Банкны шимтгэлийг хууль бус гэж үзлээ
Манайд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэлийг суутгадаг. Энэ нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шимтгэл авахаа зогсоох хугацаат шаардлагыг өнгөрсөн зургадугаар сард хүргүүлсэн байдаг. Гэвч арилжааны банкууд ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүйгээс асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм.
Уг маргааны анхан шатны шүүх хурал энэ сарын 23-нд болж арилжааны банкууд нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингэснээр арилжааны банкууд сүүлийн гурван жилд иргэдэд олгосон зээлийн шимтгэлийг буцааж олгохоор болж байгаа юм. Арилжааны банкуудад мөрддөг журмаар нэг тэрбум төгрөгийн зээл олговол нэг хувь буюу 10 сая төгрөгийн шимтгэл асч байгаа. Харин хоёр тэрбум төгрөгийн зээл авбал 20 сая төгрөгийг суутгаж буй. Гэвч нэг болон хоёр тэрбумын зээл олгоход зээлийн шимтгэл нь үйл ажиллагааны зардал мөн юм бол адилхан байх ёстой гээд ШӨХТГ-аас шүүхэд өгсөн билээ. Хэрвээ арилжааны банкууд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд давж заалдах боломжтой юм.
С.ГАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: