ийм асуудлаар өөрийн чинь асуусанчлан толхилцооны асуудал байх нь зохисгүй зүйл биш. Хамгийн гол нь энэ толхилцоон нь ажлын садаа, эсвэл дайсагналцал болж болохгүй. Улстөрйиг зөв ойлгох юм бол улс орныг удирдах арга барилын маргааны талбар. Тэгэхээр тэр маргаан л явагдаж байгаа гэж ойлгож болно. Харамсалтай нь өнөөгийн улстөрийн намуудын үндсэн зорилго нь засгийн эрх авах болчихсон. Энд ганцхан МАН-ыг хэлж байгаа юм биш, энэ МАНАН гэдэг бүлэглэл төрийн эрхэнд гарчихаар бүх юм сайхан болчих асуудал гарч ирж байгаа юм. Бид олон талаас ярьсан. Ганц жишээ хэлэхэд, МАНАН-г дангаар нь бий болгохүйн тулд ядаж Засгийн газар дотроо цөөнх байсан ч гэсэн үгээ хэлээд явъя гэдэг байдлаар МАХН засагт орсон. Хэрэв бидний МАНАН гэж нэрлэдэг хоёр том намын нам дамжсан бүлэглэлүүдийн гарт улс орны хувь заяаг өгөх юм бол юу болдогийг цаг хугацаа харуулсан. Энэ Засгийн газар тэгэхгүй байх гэж найдаж байна. Тийм асуудал болох юм бол МАХН засагт байгаа гишүүдээ татахаар барахгүй улстөрийн тэмцэл эхлүүлнэ. Түүний тодорхой жишээ, индикатр нь Оюутолгойн гэрээг өөрчлөх, хувийг багасгах, зарах асуудал яригдвал байр сууриа илэрхийлж хүчтэй дуугарна. Мөн Үндсэн хуулийн асуудал байгаа.
-Тухайлбал?
-Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэх ёстой гэх юм уу, шинэ хуулийн тухай ярья гэдэг үгээр далимдуулж өнөөдрийн тогтолцоог өөрчлөх үйл ажиллагаа явагдаж болзошгүй. Тэгэхээр олон улсын жигшээс ишилж, монголчилж хэлэхэд гар тормостой гэх юм уу, тухайлбал яг ийм тохиолдлууд болвол бид эвслээс гарна шүү гэсэн нөхцөлтэйгээр засагт орж ажилладаг тохиолдлууд байдаг. Жишээлбэл, ХБНГУ-ын Засгийн газрыг бүрдүүлж байгаа Социал Демократ нам нь нийгмийн халамжийг бууруулж эхэлбэл засгаас гарна гэсэн нөхцөлтэйгээр ажилладаг. Түүнтэй адил МАХН ч гэсэн тодорхой болзлуудтайгаар, тэр нь манай намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасан асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө засагт эвссэн. Үүний эсрэг бодлогууд хэрэгжих юм бол шууд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэсэн нөхцөлтэйгээр орсон гэж ойлгож болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: