Улстөрчид, намууд иргэдийн итгэлийг бүрмөсөн алджээ

Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Сант марал” сангийнхан өнгөрсөн сарын эхэнд нэгэн улс төрийн судалгаа явуулжээ. Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, санхүүжилтийн арга хэлбэр, түүнийг боловсронгуй болгоход олон нийтийн санаа бодлыг тандах зорилготой уг судалгааг нийслэл болон Говь-Алтай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн 1200 өрхөөс авсан байна.

Судалгааг өнгөрсөн сарын 1-нээс 17-ны өдөр авсан нь Засгийн газар солигдох үетэй таарсан учир нэлээд сонирхолтой үр дүн гарсан гэж үзэж буй юм. 18-аас дээш насны иргэдээс санамсаргүй түүврийн болон ганцаарчилсан ярилцлага хийж авсан судалгааны дүнг сонирхвол иргэд улстөрчид болон намуудад бүрмөсөн итгэхээ больсон хэмээх дүгнэлтэд хүрч болохоор байгаа юм.

“УИХ-ын гишүүд шийдвэр гаргахдаа сонгогчдын бус явцуу эрх ашгаа эхэнд тавьдаг уу” гэсэн асуултад иргэдийн 51,9 хувь нь тийм гэж хариулжээ. Өнөөгийн УИХ улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэж чадахгүй гэж 52,9 хувь нь үзсэн бол ардчиллыг сулруулж байгааг 34,2 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.

“Улс төрчид дэндүү их цаг хугацаа, идэвхи зүтгэлийг мөнгө олоход зарцуулж байна” гэсэн агуулгад иргэдийн 45,2 хувь нь бүрэн санал нийлж байна гэдэг хариултыг дугуйлжээ. Судалгаанд оролцогчдын олонх намуудын одоогийн санхүүжилтийн тогтолцоо нь шударга ёсонд огт нийцэхгүй байна гээд намуудын сонгуулийн үеийн санхүүжилтийг төсвийн мөнгөнөөс буюу иргэдийн татварын мөнгөнөөс олгохыг бүрэн дэмжихгүй гэдэгт олуулаа санал нэгджээ.

Энэхүү судалгаатай холбоотойгоор та өмнөх УИХ-ын сонгуульд саналаа өгсөн үү гэдэгт 90 орчим хувь нь “Тийм” гэж хариулсан нь бодит дүнтэй жаахан зөрчилдөж буй юм. Магадгүй иргэд сонгууль өгөөгүй байсан ч өгсөн гэж хариулдаг учраас ийм үр дүн гарсан байх гэж судалгааны багийнхан үзэж байна.

Та улс төрийн аль намыг онцолж үздэг вэ гэсэн асуултад 31,1 хувь нь МАН, 54 хувь нь АН, 12,9 нь МАХН, 1,4 нь ИЗНН гэж хариулсан ажээ. Харин та аль намын гишүүн бэ гэдэгт 39,8 нь МАН, 45,2 нь АН, 12,2 нь МАХН-ыг тэмдэглэсэн байна. Энэхүү судалгааны талаар дэлгэрэнгүйг www.polit.mn цахим хуудаснаас үзээрэй.

Ө.Сонор

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих