Садар самуун сурталчилсан баарнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

12-24-15_700x700

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагууд шинэ жилийн баярыг зөв зохистой тэмдэглэж өнгөрүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Хэд хоногийн өмнө цахим ертөнцөөр “I loft” бааранд насанд хүрээгүй хүүхдүүдийг цуглуулж садар самуун сурталчилсан шоу зохион байгуулсан мэдээлэл тарсан. Үүнийг холбогдох байгууллагууд шалгаж үзэхэд ЕБС-ийн хүүхдүүдийг цахим ертөнцөөр уриалж тасалбар тарааж байжээ. Энэ талаар Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Өнгөрсөн амралтын өдөр 500 орчим хүүхэд гуравдугаар хороололд байрлах “Mass” гэдэг байрны гадна цугларсан байсан. Тэдэнд шинэ жилийн үдэшлэг зохион байгуулна гэж арван мянган төгрөг авчихаад хоёр ч газар руу явуулсан байсан. Биднийг 22:00 цагийн үед очиход дандаа насанд хүрээгүй хүүхдүүд цугларчихсан яахаа мэдэхгүй байцгаасан. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй” гэсэн юм. Мөн “Turbo”,  “Leaders” зэрэг томоохон баар цэнгээний газрууд хууль бус арга хэмжээ зохион байгуулж байжээ.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Хөхөө “Эцэг эхчүүд шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэж хүүхэддээ анхаарал тавихгүй байна. Хараа хяналт сул байгаагаас насанд хүрээгүй хүүхдүүд садар самуун сурталчилсан шоу цэнгээн зохион байгуулж байна” гэсэн юм.  Хүүхдүүд шоу цэнгээнийг хэн хаанаас зохион байгуулж байгааг нь мэдэхгүй байж зарын дагуу утсаар холбогдож тасалбар авч байжээ. Дээрх хэргийг Баянгол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Тиймээс насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж буй арга хэмжээнд хяналт тавих, хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102, 108, 107 утсуудад мэдэгдэх, зам хөндлөн гарч буй хүүхдүүдэд туслан зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхжүүлэх,шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх, ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэхийг дээрх байгууллагуудаас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих